Шинжааны террористуудад зэвсэг нийлүүлсэн гэх хэргийн мөрөөр
“Дэд консул А.Баярсайхан хууль бус үйлдэл хийж байгаад баривчлагдлаа” /medee.nuudel.mn/, “Эрээн хотод суух дэд консул улсын хилээр их хэмжээний галт зэвсгийг албаны машинаар нэвтрүүлжээ” /undesten.mn/, “Монголын консулууд шинжааны террорист бүлэглэлүүдэд зэвсэг наймаалдаг байжээ” /today.mn/, “Зэвсэг тээвэрлэсэн консул А.Баярсайханыг ажлаас нь халлаа” /newsmongolia.mn/ гэхчилэн гарчгууд хөврөн, их дуулиан үүссэн билээ.
Today.mn-ий Х.Маргад:
“БНХАУ-ын Эрээн хотноо МУ-ыг төлөөлөн суух консулууд Шинжаан Уйгарын террористуудад зэвсэг нийлүүлж байсан нь тогтоогджээ.
Саяхан МУ-аас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан өөрийн албаны машиндаа 200 ширхэг сум, гар бууны хамтаар нууж хил нэвтрэх гэж байгаад гааль дээр баригдсан хар мөртэй хэрэг гарсан.
Тэгвэл уг сэжмийн дагуу БНХАУ-аас мөрдлөг явуулахад тус улсын Эрээн хотноо байрлах Монгол улсын ЭСЯ-ны консул, дэд консул зэрэг өндөр албан тушаалтнуудын албаны машиныг шалгахгүй нэвтрүүлдгийг ашиглан их хэмжээний буу зэвсэг оруулан ирж, Шинжаан-Уйгарын террорист бүлгэмүүдэд хууль бус зэвсгийн наймаа хийдэг байсан нь тогтоогдсон байна.
Улмаар яг одоо Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр Монголын консулууд хууль бусаар зэвсэг оруулж ирэн, Шинжаан Уйгарын террорист бүлгэмүүдэд зэвсэг наймаалж байсан нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл явуулж байна гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ” гэж бичжээ.
Today.mn-д саяхан: “Шинээр Эрээнд томилогдсон консул Золзаяаг хүлээж авалгүй, зочид буудалд олон хонуулж байсан. ГХЯ-ны ТНБД Д.Ганхуягийн гар хөл, хамаатан садан, багш шавиар МУ-ын Хятад дахь элчин төлөөлөгчийн газрууд дүүрсэн. Хайлаарт төрсөн дүү, Эрээн, Хөх хотод ах дүү, амраг садан нь эрх мэдэл ихтэй. Хятад дахь энэхүү хамсаатнуудаараа дамжуулан машины наймааны том сүлжээ үүсгэсэн. “Хятадын хил хяналтын байгууллага А.Баярсайханы авч явсан буу сумыг илрүүлсэн, бид албан тушаалаас нь буулгаж, тухайн байгууллагад нь шилжүүлсэн, хуулийн байгууллага цаашид асуудлыг шийдвэрлэх байх” гэсэн хариуг ГХЯ-ны ажилтан өглөө” гэх зэргээр бичжээ.
Mgltuurgatan.com-д “Дэд консул А.Баярсайхан ТЕГ-аас томилогдсон”, olloo.mn-д “Эрээнд дандаа тагнуулд ажиллаж байсан хүнийг томилдог. Консул Золзаяа бас тагнуулд ажиллаж байсан, консулын газрын олон хүнийг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Үе үеийн консулууд бүгд албан тушаалаа буруу ашиглаж, улсын хөрөнгийг идэж ууж байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлэв” гэжээ.
Миний өмнө дорхи нэгэн өргөдөл байна. Уншигч та бүхэнд толилуулъя:
“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах
Шудрага шүүх ТББ болон бусад
шудрага бүхний төлөө тэмцэгч ТББ-уудад хандаж
Уриалга гаргах нь:
Монгол улсын өнөөгийн цаг байдал, иргэдийн амьдрал улам бүр уруудан доройтож байгаа үед зарим Яам, агентлаг, Төрийн байгууллагууд ажилтан ажилчдаа хомроголон халж эхлэж байна. Гэхдээ нам, эвсэл, фракци, нутаг нуга, ах дүү хамаатан садан, найз нөхдийн хүрээнд нугалаа гарган хүмүүсийг хэлмэгдүүлэн сольж, ажлын чадамжгүй, боловсролгүй, ухамсаргүй, ноён нуруу – төрийн ажил хийх жудаггүй хүмүүс шургалан орж, улс эх орны нэр төр, дипломат ёсны хууль зөрчсөн үйл явдлууд ар араасаа давтагдан гарч байгаа Гадаад харилцааны яамыг онцгойлон авч үзэцгээе!
Төрийн томилгоо буруу хийгдэж, улсаа бодох сэтгэлгүй арчаагүй сэтгэлтнүүдээр дүүргэж байгаа хүмүүс удирдаж байгаатай холбоотой юм. ГХЯ-ны 80%-ийг нутаг ус, ах дүү, хамаатан, найз нөхдийн аалзны тор эзэлж, удирдлага зохион байгуулалт – ур чадварын дархлаа алдагдаж сульдаатай, идээ бээр – авилгалын сүлжээнд зохион байгуулалттайгаар орж ялзралд автагдан улс эх орны нэр хүндийг уландаа гишгэж – үнэнчээр ажлаа хийж яваа хүмүүсийг хоморголон халж, элдэв дарамт шахалт үзүүлэн, хувийн компани мэтээр ханддаг Элчин сайдын яам, Консулын газрууд олон болжээ.
Үүний нэг жишээ нь, урд хөрш дахь консулын газрууд юм. Удаа дараагийн зөрчил, гэмт хэрэг, кондорбант, визний наймаа, муруйтай тоглоом, зэвсгийн наймааг дипломатууд хийж байгаа нь Г.Х. Яамны ялзрал – удирдлагын авилга хээл хахуулд идэгдэн явуулсан, томилсон хүмүүсийн арчаагүй бодлого, шийдвэрийн гай болж илэрч байна.
Үүрэгт ажлаа алдаа дутагдалгүй хийж байсан хүмүүсийг хоморголон халж, дуудаж, мэдэгдэл өгөх замаар эргүүлэн татах дарамт үзүүлж авилга авч-өгөлцдөг нь нэгэнт тодорхой болж бүр ханш тогтсоныг ГХЯ-ныхны дотроо нэгэнт журам болгожээ. Харин үнэнч шудрага ажиллаж авилга өгөөгүй ажилтнуудаа татаж, халах үзэгдэл он гарсаар 56 орчим болж ихэнх хүмүүс шүүхээр заргалдаж үнэн мөнөө тогтоолгон ажилдаа эргэж орох гэсэн боловч нэгэнт хожимдож ажлын байрыг нь “Ховдчууд” эзэлсэн тул ажилгүй байсан хугацааны цалингаа буруутан этгээдээр биш – Улсыг хохироож нөхөн төлүүлээд өнгөрч дээшээ тэнгэр хол – доошоо газар хатуу болж, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж эхлэлээ.
Ийм л үед иргэний хөдөлгөөн гэх ТББ-ууд арай дуугүй байж болохгүй болов уу? Мөн сонин, сэтгүүл – хэвлэлийнхэн хаалтын гэрээгүйгээр ил тод үнэн -шудрагын дуу хоолой болмоор байна.
Та бүхний
-Үнэний төлөө
-Шудрага ёсны төлөө
тэмцэх бартаатай
зам гэгээн байг!
амжилт хүсье!
Монгол улсын
ГХЯ-ны Гадаадад суугаа
ЭСЯ КГ-ын ажилтнуудын төлөөлөл.
2015 – 11 – 30.
Улаанбаатар хот”
Манай дипломатууд тамхинаас хар тамхи, хар тамхинаас зэвсгийн наймаа руу, контрабандчидаас мафи, мафиас террорист бүлэгтэй хамтран ажиллах руу шилжин, сүүлдээ бүр гадаад улсад цаазаар авахуулж магадгүй байдалд ороод байгаа нь манай гадаад харилцаа ямар хэмжээний сүйрэл мөхөл, уналт илжрэлд хүрснийг тодхон харуулна. Бүр социализмын үеэс дипломатууд арилжаа наймаанд донтон, тухайн цагийнхаа тансаг баячууд нь болж байсан бол, түүнээс хойш ерөөс дипломат гэдэг чинь халдашгүй эрхтэй ганзагын наймаачин, дамын наймаачин л юм биш үү гэсэн ойлголт хавтгайрсан. Ямар сайндаа бүх наймаачиндаа дипломат паспорт олгоё, бүх иргэндээ дипломат паспорт олгож наймаачин болгоё гэсэн асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байсан байхав дээ.
Дипломат хүн контрабанд буюу хил дамнасан хууль бус наймаа хийх нь төлөөлж буй улс орныхоо нэр хүндийг гутаасан давхар давхар хүнд гэмт хэрэг юм гэдгийг ойлгох амьтан ч манайд ховор болсон янзтай.
Консул Мурат Эрээний консулын газар ажилладаг эхнэр, эхнэрийн дүүгийн хамт оргон зугтсан, дэд консул А.Баярсайхан зэвсгийн хэргээсээ болж Хятадын цагдаагийн газар саатуулагдсан, ажилтан, А.Муратын найзын хүргэн Х.Нарангэрэл гэнэт учир битүүлгээр Монгол руу явчихсан үе 2015 оны 8-р сарын 6-нд тохиож Эрээний консулын газар эзгүйрч, саатуулагдсан А.Баярсайхан дээр ч нууцаар бичиг сачиг аваачин гарын үсэг зуруулж байжээ. 45 гадаадын иргэн гомдол гаргасан байна. Монголын дипломат алба ийм байдалд хүрч болох уу?
Мэдээлэл сайтай хүмүүс “Төрийн тэргүүнээс эхтэй гэж үзэж байгаа аалзны торон сүлжээний нэгээхэн хэсгийг та бүхэнд танилцуулъя. Өөрөөр хэлбэл, Хятадтай хамаатай л хэсэг нь юм. Зөвлөх нь байсан Л.Пүрэвсүрэн сайд ГХЯ-ыг тэргүүлснээр Монголын гадаад харилцаа нэг хүнийхнээр дүүрсэн” гэв. Сүлжээний талаархи дорхи мэдээллийг учир мэдэх эх сурвалж өгсөн юм:
Гадаад хэргийн яамны сайд Пүрэвсүрэн
ТНБ дарга Ганхуяг нарын
нэхэж буй ААЛЗНЫ ТОР
(“ХОВД”-ынхоны)
Ерөнхийлөгч (Ховд)
ГХЯ-ны сайд (Ер-ийн тавьсан хүн.)
ГХЯ-ны ТНБД (Ховд) Д.Ганхуяг
Гадаад ХЯамандах сүлжээ
-Бодлого – төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин (Ховд )
-Консулын Газрын захирал Б.Болд ( Ховд )
… гэх мэт 80 % -ийн ( Ховд )
Хайлаарын консулд
-ТНБД-ын төрсөн дүү
консул Д.Ганболд (Ховд )
-дэд консул Өнөрмөнх (Ховд )
-атташе … (Ховд)
- жолооч … (Ховд)
Эрээний консулд
-Мурат (ТНБД-ын ганц найз, оргон зайлсан)
-дэд консул Баярсайхан (Ховдын хүргэн, буу гаргасан, одоо ажиллаж л байгаа)
-визний ажилтан Нарангэрэл (Ховд – эрүү үүсгэгдсэн)
-Касс Кульзадаа (Маратын эхнэр, оргон зайлсан)
-хашаач (Маратын эхнэрийн дүү, оргон зугтаасан)
-жолооч Дагвадорж (Ховд)
Хөх хотын консул
-Бямбадорж (Ховд)
-Байгаль (Найзын дүү)
-Дэд К…-хамаатан (Ховд)
-жолооч … (найз)
Шанхайн Консул
-Даваасүрэн (Ховд)
-Эхнэр (Ховд)
Бээжингийн ЭСЯ.
Консулын газар
-Ховдоор дүүрсэн.
Харин энэ сүлжээний халхавч болгон, Баян-Өлгийн уугуул Аукетайн Муратыг Эрээний консулаар томилжээ. 1963 онд төрсөн тэр Тюменьд хүнсний инженер мэргэжил эзэмшиж, “Хонхор”, “Хотгор” компаниудын захирал байснаа, гаальд томилогдож, УИХ-ын гишүүн болж, “Уул уурхайн тэргүүний ажилтан” цолоор шагнуулж явсан мундаг “дипломат”.
А.Муратыг 2014.4.1-нд 15 мянга 520 юаний (4 сая 800 мянга гаруй төгрөг) үндсэн цалинтайгаар консулын ажилд томилж, төрийн алба хаасан хугацааны 15 хувийн, онцгой нөхцлийн 10 хувийн нэмэгдэл олгоно, харин эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг 566 мянган төгрөгийн цалинтай гэж тооцон авна гэсэн тушаал гарчээ.
2014.10.23-ны байдлаар Эрээний консулын газар 5 ажилтантай байв. Консул А.Мурат, дэд консул Ж.Баатарчулуун, АА-н эрхлэгч-жолооч Ж.Дагвадорж, техник ажилтан Л.Сүхбаатар, Ц.Буянбадрах гэж. Л.Сүхбаатарыг үндэслэлгүйгээр “ажиллах хүч хангалттай” гээд хүлээж авахгүй байна. Ингэхээр дөрвөн ажилтантай гэсэн үг.
Гэтэл эхнэр С.Күлзадагаа нярвын ажилд авчээ. Эхнэрийн дүү Сатан овогт Сапарбекийг цэцэрлэгчийн ажилд 3500 юаний (1 сая 800 мянга гаруй төгрөг) цалинтайгаар ажилд авчээ. Нярав С.Күлзадагийн эзгүйд Сапарбек нярав хийдэг байж гэнэ. Найзын хүргэн Х.Нарангэрэлийг мөн ажилд авсан. Тагнуулд байсан А.Баярсайхан дэд консул гэж ирсэн.
Консул Мурат өөрөө машин, виз наймаалдаг, мөрийтэй тоглодог, өдөр шөнөгүй архидан согтуурдаг байсан гэж Эрээнийхэн ярьдаг. Эхнэр, эхнэрийн дүүгийн хамт Казахстан руу оргон зайлсан нь, визний наймаа нь үйлдэл дээрээ илчлэгдсэнээс болсон гэх албан ёсны тайлбартай ч, мафийнханд мөрийтэй тоглоомны асар их хэмжээний өртэй болсноос үүдсэн гэх албан бус тайлбар бас бий.
Наад зах нь визний хураамж 10 юань атал 100 юань хурааж, зөрүүг нь авдаг байсан гэдэг.
Энэ бол Монголын хулгайч феодал нийгмийн бүх салбарт нийтлэг байдаг дүр зураг юм.
Ч.Мөнхбаяр
MMXV. XII.XXI
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бид ч хол ойрын хөршүүдийнхээ өмнө нүдний булай болж дуусах нь, ичиг ичиг. Төрийнхөн нь ийм байхад хувийнхан нь хулгай худлаар амьдрах бол юу ч биш юм байна. Хэзээ ухаан сууж соёлжицгоох юм бол доо…