Цагаан хоол ухаан саруул болгож урт наслуулдаг
Өнөөдөр “ДҮЙЧЭН” өдөр. Хаврын дунд сарын билгийн тооллын 30, аргын тооллын 2016.04.07-ны өдөр, пүрэв гараг.
Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.
Билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчихийг уриалж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Цагаан, ногоон хоолыг түлхүү хэрэглэснээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна.
Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.
Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.
Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй юм шүү.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ
URL: