АН-ын дотоод зөрчил З.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах уу
Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэж УИХ-ын хаврын ээлжит чуулган үүдээ нээлээ. Энэ чуулган энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой юм.
Товчоор хэлбэл энэ хэдхэн сарын хугацаанд л багтаж дуусгаагүй ажлаа дуусгаж, баталж амжаагүй хуулиа батлах болно. Мөн энэ өдрүүдэд л улстөрчид өөрсдөдөө нэмэх оноо “зулгаах” олон арван үйл явдлыг оройлон удирдах учиртай. Тиймээс өнгөрсөн сонгуулиар сонгогдсон 76 гишүүдэд дүнгээ тавих цаг хором хоромоор ойртсоор л байна. Энэ өдрүүдэд хүн бүр л нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа байх.
Тэгвэл үүнээс урьтаж “ангийн дарга”-даа ангийн хамт олон нь дүнг нь тавих бололтой. Өчигдөр УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийсний дараагаар сөрөг хүчин болох МАН-ынхан хэвлэлийн бага хурал зарлаж З.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөхөө мэдэгдэв. Гэхдээ тэд хэзээ, яаж гэдгээ олонд ил болгосонгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболдыг олон, олон хууль зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь хугацаанаас нь өмнө огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих юм байна. Одоогоор гишүүд уг хуулийн төсөлд гарын үсэг зурж байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлсэн юм.
Эрх баригч хүчний тэргүүнийг суудлаас нь “авч хаях” болсон шалтгаан нь цөмийн хог хаягдлыг үүссэн улс оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсонтой нь холбоотой аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсон даруйдаа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан, УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан, Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарласан, Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн, Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдсон гэх зэрэг олон шаардлагуудыг дурджээ. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болжээ.
Цагийн сайханд З.Энхболд АН-ын гишүүд төдийгүй сөрөг хүчнийхээ хүндэтгэлийг хүлээсэн “шазруун” улстөрч байлаа. Аливаад зоригтой, шулуун шударга ханддаг, огт хий гаргаддаггүй түүнээс намынхан нь төдийгөө олон улстөрчид эмээж байв. Эмээгээд ч зогсохгүй жинхэнээсээ айдаг байлаа. Түүний шүүмжлэлч үнэтэй цэнэтэй бас аймаар байлаа. Гэтэл өнөөдөр тэр УИХ-ын дарга, намын дарга болсон цагаасаа хойш олон ч удаа хууль зөрчлөө. Түүгээр ч барихгүй тэрбээр гишүүдийн үгэнд тайлбар хэлж даргын микрофоноос ашигладаг зэрэг нь иргэдэд ч төдийгүй хүний өөрийн гэлтгүй бүх гишүүдэд таалагдахаа больсон нь үнэн. Огцруулах шаардлагууд бүгд үнэн. Нэг ч хүн өөдөөс нь худлаа гэсэн хариуг өгч чадахгүй биз. Үнэхээр түүний зарлаж хуралдуулсан ээлжит бус чуулган бүр асуудалтай болдог. Тэр эхлээ сонгуулийн хуулийг өөрчилсөн, дараа нь авилгчдыг өршөөсөн, дараа нь хөрөнгө мөнгөө нуун дарагдуулсан олигархуудыг өршөөсөн. Хамгийн сүүлд гэхэд л Цэцийн даргыг хууль бусаар хугацаанаас нь өмнө хүч түрж чөлөөлөв. Ингээд үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр адаг сүүлд нь монголчууд төдийгүй улстөрчдийн хамгийн эмзэг ханддаг сэдвүүдийн нэг болох цөмийн асуудлыг хэлэлцүүлэхээр зүтгэлээ. Тиймээс байдал буруугаар эргэвэл тэр тэсч үлдэхгүй л байх.
МАН бол сөрөг хүчин. Тиймээс тэд аль болохгүй бүтэхгүй болгоныг өлгөн авч шүүмжилэх нь тодорхой. Бүр болохгүй бол огцруулах нь тэдний хувьд хамгийн зөв сонголт бөгөөд баатарлаг ялалт байх учиртай. Харин Их Хурлын даргын хувь заяаг хэлэлцүүлэхэд АН-ын дотоод хагаралдаан асуудлыг шийдэж магадгүй юм. З.Энхболд нам дотроо өнгөрсөн хугацаанд хэтэрхий их дайсан “төрүүллээ”. Аажмаар асуудлыг гартаа авч, гишүүдээ “базах” гэсэн түүний оролдлогыг эсрэг фракцийнхан нь ихээхэн эсэргүүцэж байна. Тэр ч утгаараа түүнийг муухай харагдуулах бүхий л зүйлийг хийж гүйцэтгэж байна. Тиймээс түүнийг улс төрийн золиос болгож УИХ-ын даргаас нь огцруулах явдал өрсөлдөгч фракциудад нь хамгийн хэрэгтэй зүйл юм. АН-ынхан ямар сураагүй биш. Н.Алтанхуягийг өөдөөс нь харж сууж байгаад л огцруулж байсан. Тиймээс намын даргаа огцруулах кнопыг дарах эсвэл ямар нэгэн шалтаг шалтгаанаар хурлаасаа бултаж З.Энхболдыгоо хөөдөх вий дээ. МАН-ын бүх гишүүд огцруулах кноп дарах нь тодорхой. Харин үүн дээр нэмэгдээд намын даргаараа тоглуулсан МАХН-ынхан найман З.Энхболдыг эсрэг кнопыг дарах байх. Сөүлд байгаа дарга нь ч тийм заавар өгөх бололтой. Ингээд үлдсэн таван саналын эрх АН-аас гарахгүй гэхгүй газаргүй шүү дээ.
Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харах л үлдлээ.
Г.Ган
URL: