Төөрөгдөл

1719

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аль хэдийнэ гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд нийт долоон удаа сугалааны тохирол явуулж 70344 азтан тодорчээ. Өчигдрийн байдлаар 34536 баримт хэвлэх цэгээс 16 сая 634 мянга 36 баримт хэвлэгдсэн байна. Энэ хугацаанд сугалааны хонжворын санд 675 сая 900 мянган төгрөг төвлөрчээ.

 

 

ӨГӨӨШ

 

Урамшуулал авах иргэдийг хохироохгүй байхын тулд худалдаа, үйлчилгээний газруудыг пос машин суулгахыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв хэлтсийн дарга нараар дамжуулан сануулсан. Гэвч элдэв шалтаг тоочсоор бар код бүхий тасалбар хэвлэх машиныг тавилгүй өнөөдрийг хүрсэн хэмээн албаныхан тайлбарлалаа. Харин жижиг худалдаа эрхлэгчид өөр зүйл хэлж байв. Тэдний хувьд төрөөс иргэддээ шахалт үзүүлж байна гэж үзэж буй юм. Өдрийн орлогоороо өрхийнхөө хүнсийг арайхийн базаадаг бичил бизнесийнхнээ ийнхүү боомилж байгаад дургүйцлээ илэрхийлэн хурал, цуглаан ч зохион байгуулаад амжив. 70 мянган төгрөгөөс хоёр саяын машин шахаж байна гэцгээв. Сүхбаатар дүүрэгт зургаан нэрийн дэлгүүр ажиллуулдаг Н.Ариунаа “Төхөөрөмж авч программ суурилуулахад нийтдээ нэг сая төгрөг болж байна” хэмээн гомдоллов. Хямд эх үүсвэр кассын машин байна гэсэн ч ачаалал их байгаа учраас нэлээдгүй хугацаагаар хүлээхээр байсан тул ийнхүү нэг саяын машиныг сонгосон байна. Энэ мэтчилэн элдэв шалтаг мундахгүй. Гэхдээ үнэхээр хямд эх үүсвэртэй кассын машин байгаа хэмээн төхөөрөмж нийлүүлэгч компанийнхан хэлсэн юм. Харин тэрхүү машиныг хаанаас олж, хэзээ тавиулах боломжтой талаарх мэдээлэл хомс байгаа нь заримд нь өгөөш болсон бололтой.

 

ЗАВХРАЛ

 

Манай улсын хууль гурав хоног үйлчилдэг гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой бололтой. Уг нь Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар “Суутган төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй” гэж заажээ. Гэхдээ энэ үүргээ биелүүлсэн нь цөөхөн. Өөрөөр хэлбэл, манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 149610 татвар төлөгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа юм. Гэтэл 34536 баримт хэвлэх цэг байгаа хэмээн www.ebarimt.mn цахим хуудаст тэмдэглэжээ. Эндээс харвал бар код бүхий баримт хэвлэж байгаа цэг хэтэрхий цөөн байгаа нь ажиглагдана.

 

Анх энэ хуулийг хэрэгжүүлэхдээ сууриа сайн цутгаагүй хэт яарсан гэдэг шүүмжлэл албаныхныг бөмбөгдөж эхэлсэн. Гэвч аль хэдийнэ хуульдаа кассын машинтай байх ёстой хэмээн тусгасныг тэд ойшоогоогүй ажээ. Уг нь хуулиа ягштал биелүүлдэг бол бидний халаглаж харамсаад байгаа өнөөдрийн нөхцөл байдал өөр өнгөөр харагдах байсныг ч мэргэжилтнүүд онцолж байна.

 

Аливаа зүйлийг хийхдээ эцсийн мөчид, цаг хугацаатай уралдан, хэт ачаалал үүсгэж хийдэг зуршилтай. Өдгөөг хүртэл худалдаа үйлчилгээний газруудад бар кодтой баримтыг өгөхгүй байсаар л байгаа. Магадгүй бурууг бусад руу чихэж, булзааруулсаар хаа хүрэхээ төлөвлөж ч байж мэднэ. Хэрэв хуулийн хугацааг хатуу, чандлан мөрддөг бол, өдгөө ийм байдал үүсэхгүй байх байсан. Тиймээс хуулиар олгосон урамшуулал авах эрхийг боомилогсдыг хурдан кассын машинаа суурилуулаа ч хэмээн шахах л үлдэж байгаа бололтой.

 

Магадгүй зарим нь жилийн эцэст олсон орлогоосоо татвар төлөөгүйнхээ төлөө шоронд орох вий хэмээн болгоомжилж байгаа. Гэхдээ гурван сая иргэнээ эрүүгийн хэрэгтэн болгох уу гэдэг асуулт гарна. Тиймээс тархи угаалт хэрээс хэтэрч байгааг албаныхан хэлж байгаа юм. Сайн зүйлийг саар болгож харуулах, завхруулах сонирхол хэнийх вэ?

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих