Мьянмарын Ерөнхийлөгч лам болж, сүмд шавилан суулаа

92930Мьянмар улсын экс Ерөнхийлөгч Тейн Сейн толгойгоо хусуулж буддын лам болох ёслол үйлдэж, сүмд шавилан суусан талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Ламын ёслол 4-р сарын 4-нд болсон бөгөөд үүнээс 4 хоногийн өмнө Тейн Сейн өөрийн залгамжлагч Тхин Чжод бүх эрх мэдлээ хүлээлгэн өгчээ.

“Тейн Сейн зөвхөн 5 өдөр “Dhamma Dipati” сүмд өнгөрөөнө” гэж Мьянмарын Мэдээллийн яам мэдээллээ. Экс Ерөнхийлөгч Сейн өмнө нь лам болох хүслийнхээ талаар огт ярьж байгаагүй аж. Гэхдээ энэ улсын иргэдийн хувьд түр зуур сүмд шавилан суух нь хэвийн үзэгдэл. Мьянмарын хүн амын 89% нь буддын шашныг шүтдэг билээ.

1988 оноос хойш Мьянмар улс дандаа цэргийн эсвэл цэргийнхэнтэй холбоотой Ерөнхийлөгчтэй байсан. Харин 3 сарын 30-нд Мьянмарын анхны иргэний (цэрэг армийн биш) Ерөнхийлөгч Тхин Чжо тангарагаа өргөсөн юм. Тхин Чжо бол “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын гишүүн.

1962 онд тухайн үед Бирм гэж нэрлэгдэж байсан Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийсэн. 1974-1988 онд энэ улсад 5 Ерөнхийлөгч солигдсон ч бүгд цэрэг армитай холбоотой байсан билээ. 1988 онд Ерөнхийлөгч Маунг Маунг ард иргэдийн бослого, хөдөлгөөнийг зохицуулж чадалгүй дахиад цэргийнхэнд эрх мэдлээ өгсөн. Харин 2015 оны намар Нобелийн шагналт Аун Сан Су Жигээр удирдуулсан “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын сонгуульд ялснаар шинэ Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон юм.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих