АН-ынхан “гарман дээр морио юүлж”, З.Энхболд даргаа жинхлэхгүй байхаар шийдэв үү

1459700936570144c8ac2c6“Олон намын нэгдэл, дотоод ардчиллаараа Монголын улс төрийн хүчнүүд дунд толгой цохьдог” гэж өөрсдийгөө өргөмжилж байдаг нам бол АН-ынхан. Гэвч нөхцөл байдал нэдэр дээрээ шал өөр. Тэд төдийгөөс өдий хүртэл хэзээ ч тогтсон эв нэгдэлтэй байж чадаагүй. “Ардчилсан холбоо” эвслээсээ эхлээд л тийм байсаар ирсэн. Гэтэл сонгууль дөхсөн энэ өдрүүдэд МАН, МАХН тэргүүтэй сөрөг хүчин болох хүчтэй өрсөлдөгчид нь дотоодын хагаралдаан, эрх мэдлийн төлөөх тэмцлээ огтоос олны өмнө ил гаргахгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл намын даргаа нэг ч эсэргүүцсэн эсэргүүцэл, намын бодлогоо шүүмжлэх зүйл гарахгүй байгаагаас ингэж дүгнэж болохоор байна.

Гэтэл АН дотор асуудал шал өөр. Тус намын “дотор халуун” туйлдаа хүрч, эрх мэдлийн төлөө ёстой “нүдээ ухаж” өгөхөд ч бэлэн байна. Хэвлэлээр өрнөж буй АН-ын “томчуудын” буюу фракци хоорондын “зодоон савнаасаа халив”. Уг нь өнгөрсөн жилийн өдийд Ардчилсан намын ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ З.Энхболд “Фракцигүй нам болъё” гэх уриаллыг анх гаргаж байв. Энэ нь ч мөнхийн “тэмцэл” дунд явсан намын хувьд гоё сонсогдож байлаа. Гэтэл сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд Б.Баттулга тэргүүтэй МоАХ, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын Алтангадас фракциудын хооронд жинхэнэ “гал” гарч байна. Х.Баттулгын багийн хүмүүсийг цагдаа, АТГ-ынхан “эргүүлдэж”, нөгөө талд Шинэчлэлийн эхлэлтэй Шийдлийн удаахтай Засгийн газарт гар бие оролцож яваа Алтангадас фракцийн хүмүүсийг ээлж дараагаар нь шалгаж байна. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд дээрх үйлдэл нь намынхаа оноог доош зулгааж хасах оноогоор “бэлэг” барина гэдгийг намын дарга тэргүүтэй бүх улс төрчид гадарлаж байгаа л байх. З.Энхболдын жилийн өмнө хэлж байсан фракцийн зарчмаас татгалзъя гэдэг үг хаданд хашигарсантай адил болж жинхэнээсээ “1001 шөнийн үлгэр” болж хоцорлоо.

Түүгээр ч барахгүй УИХ-ын дарга З.Энхболдыг сонгуулийн өмнө намын даргаас нь авч хаяах санаархалыг АН-ын зарим фракциуд, улстөрчид тээж яваа сурагтай. Энэ фракци хоорондын тэмцлийн гол утга учир нь ҮЗХ-гоор намын даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй ч холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл З.Энхболдыг Шонхор болон Х.Баттулгын МоАХ фракцийнхан нь зүтгүүлсэн хэвээр байгаа. Тэгвэл нөгөө талд ирээдүйд намын даргын суудал нь одооны Ерөнхий сайдын суудлаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон Алтангадас фракцийнхан байж сууж чадахгүй яваа. Тэд намын даргын суудлаа авч чадвал түүнийхээ ид хавыг тун удахгүй болох УИХ-ын сонгууль болон 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргана. Намын даргыг авах нь үнэхээр үгээр хэлж, үзгээр бичимгүй ач холбогдолтой.

Тиймээс л АН-ынхан З.Энхболд даргаа олны өмнө муухайгаас муухай харагдуулсаар байна. Тэд үүрэг гүйцэтгэгчээ анх нэгдүгээр сараас хойш л “чангааж” эхэлсэн. З.Энхболд намын даргын хувиар анх удаа ҮЗХ хуралдуулах байлаа. Үүгээр З.Энхболд гэдэг хүний нам доторх байр суурь, үр нөлөөллийг барагцаалж болохоор байв. Гэтэл З.Энхболд ҮЗХ-г хуралдуулах гэж Төрийн ордонд дөрвөн цаг хүлээсэн ч ирц нь бүрдээгүй. Арга буюу ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар З.Энхболд болон одоогийн удирдлагын багийнхан танхимыг орхин гарсан. Харин маргааш нь Алтангадас тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалжууд онцолж байв. Учир нь тэр өдөр АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадсан түүхтэй. Үүний дараа Цэцийн даргыг огцруулах гэж бас л ирц нь бүрдэхгүй байсаар эцсийн мөчид АН-ынхан арай гэж нэг ирцээ бүрдүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж хуралдуулах гэсэн боловч гурван өдөр, гурван шөнө хүлээсний эцэст нэр төрөө ёстой “шавхайтай” хутгаж орхилоо. Цөмийн асуудлыг хэлэлцэнэ гэдгээр нь С.Ганбаатар тэргүүтэй улстөрчид шоу хийж хэсэг л бужигнууллаа. Хариуд нь АН-ын дарга нар “МАН цөмийн асуудлыг дэмжлээ” гэх яриа гаргасан ч төдийлөн газар авсангүй. Арга ч үгүй биз. Аргаа барсандаа л тэгээ биз. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг 35 гишүүнтэй. УИХ-ын чуулганы нээлтийг хийхэд 39 гишүүн байхад л хангалттай. ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл хоёр ирсэн. “Шударга ёс” эвсэлээс Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Ч.Улаан гэсэн зургаан гишүүн ирэв. Өөрөөр хэлбэл АН-аас бусад 8 гишүүн ирчихээд байхад эрх баригчид өөрсдөө ирэхгүй, зориуд ирцээ бүрдүүлсэнгүй. Бурууг МАН-д өгөх гэж оролдов. Уг нь ирцээ бүрдүүлээд асуудлаа хэлэлцүүлэх боломж нь эрх баригч АН-д л байгаа шүү дээ. Тийм атал АН-аас ердөө 22 гишүүн л ирсэн. Бусад гишүүд нь гадаадад, орон нутагт, өвчтэй гэх мэтээр ирсэнгүй. Төрийн ордонд ажлаа хийж байгаа Н.Алтанхуяг ч орохгүй үйлдлээрээ эсэргүүцэл үзүүлж байна. Н.Алтанхуягаас гадна Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Д.Зоригт, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Арвин, Бакей, Д.Бат-Эрдэнэ, Х.Наранхүү нар намын даргадаа “цохилт” өгөв.

 Энэ бүгдийн цаана З.Энхболд даргыг хүчгүй харагдуулах гэсэн санаархал ихэд байгаа юм. Ер нь сүүлийн үед З.Энхболд руу намын нөхөд нь илэрхий дайрч эхэллээ. Саяхан Да.Ганболд “Манай намын даргад оролцохгүй юм ч алга” гэсэн бол АН-ын гишүүд болон иргэдийн хамгийн их үгийг нь тогтож сонсдог, үнэмшдэг, тулхтай улстөрч хэмээн үздэг тус намын лидерүүдийн нэг Р.Амаржаргал ч бас намын нөхрөө “хатгаад” амжлаа. Тэрбээр, “Ерөнхий сайдад ажил хийх боломж байхгүй болчихоод байна. Намын дарга нь УИХ-ын дарга байгаа явдал маш буруу. Энэ бол Монголд хэд хэдэн Ерөнхий сайд үүсгэчихээд байна. УИХ-ын дарга Ерөнхий сайд болчихоод байна. Монголд гурван Ерөнхий сайдтай болчихлоо. Ийм байхад урагшаа явахгүй. Ерөнхий сайд нь намын дарга нь байгаад юмаа чирч явах ёстой” гэв. Үнэхээр Их Хурлын дарга болон Ерөнхий сайд хоёрын харилцаа “хүйтэрч” байгаа. Хамгийн сүүлийн жишээг дурдахад ЭЗ-ийн форумын хаалтын үеэр УИХ-ын даргыг үг хэлж байхад нь хуралд оролцогч оймсоо тайлж шидэв. Олны нүдийг орой дээр нь гаргасан уг үйлдлийн эзнээр Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар гэгч эрхэм тодорлоо. Хөрөнгө оруулагчдын өмнө өрнөж байсан маш чухал хурал дээр намын даргаа эвгүй байдалд оруулсан нь уг оймс Л.Наранбаатарын гараас л үсэрсэн болохоос биш нэлээд дээрээс шидсэн оймс ч байж болох талтай. Ээлжит бус чуулганаа нээж ч чадахгүй, хааж ч чадахгүй эвгүй байдалд орсон намын даргынхаа нэр хүндийг ёстой л шороотой хутгаж чадсан. Үүгээр түүний нэр хүнд нам тодроо ямархуу түвшинд байгааг хэмжиж болмоор. Гэтэл эсэргүүцэл үүгээр дууссангүй өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээгээр Эрдэнэтийнхэн З.Энхболдыг хүлээж авалгүй хөөсөн талаарх бичигджээ. Хэрэв тийм зүйл болсон бол Эрдэнэтийн АН-ынхан ч бас түүнээс нүүр буруулаад эхэлсэн бололтой. Үгүй байсан бол засаг барьж буй энэ үедээ намын даргаа ийм байдалд хэзээ ч оруулахгүй байсан нь лавтай. Ийнхүү АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдыг намын нөхөд нь жинхлэхгүй байхаар шийдсэн бололтой.

Энэ бүх зөрчилдөөн, маргаан, намын даргын төлөөх тэмцлийн ҮЗХ-ны хурал л шийднэ. Харин нөхцөл байдал улам хурцдаж буйтай холбоотойгоор З.Энхболд ҮЗХ-г одоо болтол хуралдуулахгүй харзнаж байгаа бололтой. Харин ҮЗХ-г хуралдуулахаас өмнө “гал”-ыг намжааж асуудлыг шийдэж чадах болов уу гэдэг л сонирхолтой байна. Ер нь сонгууль ойртсон энэ өдрүүдэд гарман дээр морио юүлэх нь хэр зөв бодлого юм бол доо.

Г.Лхагваа


URL:

Нэр: Irgen Огноо: 4 April 2016

Uhaan muutai umnuud

Сэтгэгдэл бичих