Путинофоб (Putinophobia) эрчимтэй явагдав
Путиныг гүтгэн харлуулж, хүмүүсийн дургүйцэл айдас зэмлэлийг төрүүлэн үзэн ядуулах зориудын ажиллагаа буюу – Путинофоб (Putinophobia) эрчимтэй явагдав.
Үүнийгээ офшор хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг Панамын “Mossack Fonseka” фирмийн мэдээллийн сангаас ICIJ (Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн олон улсын консорциум) 11 сая ноцтой баримт илрүүлсэн дуулианыг ашиглан овжин сүйхээтэй хийж амжлаа.
Путины зургийг тэргүүн нүүрэндээ тавьж, түүний нуусан 2 тэрбум доллар нь илчлэгдсэн мэтээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал сүлжээгээр шуугисан ба тэднийг Их британий BBC, Guardian мэт томоохон мэдээллийн агентууд тэргүүлэн гүтгэлэг явуулав.
Гэвч үнэн хэрэгтээ эдгээр илчлэгдсэн материалууд дотор Путинтэй шууд холбоотой ямар ч баримт факт байхгүй байгаа бөгөөд зөвхөн “түүний найз нар” гэж нэрлээд байгаа хүмүүст холбогдох асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгчид ийнхүү бүдүүлгээр нялзаасан байна.
Мөн тэдгээр 11 сая баримтаас сонгон “одоогоор ил болгоод” байгаа материалууд дотор АНУ болон барууны жинхэнэ шилдэг оффшорчин том акулуудын нэр байхгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Английн элчин сайд асан, хараат бус нийтлэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч Craig John Murray өөрийн вебдээ:
“…Та нар юу хүсэж хүлээгээ вэ? Наад “International Consortium of Investigative Journalists” (Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн олон улсын консорциум) гэж өөрсдөдөө агуу нэр өгсөн байгууллага чинь АНУ-ын CPI-гаар зохион байгуулагдаж санхүүждэг бөгөөд харин тэр байгууллага нь
Фордын сан
Карнегийн өглөгийн байгууллага
Рокфеллерын гэр бүлийн сан
W K Kellogg-ийн сан
Соросын Нээлттэй Нийгэм сан
зэрэг жинхэнэ хэргийн эзэн -”нөгөөдүүлээс” санхүүждэг. Иймээс барууны капитализмын жинхэнэ үүр уурхайг илчилнэ гэж горьдон хүлээх хэрэггүй, Барууны корпорациудын бохир нууц нийтлэгдээгүй хэвээр байх болно…”
гэх мэтээр бичжээ.
Мөн тэрээр: “…Mossack Fonseca-гийн гол харилцагч – Барууны том корпорациуд, барууны тэрбумтнуудын баримтуудыг ил гаргалгүй, тэдний эрх ашигт нийцүүлэн мэдээллийг шүүлтүүрдэж байгаа энэ явдлаас үмхий ханхлаад байна. Зөвхөн зориудаар сонгон авсан Орос, Сири, Иран гэх мэт улсуудын асуудалд төвлөрч, мөн Исланд зэрэг барууны ядруухан жижиг орныг “золиослох” байдлаар уг илчлэлт явагдаж байгаа. Ялангуяа Оросыг онилох нь юуны учир вэ? Оросын тэр хөрөнгө мөнгө бол Mossack Fonseca-гаар дамжуулан далдлан нууцалсан асар их мөнгөний тун өчүүхэн хэсэг шүү дээ!” хэмээжээ.
Факт баримтаас зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй хэсгийг сугалан авч, тодруулж товойлгон тархи угаадаг ажиллагаа ийнхүү үргэлжилсээр байна.
Дашрамд дурдахад, Русофоб (Russophobia) буюу Оросыг л бүх муу муухайн үүр мэт гүтгэн гүжирдэж, оросуудаас айн жигших үзлийг дэлгэрүүлэх, тэднийг үзэн ядуулах ажиллагаа байнга явагдсаар ирсэн.
Фобиа- φόβος грек үг (phóbos) гэдэг нь айдас, зэвүүцэл гэсэн утгатай бөгөөд орчин үед уг нэр томъёог аливаа “товойлгон давсалсан” ухуулгаар олон нийтийг айдас, дургүйцэл, зэмлэл, үзэн ядалт, гадуурхалтанд турхирдаг сэтгэлзүйн хэрэгсэл, үзэл суртлыг нэрлэхэд хэрэглэдэг болсон байна.
Solongo Chuluunbaatar
DMNN
URL: