Улс төрчдийн оффшор дансны мэдээллийг дэлгэлээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо/ICIJ/ Панамд байрлах Моссак Фонсека олон улсын хуулийн байгууллагын мэдээллийн сангаас их хэмжээний мэдээллийг олон нийтэд дэлгэлээ.
Нийт 3TB хэмжээтэй мэдээллийг дэлгэсэн бөгөөд үүнд 140 гаруй улс төрч, тамирчдын оффшор данс багтаж байгаа аж. ICIJ сүүлийн 40 гаруй жилийн мэдээллийг Германы “Süddeutsche Zeitung” буюу Өмнөд Германы сонинд хэвлүүлжээ.
Өмнө нь хэзээ ч ийм их хэмжээний материал дэлгэж байсан тохиолдол байхгүй бөгөөд бидний сайн мэдэх Wikileaks гэхэд 2010 онд 1,7GB хэмжээтэй мэдээллийг олон нийтэд дэлгэж байв.
Guardian сэтгүүлд бичсэнээр Моссак Фонсека хуулийн байгууллагын хамтрагч “Бид татвараас зайлсхийхийн тулд автомашин борлуулдаг” гэж хэлж байсан баримт хүртэл бий аж.
ICIJ-ийн цахим хуудсанд дэлхийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага бүтэн жилийн хугацаанд судалгаа хийж байж гаргасан материалын хамгийн чухал зүйлсийг онцолжээ:
- 200 гаруй улс орны хүмүүс холбогдсон 214,000 оффшор байгууллагын мэдээлэл
- Исланд, Пакистаны ерөнхий сайд, Украйны ерөнхийлөгч, Саудын Арабын эзэн хаан зэрэг 140 гаруй улс төрч, улс төрийн зүтгэлтний оффшор хөрөнгийн мэдээлэл
- Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Ливийн удирдагч асан Муммар Гаддафи, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад, Украйны ерөнхийлөгч Петро Прошенко нарын хамаатан садан, найз нөхдийн нэр дээрх хөрөнгө
- Хэдийгээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр дурдагдаагүй боловч түүнтэй холбоотой хүмүүс хэдэн сая доллар олж буй явдал нь Путины туслалцаагүйгээр бүтэхгүй зүйл гэж Guardian-д бичжээ.
- Путины дотнын найз, мэргэжлийн хөгжимчин Сергей Ролдугины 2 тэрбум ам. долларын сэжиг бүхий шилжүүлэг.
- АНУ-ын засгийн газраас хар жагсаалтад оруулсан 33 компани, хувь хүний нэрс энэ мэдээлэлд багтжээ.
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Моссак Фонсека байгууллагаас Guardian-д өгсөн мэдэгдэлдээ “Аливаа байгууллага дампуурал, хувь хүний аюулгүй байдал, хөрөнгө оруулалт зэрэг олон шалтгаанаар хилийн чанадад компани байгуулж болно. Энэ бүхэнд хууль бус зүйл байхгүй” гэжээ.
Эх сурвалж: ICIJ
Д.Багахүү | GoGo.mn
URL: