Т.Каене: Монголын иргэн Б.Хурцыг суллах шийдвэрийг Холбооны дээд шүүх гаргасан

Монгол Улсын иргэн Б.Хурцыг эх орон нэгтнээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулж хулгайлсан хэргийг шүүхээр болсон тухай Берлин хот дахь Шүүх танхимын төлөөлөгч өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мэдэгдсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр шүүх хурал нь аравдугаар сарын 24-ний өдөр Берлин хот дахь Шүүх танхимд болох ёстой байсан юм. Энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч, шүүгч, доктор Тобиас Каенегаас тодруулахаар уулзсан юм.

-Доктор Т.Каене Монгол Улсын иргэн Б.Хурцтай холбоотой хэргийн талаар танаас тодруулах гэсэн юм.

-Танай иргэн Б.Хурцыг сулласан гэдгийг та сонссон биз дээ. Одоо тэр хүн хаана байгааг хэлж мэдэхгүй байна.

-Тиймээ, өнгөрсөн долоо хоногт Б.Хурц нутагтаа очсон. Хэдхэн хоногийн өмнө тантай утсаар ярихад та шүүх хурлын тов удахгүй тодорно гэж байсан шүү дээ.

-Тиймээ. Гэхдээ ХБНГУ-ын Холбооны дээд шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан.

-Яг хэзээ ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Би Шүүх танхимыг төлөөлөн ажиллаж байгаа болохоор энэ талаар надад мэдээлэл алга.

-Манай иргэн Б.Хурцыг эх орон нэгтнээ зодсон, хулгайлсан хэргээр буруутгаж байсан. Ер нь иймэрхүү хэрэг хийсэн хүнд ХБНГУ-ын хуулиар хэдэн жилийн ял оноодог юм бэ?

-Манай Эрүүгийн хуулийн 224, 234 дүгээр заалтын дагуу хүнд биед ноцтой гэмтэл учруулсан, хулгайлсан бол 1-15 жилийн ял оноодог. Гэхдээ зодсон, улс төрийн шалтгаанаар зодсон гээд хоёр янзаар авч үздэг. Улс төрийн шалтгаанаар зодсон хэрэг бол ер нь их ховор.

-Цаг гаргаж хүлээн авч уулзсанд танд баярлалаа.

Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА
Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих