МИК иргэдийн зээлийг ашиглаж “мөнгө угааж” байна уу?
Бид малынхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдтэй өрсөлдөж байна. Сайхан мэдээ шүү. Гэвч их малтай байгаад хэрэг алга. Уг нь их малтай бол махны үнэ хямд л баймаар. Гэтэл дэлхийд хамгийн үнэтэй махыг Монголчууд л худалдан авч, хүнсэндээ хэрэглэж байна. Малчин болоод “махчин” хоёрын хооронд шууд худалдаа хийгддэг байсан бол хямд үнийг тогтоож болно. Гэвч шууд худалдааны голд “ченж” гэгч эрхэм хавчуулагдаж, тэднээс хөрөнгө, мөнгө босгодог юм.
Иймээс л бид дэлхийд хамгийн өндөр өртөгтэй махыг хүнсэндээ хэрэглэж, махны ченжүүд дундаас нь унагасан мөнгөөр аж амьдралаа цогцлоож байна.
Тэгвэл яг ийм ченжийн үйл ажиллагаа явуулдаг төрийн оролцоо бүхий нэг байгууллага барилга, орон сууцны салбарт үйл ажиллагаа явуулж, дундаас нь хөрөнгө, мөнгө “тоншиж” байна. Энэ бол МИК буюу Монгол ипотекийн корпораци гэх байгууллага юм. Махны ченжүүд нэг кг тутмаас 50-100 төгрөгийн ашиг олдог бол МИК “ченж”-ийн үйл ажиллагаа явуулснаар жилдээ тэрбум, тэрбумын ашиг хүртдэг байх юм. Тэднийг хардах үндэслэл цөөнгүй байна.
Тухайлбал, “МИК өнгөрсөн жил 30 тэрбум төгрөгий цэвэр ашигтай ажилласан бол 2014 онд 12 тэрбум төгрөгийг цэвэр ашигтай ажиллажээ” гэх мэдээлэл интернетэд тавигджээ. Юу хийдэг байгууллага болохоороо хямралтай үед ингэж ашигтай ажиллаад байна вэ гэж гайхаж магадгүй. Тэгвэл би ч бас ингэж гайхаад л дараах мэдээллийг бэлтгэлээ. Монгол Улсад эдийн засгийн хямрал гэгч нүүрлэж, байгууллага аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах нь битгий хэлж, хаалга үүдээ барих дээрээ тулаад байгаа. Харин МИК эсрэгээрээ олон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.
Тэгвэл МИК яг ямар ажил хийдэг вэ түүнийг тодруулья.
Монголын Ипотекийн Корпорацийн үндсэн зорилт нь: “Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог бий болгох үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслэлүүдийг ашиглан дотоод, гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжин хөгжүүлэхэд оршино” хэмээн бичиж.
Энгийнээр тайлбарлахад Иргэн миний өмч болох банкнаас найман хувийн хүүтэй зээлж авсан орон сууцыг бусад иргэдийн өмчтэй багцалж, үнэт цаас болгоод гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргаж хөрөнгө мөнгө босгож түүгээрээ банкуудыг буцааж санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно.
Ийм үйл ажиллагааг буюу ипотекийг санхүүжүүлэх зорилго бүхий байгууллага олон оронд байдаг байна. Түүний дагуу Монголд ч бас МИК гэх компанийг Монголын банкуудын удирдлагууд нэгдэн байгуулжээ.
Уг нь иргэд шууд барилгын компаниас орон сууцаа авчихдаг бол хямд өртөгтэй байхсан. Гэвч иргэдэд бэлэн мөнгө байхгүй учраас банкнаас зээл авч л таараа. Харин банканд хүссэн болгонд орон сууцны зээл олгох чадамж байгүй. Тиймээс өмнө нь зээл авсан иргэдийнхээ материалыг багцалж, ипотекийн санхүүжилт олон зорилго бүхий байгууллагад өгч дараагийн зээл хүсэгчиддээ өгөх санхүүжилтийг босгодог байна. Олон улсад ийм жишгээр ипотекийн зээл явагдаж байгаа.
Гэтэл манайд орон сууцны зээл хүсэгч, санхүүжилт олгогч банк, Орон сууц санхүүжилтын корпораци, Монголын ипотекийн корпораци, Монгол банк, Засгийн газар гээд л хэт олон тоглогч оролцдогоос л асуудал үүсчихээд байна. Ер нь аливаа үйл ажиллагаанд олон нугалаа орж байна гэдэг нь л ченжүүдийг хөлжих боломжийг бүрдүүлээд байх шиг.
Дэлхийн улс орнуудын жишгээр ажиллаж байгаа бол дэлхийн жишгээ л дагаж, зээл хүсэгчид үзүүлэх дарамтыг л багасгах л ёстой баймаар. Гэтэл манайд нэг жиг үүргийн олон байгууллага ажиллаж, иргэдийг орон сууцны зээлээр хангах нэрээр дундаас нь жил бүр тэрбум тэрбумын цэвэр ашиг хүртээд л сууж байх юм.
Тэгвэл бидэнд ашиггүй хэрнээ өөрсдөө асар их ашигтай ажиллаж буй МИК цаашид хэрэгтэй юу?
Банкуудад санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ тэр нь зээл хүсэгчдэд хамааралтай асуудал биш л баймаар. Төрөөс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бол төр л хөрөнгө мөнгө босгоё. МИК нэртэй арилжааны банкуудын удирдлагуудаас бүрдсэн байгууллагын шаардлага алга. Төв банк бэлэн мөнгө хэвлэлээ гэх мэдээлэл цацагдсаар байгаа.
Монголын ипотекийн систем зургийн эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Энэ чинь МИК ажлаа хийж чадахгүй байгаа учраас л төв банк мөнгө хэвлэж, арилжааны банкуудыг санхүүжүүлсэн гэж ойлгохоос аргагүйд хүргээд байна. Гэтэл байгууллагдсан цагаасаа хойш өндөр ашигтай ажилласаар л байсан байх юм. Миний, таны, бидний өмчийг гадны хэн нэгэнд барьцаалж, МИК-ийн удирдлагууд өөрсдийн банкуудаа санхүүжүүлж болох уу. Хуулинд үүнийг чинь мөнгө угаах гэмт хэрэг гээд маш тодорхой тайлбарлачихсан байгаа шүү дээ.
URL: