Хэлгүй охин /өгүүллэг/
Хайр хүн чанараас эхэлдэг
Нэмэхээ Нарантуул захаас уруудаад Шөнийн зах руу эргэдэг уулзвараар огцом хурдтай давхиж гарч ирэхдээ хэн нэгэн зам хөндлөн гарч явж болох юм шүү гэж огтхон ч тооцсонгүй. Учир нь цаг шөнийн гурван цаг өнгөрч байлаа. Зуны шөнө байсан бол сарны гэрэл орчин тойрныг гэрэлтүүлэх байсан нь дамжиггүй. Гэвч арван нэгэн сар хэдийнээ гарч, жавар тачигнасан өвлийн шөнө гадаа түнэр харанхуй. Манай нийслэл хот бол дэлхийн хамгийн харанхуй хотуудын нэг шүү дээ.
Яг Сандэй Плазаг өнгөрөөд цагт жаран километрийн хурдтай давхиж явсан Нэмэхээгийн машины урдуур нэг юм сүүмэлзэх шиг боллоо. Энэ зуурт түүний толгойд хамгийн түрүүнд би хүн дайрах нь гэсэн бодол орж ирэхтэй зэрэгцэн тэр жолоогоо зүүн тийш нь огцом дарж, тоормосоо тултал нь гишгэлээ. Хэрвээ Нэмэхээгийн жижиг япон тэрэгний оронд жийп. Тэр дундаа дугуйг нь өндөрлөсөн жийп байсан бол ийм огцом эргэлт, хүчтэй тоормос хоёрыг тэсэлгүй өдийд аль хэзээний дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байх байлаа. Харин долоо найман жил машин жолоодсон туршлагатай Нэмэхээ хүн дайрахгүйн тулд жолоогоо яг л формула нэгийн тамирчин шиг аль байдгаар нь огцом эргүүлж, бас тоормосоо амжиж гишгэсэн нь түүнийг хүн амины хэрэгт орохоос сэргийлж чаджээ. Дээр нь Нэмэхээ машинаа спорт болгон тоноглож, спорт зуны дугуйтай явсан нь. Бас харуй бүрий тасарч байхад хаялж эхэлснээ шөнө дөлөөр малгайлан орж эхэлсэн нойтон цас зам дээр мөстөж хөлдсөн зэрэг нь жолооч, явган зорчигч хоёрыг хэн хэнийг нь амьд үлдэх завшаан олгосон хэрэг. Нэмэхээгийн тоёота чэйзер машин дрифтчин залуусын машин шиг мөстөж хөлдсөн зам дээр хажуу бөөрөөрөө хоёр гурав эргээд замын хашлага золтой л мөргөчихөлгүй зогссон юм. Тэр яаран сандран машинаасаа бууж ирэхэд замын эсрэг талд түнэр харанхуй дунд нэг хүн зогсч байх шиг харагдлаа. Зүрх нь түгшиж булгилсан Нэмэхээ Хөөе чи амьд уу. Нааш ир хэмээн хашгирсан боловч өнөөх хүн ямар ч хариу өгсөнгүй. Бас өчүүхэн төдий хөдлөлгүй зогссоор байв.
Ямар сонин юм бэ. Машинд дайруулчихаад босоогоороо ингээд хөдөлгөөнгүй зогсоод байна гэж баймааргүй юм хэмээн гайхсан Нэмэхээ яахаа мэдэхгүй хэсэг зогссоны эцэст ухаан сийлж, машиндаа буцаж орж суугаад хаалгаа хаалаа. Тэгээд түлхүүрээ эргүүлж машинаа асаагаад монгол жолооч нар подгор хэмээн нэрлэдэг манангийн гэрлээ ажиллууллаа.
Хорь орчим насны, дээр үеийн загвартай урт нэхий дээл өмсч, гартаа тортой юм барьсан, үсээ ардаа боосон, толгой нүцгэн бүсгүй өөрийнх нь зүг айсан шинжтэй ширтэн зогсоно. Хүн дайрах шахсандаа цочирдож, бантсан залуу зориг муутайхан машинаасаа буун бүсгүйг зүглэлээ. Бүсгүй залуу руу ширтсэн хэвээр.
- Чи зүгээр үү. Машинд шүргүүлээгүй биз дээ. Бие хаа чинь бүрэн бүтэн үү найзаа
Бүсгүй таг дуугүй залуу руу гөлөрсөн хэвээр. Хөөрхий бүсгүй ингэтэл шоконд орсон юм гэж үү. Арга ч үгүй биз дээ. Жаран километрийн хурдтай гарч ирсэн машинд дайруулангаа алдсан хүн сэтгэл зүйн гүн цочролд орохоос ч яахав.
- Намайг ёстой уучлаарай. Миний буруу. Чи зүгээр үү найзаа
Нэмэхээ энэ удаад бүсгүйн хоёр мөрөөр гараараа тэврээд түүнийг өөр лүүгээ ойртуулангаа ингэж асуулаа. Харин бүсгүй таг дуугүй зогссон хэвээр. Нэмэхээ өөрийн эрхгүй мэдрэл нь зүгээр л байгаа даа. Арай саяын явдлаас болоод сэтгэл мэдрэл нь муудчихаж байгаа юм биш биз дээ гэж бодоод аваар хийх шахсанаасаа илүүтэйгээр зүрх сэтгэл нь түгшлээ. Тэр бүсгүйн толгойг хоёр гараараа тэвэрч өөрийнхөө нүд рүү цэх харуулаад
- Би чамаас юм асуугаад байна шүү дээ. Дуугар л даа. Чи зүгээр үү. Бие чинь зүгээр биз дээ хэмээн бараг хашгичих шахам асуулаа. Хариуд нь бүсгүй эрхий долоовор хоёр хуруугаараа ямар нэгэн үл ойлгогдох хөдөлгөөн хийж харууллаа.
Нэмэхээ гайхсан гэж жигтэйхэн. Үгүй ээ байз. Энэ бүсгүй чинь яг яагаад байна аа хэмээн гайхсан тэрээр
- Юу гэнэ ээ. Би сайн ойлгохгүй байна. Чи зүгээр үү найзаа хэмээн дахин чангаар асуулаа
Бүсгүй хариуд нь өнөөх хөдөлгөөнөө дахин хийлээ. Харин ялгаатай нь энэ удаад тэрээр Нэмэхээ рүү сэтгэлд таатай инээмсэглэлээр инээсэн юм. Энэ бол Нэмэхээгийн хохирогч болох шахсан хөөрхий бүсгүй түүнд хар муу санаагүйн илрэл байлаа.
Бүсгүйг хэлгүй юм байна гэдгийг мэдмэгцээ Нэмэхээгийн өр зүрх нь өөрийн эрхгүй шархиран өвдлөө. Энэ муу ядарсан бүсгүйг би сая дайрчихаж болох байсан шүү дээ гэж бодохоос өөрийгөө буруутгах мэдрэмж маш хүчтэйгээр түүний сэтгэлийг зовоож байв. Ингээд залуу толгойгоо салаавчлан явган хүний зам дээр хоёр хөл дээрээ явган суулаа.
Би сая юу хийчихэв ээ. Ер нь юу хийх гэж байсан хүн бэ. Яах гэж пиво уучихаад машин барив аа. Хүн алах нь байна шүү дээ гэсэн есөн жорын өөрийгөө буруутгасан сөрөг бодлууд толгойд нь эргэлдэнэ. Зарим хүн гэнэтийн буруу муу үйлдэл хийчихээд тэр даруйдаа төдийлөн цочролд орохгүй байж байгаад хийсэн үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг үзээд хараад эхлэнгүүтээ жинхнээсээ цочролд ордог талтай аж. Нэмэхээгийн оюун ухаан яг энэ зарчмаар ажиллаж байв.
Зам дээр толгойгоо салаавчлан явган суусан залуугийн даарч бээвийсэн гаранд дөнгөж сая үстэй бээлийн дотроос сугарсан эмэгтэй хүний дулаахан гар хүрэхэд Нэмэхээ сая нэг өөрийгөө харааж зүхсэн сөрөг бодлуудаасаа ангижран тэр халуун дулаан гарны эзэн рүү толгой өнгийлгөн харлаа.
Өргөн шанаа. Шонхор хамар. Давхраатай бор нүд. Том дух. Бас бадман хэлбэрийн уруул. Товчхон хэлэхэд Сувдаа бол эр хүний анхаарлыг татвал татахаар царай зүс муугүй бүсгүй. Өшөө цаашлахын бол мөрөө давсан урт хар үс. Гэхдээ тэр орчин цагийн хээнцэр охид шиг үсээ хэзээ ч задгай тавьдаггүй. Эсрэгээрээ хуучин цагийн хүмүүжилтэй охид бүсгүйчүүд шиг үсээ үргэлж мөлчийтөл нь самнаад ардаа боодог. Тэрнийг гундуухан харагдуулдаг ганц зүйл нь ээжийнх нь залуу наснаас өвлөж ирсэн, өвдгөө давсан урт хормойтой, хуучны нэхий дээл. Тэр төрөлхийн хэлгүй. Гэсэн ч тэр бол сэтгэлийн хаттай. Амьдралын төлөө тэмүүлэх өрнүүн их тэмүүлэлтэй бүсгүй юм.
Энэ үдэш Нэмэхээ Сувдааг гэрт нь хүргэж өглөө. Тэдний гэр нь нэгдүгээр хороололд хуучны гурван өрөө байранд байдаг. Аав ээж, дүүтэйгээ. Бас эмээтэйгээ тавуулаа амьдардаг. Үүн дээр мопс үүлдэрийн бяцхан нохойг нэмэх хэрэгтэй. Аав нь хөлгүй, тэргэнцэртэй. Ээж нь харин их сургуульд багшилдаг гэх намбалаг, ануухан эмэгтэй. Дүү нь энэ жил аравдугаар ангиа төгсөж байгаа эгчээсээ өндөр, гозгор банди. Харин эмээ гэж ёстой л өдөр хоногоо хүлээж байгаа болов уу гэмээр хэвтэрийн хөгшин.
Сувдаагийн ээжийн будаатай цайг идэх гээд хүлээж суухдаа ч гэсэн Нэмэхээгийн зүрх түгшсэн хэвээр байлаа. Тэр одоо болтол нэг л тайвширч чадахгүй байв. Харин Сувдаа эелдэгээр инээмсэглэн Нэмэхээ рүү нэг харж, ээж рүүгээ нэг харж хэлгүй хүний дохио зангаагаар ямар нэгэн зүйлийг ярилцана. Энэ байдлыг харсан Нэмэхээ улам ихээр түгшихийн зэрэгцээ өөрийгөө буруутгаж. Бас Сувдааг өрөвдөж суулаа.
Буйдан дээр зэрэгцэж суугаад ээжийн гарын хоолыг идэж байхдаа Сувдаа сонингийн булан дээр харандаагаар өөрийнхөө нэрийг Намайг Сувдаа гэдэг хэмээн бичиж өглөө. Хариуд нь Нэмэхээ зөрүүлээд сонингийн булан дээр Намайг Нэмэхбаяр гэдэг хэмээн бичих гэснээ нээрээ энэ бүсгүй чинь хэлгүй болохоос дүлий биш шүү дээ гэж бодоод өөрийнхөө нэрийг хэлээд өөрийн мэдэлгүй рефлексээрээ гараа сунгалаа. Сувдаа тэрнийг шоолж инээснээ Нэмэхээгийн гарыг хоёр гараараа чанга гэгч нь атгаад сэтгэлд дотно инээмсэглэлээр инээсэн юм.
Хоолоо идэж дуусаад Сувдаа түүнийг гарнаас нь хөтлөн өөрийнхөө өрөөнд дагуулан орж дэлгэсэн номны хэмжээтэй жижигхэн самбар маркертай цуг гаргаж ирээд Би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний багшийн ангийг өнгөрсөн хавар төгссөн. Одоо нэг сургалтын төвд нарийн бичиг хийдэг хэмээн бичиж өглөө. Нэмэхээ хариуд нь самбар дээр юу гэж бичихээ мэдэхгүй хий дэмий л шилээ маажлаа. Сувдаа түүнийг харж хөгжилтэйгээр инээснээ самбар дээр Хоёулаа өнөөдрөөс эхлээд найзууд боллоо шүү. Чи надад утасны дугаар. Бас ID-гаа өгөөрэй гэж бичлээ.
Энгийн даруухан амьдралтай энэ айл яагаад ч юм Нэмэхээд их л таалагдсан юм. Ээжийн эелдэг ааш. Бас Сувдаагийн сэтгэлд дулаахан инээмсэглэл. Эрхиэ эргүүлэн орон дээр хэвтэх хөгшин эмээ. Тэргэнцэр дээр суугаад сонин унших аав. Үүр цайхын алдад Нэмэхээ эднийхээс гарч явлаа. Түүнийг орцны үүдэнд гараад дээшээ харахад Сувдаа галын өрөөний цонхон дээрээ өнөөх л сэтгэлд дулаахан инээмсэглэлээрээ инээгээд зогсч байв.
Нэмэхээ гэртээ ирж хувцсаа сольчихоод ажил дээрээ ирээд уламжлал ёсоор мессенжэртээ ортол Сувдаа түүнийг аль хэзээний өөр дээрээ нэмээд бүртгэчихжээ.
- Чи намайг дайрах шахсандаа айсан уу. Зөндөө их айсан байх аа тээ. Чи манайд очсон хойноо ч айсан хэвээрээ байсан тийм ээ
- Чи ямар гярхай ажиглаа вэ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оюуны мэдрэмж нь их өндөр хөгжсөн байдаг гэдгийг сонсож дуулаагүй юм уу
- Ххх. Тийм үү. Би одоо л бага зэрэг тайвширч байна. Ингэхэд чи хэр зэрэг айсан бэ. Намайг хоёр гурав ахиж юм асуухад ерөөсөө дуугарахгүй айсан харцаар ширтээд зогсоод байсан
- Би айсан ч гэсэн айдсаа ялаад сурчихсан юм. Миний үзэж туулсан амьдрал намайг сэтгэлийн хаттай болгосон
- Ххх тийм үү. Би чамайг өнөө орой ажлаас чинь тосч гэрт чинь хүргэж өгөх үү
- Чи ээж, эмээ хоёрт их таалагдсан байна лээ. Чамайг аягүй даруухан, төлөв төвшин залуу гэж байна лээ
- Чи гэрийнхэндээ болсон явдлын талаар ярьсан уу
- Чи ямар аймхай юм бэ. Айдсаа ялж сур л даа
- Айдсыг яаж ялдаг юм бэ. Чи надад заагаад өг л дөө
- Айдсыг хүнээр заалгаж ялж сурдаггүй юм аа тэнэгхэн минь. Зовлон их үзсэн хүн айдсаа даван туулж сурдаг юм. Би орой наймаас тарна. Тосвол тосоорой. Харин хурдаа тохируулж явахаа мартваа
Энэ өдрийн туршид Нэмэхээ ажил дээрээ Сувдааг бодож өнжлөө. Тэрний яаж айсан нүдээр бүлтэлзэн харж байсан нь. Дараа нь агшин зуурын дотор айдсаа яаж даван туулж байгаа. Тэгээд газар толгойгоо салаавчлан суусан өөрийг нь хэл ойлголцохгүй мөртлөө дохиж зангасаар байгаад яаж аргадаж, тайвшруулж чадсан. Өөрийг нь шоолж хөгжилтэйгээр инээж байсан. Бас ямар дур булаам сэтгэлд дотно инээмсэглэлээр инээдэг нь өдрийн туршид Нэмэхээгийн сэтгэл дотор дүрслэгдээд болж өгсөнгүй. Ингээд тэр англи хэл гадарладгийн хэрэг юу сан билээ өөрийн эрхгүй гадаадын нэг сайтаас хэлгүй хүмүүсийн хоорондоо ярьдаг дохионы хэл яаж сурах талаар хичээл хайж олоод. Ажил тарахын алдад түүнийгээ хуулж авсан байна. Тэгээд Сувдааг тосохоор ажлаасаа гарлаа. Гарахдаа хоёр гурван ширхэг бичгийн цагаан цаас балтай хамт авч өвөртөө хийсэн байна.
Нэгэнт Нэмэхээ дохионы хэл ойлгохгүй болохоор Сувдаатай бичгээр харилцахаас өөр арга байсангүй. Тэр Сувдааг ажлынх нь гадаа хүлээж байгаад гарч ирэнгүүт нь цаасан дээр бичсэн Би чамайг өнөө орой болзоонд урьж байна. Хамтдаа оройн хоолонд орвол чи зөвшөөрөх үү гэсэн бичгээ гарт нь атгууллаа. Бас болоогүй хойноос нь түрүүхэн ажил дээрээ сургуулилсан Миний буруу байсан гэсэн утгатай хөдөлгөөнийг эв хав муутайхан хийж харуулсан байна. Сувдаа түүний энэ байдлыг хараад шоолж хөхөрч байснаа бичгийг нь уншингуутаа өнөөх л эелдэг, дур булаам инээмсэглэлээрээ инээгээд зөвшөөрч байгаагийн тэмдэг болгож толгой дохилоо. Ингээд Нэмэхээгийн машинд суугаад замын бөглөөн дунд түгжирч явах зууртаа энэ хоёр гар утсан дээрээ мессэж бичилцэж явлаа.
- Айдсаа ялаад сурчихсан гэл үү. Би нэг айхаараа хэсэгтээ л айдаг хүн байгаа юм
- Айдсыг ялах биш ээ залуу минь. Айдастайгаа тэмцэлдэх хэрэгтэй. Хэчнээн айж байсан ч гэсэн зоригтой байх хэрэгтэй
- Чи ч мундаг бүсгүй юм аа. Хоёулаа хаана ямар хоолонд орох уу. Чи ямар хоолонд дуртай вэ
- Би ээжийнхээ будаатай цайнд дуртай. Гэхдээ өнөөдрийн хувьд би чиний авч өгсөн хоолыг чинь л идье
Энэ үдэш Нэмэхээ Сувдаатай хамт хоол идэж, дарс шимж, орчлонгийн элдэв зүйлийг утасны мессэж, бал цаасны тусламжтайгаар хамж шимэн ярилцаж суухдаа түүнд чин сэтгэлээсээ дурласан юм. Хэлгүй л болохоос биш ямар ч эр хүний анхаарлыг татам царайлаг. Бас өөрийн гэсэн донж маягтай энэ бүсгүй Нэмэхээд таалагдахын зэрэгцээ түүний өрөвч зөөлөн зан чанарыг ихэд хөдөлгөжээ. Энэ цагаас эхэлж тэр Сувдааг маш ихээр өрөвдөж, хайрладаг боллоо. Нэмэхээгийн хайр бол түүний хүн чанар, чин сэтгэл дотроос нь ургаж гарсан хайр болохоос орчин үеийн хөнгөн хийсвэр залуусынх шиг хоосон шохоорхол, хуял тачаал дээрээс үүдсэн болчимгүй хайр биш байлаа. Тэр Сувдааг орой болгон гэрт нь хүргэж өгдөг боллоо. Тэд өдөржингөө ажил дээрээ хоорондоо чааталж, орой нь Сувдаагийн ээжийн гарын хоолыг идэцгээж, цагийг үргэлж хамтдаа өнгөрүүлэх болов.
Сувдаатай танилцаад илүү ч үгүй дутуу ч үгүй сарын хугацаа өнгөрсний дараа Нэмэхээ түүнд хайраа илчлэхээр шийдлээ. Тэгээд тэр аль сарын өмнөөс шамдан суралцаж эхэлсэн дохионы хэлээр хэрхэн ярьж сурах тухай интернэтийн хичээл дээрээс Би чамд хайртай гэхийг хуруу гараараа яаж үзүүлдэг болохыг бүхэл өдрийн турш ахин дахин уйгагүй оролдсоны эцэст арай гэж нэг юм сурч авлаа. Ингээд цэцгийн дэлгүүрээр орж улаан сарнай боолголоо. Бас өөрөөсөө харамлан цааш нь хурааж байсан банкны хадгаламжнаасаа багагүй хэмжээний мөнгө бэлнээр аваад Мөнгөн Завьяаг зүглэв. Алт мөнгөний лангуунууд дээгүүр бараг цаг гаруй явсны эцэст голдоо ягаан өнгийн гялалзсан шигтгээтэй алтан бөгжийг сонголоо. Энэ бөгж тэрний минь хуруунд таарах болов уу хэмээн санаа нь зовсондоо хажууд нь ээмэг үзээд зогсч байсан Сувдаатай ойролцоо насны нэгэн бүсгүйн хуруунд өнөөх алтан бөгжөө гуйж байгаад зүүж, тааруулж үзсэн гээч. Тэр бүсгүйн хуруунууд нь Сувдаагийнхтай ойролцоо хэмжээтэй юм шиг Нэмэхээд санагдсан учраас тэр шүү дээ.
Бүх бэлтгэлээ базааж дууссаны дараа цагаа хартал Сувдаагийн ажлаа тарах цаг хүртэл бүтэн хоёр цагийн зай байлаа. Хий дэмий л гиюүрэн Мөнгөн Завьяа дотуур эргэлдэж байтал утас нь дуугарч түүн рүү хамгийн сайн найзууд болох Доржоо, Тулгаа хоёр залгав. Энэ гурав эхлээд нэг цэцэрлэгт. Дараа нь нэг арван жилд хамт суралцаж байсан амьдралын дотно найзууд. Хоёр найзынхаа хоолойг утасны цаанаас сонсоод сэтгэл нь хөдөлсөн Нэмэхээ Сувдааг ажлаа тарах хүртэл муусайн найзуудтайгаа уулзаж найз бүсгүйтэй болж байгаагаа гайхуулан ярья гэж өөрийн эрхгүй бодлоо. Гэвч түүнийг хэцүүхэн уулзалт хүлээж байгааг тэр мэдсэнгүй.
- Хмм. Очиж очиж хэлгүй хүүхэнтэй юу даа. Миний найзын толгой ч бүр хамуурч гүйцжээ
- Хэлгүй ч гэсэн ямар үзэсгэлэнтэй. Бас ямар сайхан сэтгэлтэйг нь та хоёр уулзаж, ярилцаж үзээгүй болохоороо мэдэхгүй байна л даа
- За боль доо анд минь. Тэр сэтгэл мэтгэл ямар хамаа байна аа. Орчин цагийн бидний үеийн залуус бүгдээрээ л сайхан байр, сайн машинтай яаж болох уу. Дээр нь гайгүй айлын аятайхан охинтой яаж суух уу гэж хүсч мөрөөдөж явахад миний найз чи арай биш ээ. Өөртөө жоохон дүгнэлт хийх хэрэгтэй шүү найзаа
- Доржоогийн хэлдэг үнэн шүү Нэмэхээ. Хоёр анд нь чамд углуурганыхаа үгийг хэлж байна. Миний найз яаж ч бодсон тийм хэцүү амьдралтай хүүхэнтэй насыг яаж барах гээд байгаа хүн бэ. Даанч дээ
Ингээд амьдралыг зоосны нүхээр хардаг хоёр найз нь Нэмэхээг архиар шахаж гарлаа. Багын найзуудаа хайр дурлалыг нь арай ч ингэж хүлээж авах юм чинээ огт санаагүй Нэмэхээ сэтгэл санааны хувьд цочролд оржээ. Тэгээд өгсөн архийг нь ууж байхдаа нээрээ ч хэлгүй нь хэлгүй л дээ гэж өөрийн эрхгүй бодож хүртэл үзэв. Гурван найз ёстой нохой гурав харагдтал уулаа.
Шөнөжингөө шартаж, бөөлжиж хоносон Нэмэхээ орон дээрээ өндийж суугаад яах гэж энэ хар усыг гударваа хэмээн шаналан бодож яахаа мэдэхгүй хэсэг суулаа. Гэтэл энэ үеэр утсанд нь мессэж ирлээ. Мессэжийг нээж үзвэл Амралтын өдрийн мэнд хүргэе. Ямар их унтдаг унтаахай вэ. Өнөөдөр ээж чамайг гэрт ирж хоол идэхийг урьж байна. Чиний дуртай будаатай, банштай цай хийж байгаа. Заавал ирээрэй гэсэн мессэж Сувдаагаас иржээ.
Нэмэхээгийн толгойд өчигдөрхөн хоёр хуншгүй найзынх нь хэлсэн Очиж очиж хэлгүй хүүхэнтэй юу гэсэн хүйтэн зэврүүн үгнүүд сонсогдох шиг боллоо. Тэрний зүрх сэтгэл Сувдаатай уулзах эсэхээ бодож, эргэлзэн тээнэгэлзэж байв. Сувдаагаас үд дундын алдад Юу хийж байна. Яагаад таг болчихов оо гэсэн мессэж нэмж ирсэн боловч Нэмэхээ ямар нэг хариу бичсэнгүй. Тэр энэ өдрийг гэртээ элдвийг бодон, шартаж хэвтсээр өнгөрүүллээ.
Нэмэхээ, замын цагдаагийн газраас чамайг сураглаж хүн ирсэн байна гэж ресепшн эмэгтэйг хэлэхэд тэр өөрийн эрхгүй айдас жихүүдэст автлаа. Ресепшн эмэгтэйг ингэж хэлж дуусав уу үгүй юу дүрэмт хувцастай нэг цагдаа настай өвгөний хамт хаалгаар орж ирэх нь тэр.
- Өөрөө Нэмэхбаяр мөн үү тээ
- Тийм ээ. Мөн байна
- За өвөө сайн хараарай. Энэ залуу мөн үү хэмээн цагдааг асуухад өвгөн
- Мөөн мөн. Яг мөн. Машинаасаа бууж ирчихээд толгойгоо салаавчлаад суугаад байсан залуу дүрээрээ мөн байна. Тэр үед гадаа хэчнээн харанхуй байсан ч гэсэн өвөө нь хар залуугийн хараа сайтай хүн шүү хэмээн дуржигнаж гарлаа.
Нэмэхээгийн дотор ч аадрын өмнөх үүл шиг барайгаад явчихав. Цагдаа Нэмэхээг нэвт шувт хурц харцаар дээрээс доош нь нэг айхтар ширтэж харснаа ингэж асуулаа
- Та өнгөрсөн арван нэгэн сард арван гуравдугаар хорооллын зам дээр аваар хийсэн жолооч мөн үү. Энэ өвгөн тэр үед тэр хавьд нохойгоо салхилуулж яваад таныг нэг эмэгтэйг дайрахыг харсан байна
- Үгүй ээ та чинь юу яриад байна аа. Би ямар ч эмэгтэйг дайраагүй шүү дээ
- За болиорой хүү минь. Намайг харсаар байтал чи тэр муу охиныг машиндаа суулгаад аваад яваа биз дээ. Үс толгойноос нь тэвэрч авчихаад элдэв хоёроор хашгичаад загнаад байсан даг
- Юу вэ өвөө. Та юу яриад байгаа өвөө вэ. Би тэр эмэгтэйг чинь дайраагүй байхгүй юу. Одоо бид хоёр сайн найзууд болсон хэмээн Нэмэхээ яахаа мэдэхгүй сандрахад харах царайны соц нийгмийн үеийн улаан идэвх царайлсан мань өвгөн мөчөөгөө өгөлгүй
- Энэ залуу чинь харин улаан цагаандаа гарсан моньд уу үгүй юу. Аваар хийчихээд хариуцлагаас зугатаана гэнэ ээ. Хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээж сурах л хэрэгтэй дээ хүү минь гэхчлэн урсгаж гарлаа.
Харин цагдаа За та юу ч байсан намайг дагаад авто дээр очиж учраа олно доо гэж товчхон тушааснаар Нэмэхээ хүссэн хүсээгүй хувцсаа өмсөөд цагдаа өвгөн хоёрыг дагахаас өөр аргагүй боллоо.
Замын цагдаагийн хоёр офицер Нэмэхээг тал талаас нь байцааж гарсан юм. Тэр эмэгтэйг чи яахлаараа таньдаг юм. Угаасаа таньдаг хүн чинь юм уу. Яагаад хэргийн газраас зугатаасан юм гэхчлэн асууж байцаана. Уг нь манай автынхан хэв журмын цагдаагийнхныг бодвол ойлголцоход тийм ч төвөгтэй улс биш л дээ. Гэсэн ч Нэмэхээ анхнаасаа өөрийгөө зөв өмгөөлж, болсон хэрэг явдлыг зөвөөр тайлбарлаж чадаагүйн улмаас бараг л гэмт хэрэгтэн болж хувирах шахсан юм. Ядаж байхад энэ нэг улаан идэвх царайлсан өвгөн харанхуй шөнөөр тэнд юугаа хийж явсан зөнөг өвгөн бэ. Үгүй ээ тэгээд учрыг нь олоогүй байж хүн дайрсан. Үс толгойноос нь зулгааж загнаж зандарсан. Тэгээд машиндаа суулгаад аваад явсан ч гэх шиг юугаа солиороод байгаа өвгөн бэ хэмээн хий дэмий бухимдахаас цааш юу ч хийж чадахгүй өрөвдөлтэй байдалд орсон Нэмэхээг замын цагдаагийнхан осол гаргачихаад хэргийн газраас зугатаасан хэргээр харьяаллынх нь дагуу Баянзүрх дүүргийн саатуулах байр луу хорихоор авч явлаа. Өрөвдөлтэй байдалд орсон залуу найз Доржоо руугаа намайг ингээд аваад явлаа шүү гэсэн мессэж илгээхээс өөр юу ч хийж чадсангүй.
Нэмэхээ саатуулах байрны цагдаа нарт Би ямар ч гэмгүй хүн. Тэр бүсгүйг чинь би дайраагүй хэмээн мянга түмэн удаа тайлбарласан ч тусыг эс олсон байна. Ингээд хувь заяатайгаа эвлэрч найз Доржоогоо ирэхийг хүлээхээс өөр аргагүй болов. Хорвоо дэлхий дээр цаг зогсчихсон юм шиг түгшүүртэй хэдэн цаг маш удаанаар өнгөрсний эцэст Доржоо, Тулгаа хоёр Сувдаа болон автын байцаагчийн хамт хүрч ирлээ. Байцаагч залуу Нэмэхээд хандан
- Энэ эмэгтэй байгаагүй бол өөрт чинь яалт ч үгүй эрүүгийн хэрэг үүсгэх гэж байлаа. Өвөө болсон үйл явдлыг холоос хараад учрыг сайн ойлголгүй жоохон хэтрүүлж, давсалсан юм шиг байна. Бид нар энэ эмэгтэйгээс л болсон явдлын учрыг ойлголоо. Уг нь нэг их сүйдтэй юм болоогүй юм байна шүү дээ. Эмэгтэй өөрөө гарцгүй газраар гарч явсан. Бас чамайг аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслээ амжиж зогсоож чадсан. Тэгээд дээр нь та хоёр одоо сайн найзууд болсон зэргийг чинь харгалзаж үзээд чамайг одоо ингээд явуулъя даа. Харин энэнээс хойш шөнө оройн цагаар хурдаа тохируулж болгоомжтой явж байгаарай даа залуу минь хэмээн эелдэгээр
хэлээд хайртай бүсгүйгийнх нь хоёр гурван бичгийн цаас дамнуулан бичсэн уртаас урт тайлбарыг Нэмэхээд үзүүлсэн байна. Доржоо, Тулгаа хоёр замын цагдаа дээр ирээд болсон явдлыг сонсоод Нэмэхээгийн нэгэн адил яахаа мэдэхгүй гайхаж гайхаж Сувдааг тийм нэртэй сургалтын төвд ажилладаг гэхээс өөр зүйлийг цагдаагийнханд хэлж чадсангүй. Харин цагдаа нар Сувдаагийн ажил руу утасдсанаар хайртай бүсгүй нь хар хурдаараа замын цагдаа дээр давхин ирж, дээрх хоёр гурван хуудас тайлбарыг бичиж өгч, ойлгуулснаар цагдаа нар хэргийн учрыг сая нэг ойлгож авчээ. Тэдний зан ааш нь зөөлөрч, асуудалд монгол хүний уужуу тайвуу зангаар хандахад Сувдаагийн ярьж чаддаггүй, өрөвдмөөр төлөв байдал. Хүн чанар хоёр нөлөөлснөөс зайлахгүй.
Саатуулах байрнаас гарч ирэнгүүтээ Нэмэхээ хоёр найз болон цагдаагийнхны нүдэн дээр Сувдааг өөр лүүгээ татан ойртуулаад уруул дээр нь шулуухан үнсэнгээ Би чамд хайртай хэмээн хэллээ. Энэ үеэр хоёр найз нь бантсандаа буруу харан зогсож. Цагдаа нар бүр гайхсан байдалтай нүдээ том болгон харж зогссон юм. Харин Сувдаа Нэмэхээгийн хувьд хэзээний танил болсон мөнөөх сэтгэлд дулаахан инээмсэглэлээрээ хариу бариад дохионы хэлээр Би ч бас чамд хайртай гэсэн утгатай үйлдлийг хийж үзүүлсэн байна. Энэ үйл явдал Нэмэхээгийн хоёр найз болох Доржоо, Тулгаа хоёрын Сувдаагийн талаарх бодлыг өөрчилж, тэд найзынхаа хайр сэтгэлд хүндэтгэлтэй ханддаг болсон бол Нэмэхээгийн сэтгэл доторх Би нээрээ хэлгүй бүсгүйтэй суух нь зөв үү буруу юу гэсэн эргэлзээ энэ өдрөөр дуусгавар болсон юм.
Тэнгэрт олноос олон одод түгсэн хаврын нэг дулаахан, намуухан үдэш хос залуус гудамжаар хөтлөлцөн алхана. Үсээ шууж хойноо боосон даруухан, царайлаг бүсгүйг сайн ажиглавал барагцаагаар гурав дөрвөн сартай болов уу гэмээр цүдийсэн гэдэстэй, давхар биетэй аж. Залуусын өмссөн хувцас, гартаа барьсан гар утас зэргийг ажиглавал энэ хоёр тийм ч хангалуун амьдралтай хоёр биш бололтой. Тэднийг гундуухан, тааруухан хувцасласан гэж хэлэхгүй ч хараажаар амьдралаа босгохын төлөө тэмцэж яваа шинэхэн хосууд болох нь андашгүй. Гэсэн хэдий ч тэдний нүүрэнд бандгар том жийп унаж, гартаа багтахгүй том гар утас барьсан баян хүмүүсийн нүүрэнд тэр бүр тодроод байдаггүй аз жаргалтай инээмсэглэл, сэтгэл хангалуун дүр төрх тодрох аж.
Хосууд хотын төвөөр алхаж алхаж ядарсан бололтой Сентрал Тауэрын урд талын усан оргилуурын дэргэд амрахаар сууцгаалаа. Хоорондоо хэлгүй хүмүүсийн дохионы хэлээр ярилцах энэ хоёр залууг эргэн тойронд нь суугаа хүмүүсийн зарим нь эвэртэй туулай үзсэн мэт гайхан харна. Гэвч хосууд нэг бус нүд өөрсөд рүү нь гайхан ширтэж байгааг анзаарсан шинжгүй хоорондоо мөнөөх дохионы хэлээрээ элдвийг хүүрнэн цаанаа л нэг жаргалтай сууцгаана. Тэгснээ залуу нь бүсгүйнхээ өмнө газар өвдөглөн суугаад том гэдсэнд нь чихээ наан чагнангаа инээмсэглэлээ. Хариуд нь бүсгүй залуугийнхаа толгойг тэврээд өөр лүүгээ ойртуулангаа уруул дээр нь удаан гэгч нь озон үнсээд гараараа нэгэн хөдөлгөөн хийж харуулав. Залуу ч бас бүсгүйдээ хариу болгож яг тэр хөдөлгөөнийг хийж харууллаа.
Зохиогч: Харин энэ өгүүллэгийг би ямар нэгэн бодит үйл явдлаас сэдэвлэсэнгүй. Би зүгээр л автобусан дотор олж харсан тэр нэгэн бүсгүйд зориулж энэ өгүүллэгийг бичихээр шийдсэн юм. Яруу найрагчид таалагдсан эмэгтэй хүндээ зориулж шүлэг туурвиж болоод байдаг юм чинь би яагаад анхны харцаар хайрыг минь булааж, өрөвч зөөлөн сэтгэлийг минь хөдөлгөсөн тэр бүсгүйд зориулж өгүүллэг бичиж болохгүй гэж. Ээжтэйгээ хамт автобусан дотор жирийн хүмүүс бидний үл ойлгох дохионы хэлээр ярилцаж явсан тэр бүсгүйн нүднээс би зарим нэг эрүүл саруул охид бүсгүйчүүдийн харцнаас тэр бүр мэдрэгдээд байдаггүй амьдралын баяр жаргалыг олж харсан юм. Хайр гэдэг зөвхөн сэтгэл хөдлөлөөс үсдэггүй, миний бодлоор. Жинхэнэ хайрын оч бадамлан асахад хүн чанар заавал нөлөөлдөг гэж би боддог.
URL: