Д.Мөнхзаяа: Монголын төр иргэнийхээ асуултад хариулах ёстой

1459595298_12919117_979187635507190_1825017198_n

 

Монголоо Аврах хөдөлгөөний зохицуулагч Д.Мөнхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

–Хэдхэн хоногийн өмнө та бүхний байгуулсан Монголоо аврах хөдөлгөөнийг олон нийт яг ямар учиртай хөдөлгөөн юм бол гэж сонирхож байх шиг байна. Яг ямар зорилгоор уг хөдөлгөөнийг байгуулах болов. Ямар үйл ажиллагаа явуулах юм бол сонирхуулж болох уу?
-Гурван жилийн өмнөөс бид найз нөхдийн хүрээнд нийгэмд нэр хүндтэй хүмүүсийн уулзалт ярилцлага зохион байгуулж, мэдээлэл солилцдог клуб байгуулан ажиллаж байсан юм. Гэтэл одоо асуудлыг хоосон яриад, хий бухимдаад суугаад байж боломгүй цаг үе ирчихээд байна л даа. Монгол Улсын жирийн иргэний төлөө хэн ч дуугарахгүй байна. Бидний төлөө санаа тавьж, улс орны ирээдүйг бодолцож байгаа улстөрийн хүчин, төрийн зүтгэлтэн гэж алга. Улс төрчид өөрсдийнхөө л төлөө явж байна. Улстөрийн хүчнүүд эрх мэдлийн төлөө л тэмцэлдэж байна. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүр өөрийнхөө төлөө, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавих цаг нь болж. Монгол төр байсаар байтал иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, ядуурал улам нэмэгдэж байна. Энэ яг юунаас болж байна вэ гэдгийг иргэд мэдэх, асуух эрхтэй. Тиймээс бид зүгээр л гэртээ бухимдаад суулгүй өөрсдөө асуудлын голыг олж, хариултыг иргэдэд энгийнээр хүргэх зорилгоор энэ хөдөлгөөнөө байгуулсан юм.
 
-Та бүхэн төрийн өндөрлөгүүдэд хандаж гурван асуулт тавьсан байсан. Хариултаа хэзээ авах вэ. Та нарт хариулт өгөхгүй бол яах вэ?
-Монголын төр иргэдийнхээ асуултад хариулж, санаа бодлыг нь сонсох ёстой гэж би хувьдаа боддог. Бид иргэдийн дунд яригддаг, хариулт нь хүлээгдсээр байгаа асуултуудыг эрх мэдэлтнүүдээс асуусан. Энгийн нэгэн гэр бүл ч өнөөдөр санхүүгийн асуудлаа төлөвлөж, хэтийн зорилгоо тодорхойлдог болчихсон цаг үе. Тэгвэл Монгол Улс гэдэг том гэр бүлийн гишүүд болсон иргэд бид хэдэн төгрөгийн өрөнд орсноо мэдэх эрхтэй. Төрийн үндсэн үүрэг нь ард түмнээ сайхан амьдруулахад чиглэгдэх ёстой.
 
Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 80 орчим хувь нь ядууралд нэрвэгдэж, амьдрал улам доройтсоор байна.  Энэ доройтсоор байгаа иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд төр үндсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Тиймээс ч иргэдийнхээ асуултад хариулт өгөх ёстой. Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ядуурал газар авсаар байтал төр, засгийн эрх баригчид ажилгүйдэл багасаад байна гэж мэдээлж байна. Энэ тоо хэр үндэслэлтэй тоо вэ, хэрвээ тийм бол яагаад ядуурал багасахгүй байна вэ, амьдрал яагаад сайжрахгүй байна вэ, та бүхний хэлээд байгаа үнэн юм бол бид хэзээнээс сайхан амьдрах вэ гэдгийг л бид  асуусан юм.Үнэхээр иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, төлөвлөгөө байдаг бол төр засаг тэрийгээ иргэддээ танилцуулах цаг нь болсон. Угтаа бол төр, засгийн эрх баригчид ажлаа олигтой хийхгүй байгаа учраас ард иргэд хэчнээн ч зүтгээд амьдрал ахуйгаа дээшлүүлж чадахгүй байна шүү дээ.
 
-Сонгууль дөхсөн энэ цаг үед аль нэг улстөрийн угшилтай элдэв хөдөлгөөнүүд идэвхжиж байна. Та нарыг ч тэгж хардаж байгаа иргэд цөөнгүй байх?
-Бид эрх барьж байгаа бүх нам, улстөрийн хүчинд хандаж асуултуудаа тавьсан. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр нэг Монгол хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байна гэж хэлсэн. Энэ тоо үнэн үү. Эсвэл улстөрийн шоу юу гэдэгт тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Ардчилсан нам, ИЗНН, МАХН гээд төрийн эрх барьж байгаа бүхэн амлалтадаа хүрч чадсан уу гэдэгтээ тодорхой хариулах ёстой.Харин энд нэг зүйлийг хэлэхэд биднийг энэ хөдөлгөөнөө байгуулаад, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд олон залуус бидэнд хандаж, дэмжихээ илэрхийлж, сэтгэлээрээ бидний гаргаж тавьж байгаа бүхнийг олон нийтэд хүргэж өгч байгаад бид их баяртай байгаа. Олон нийт бидний л адил эдгээр асуултын хариултыг тодорхой сонсохсон гэсэн хүсэлтэй байгаа нь эндээс харагдаж байна гэж ойлгож байгаа. Дээр нь манай хөдөлгөөний хүмүүсээс хэн ч сонгуульд нэр дэвшихгүй. Бид эрх мэдлийн төлөө яваагүй гэж бардам хэлэх байна.
 
-Нууц биш бол хөдөлгөөнөө хаанаас санхүүжүүлж байгаа вэ?
-Манай клуб байгуулагдаад гурван жил үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг би дээр хэлсэн. Одоо хөдөлгөөн болоод өргөжөөд явж байна. Монголоо аврах хүмүүнлэг, улс төрийн хөдөлгөөн гэж ойлгож болно. Анхнаасаа л олон найз нар цугларч, хамтарч ажиллаж байгаа. Бидний дунд бизнесмэн, хуульч, эдийн засагч, багш, эмч, тамирчин, урлагийн хүн, төрийн албан хаагчид олон байгаа. Хөдөлгөөний ажлын төлөвлөгөөгөө гаргаад, хүн бүхэн ажлаа хариуцаж аваад, яс тас хийгээд явахад тийм ч их мөнгө шаардагдахгүй байна. Өөрсдөө хоолоо аваад идчихнэ, унаагаа зохицуулчихна. Ингээд л болж байна.
Мөн биднийг дэмжиж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй залуусынхаа ачаар сошиал сүлжээг ашиглаад та бүхэнд асуудлаа хүргэж чадаж байна. Тэгэхээр бидэнд санхүүжилт хайх шаардлага алга.
 
-Та бүхнийг бас хүмүүнлэгийн аян зохион байгуулж байгаа гэж сонссон?
-Бид хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах ажлыг хийгээд удаж байна. Байгаа боломжийнхоо хэмжээнд тусалсаар ирсэн. Энэ удаа Мөнхбатын Ням-Очир гэдэг 2 нас 10 сартай хүүд туслах аяныг өрнүүлээд байгаа юм. Энэ хүү маань төрөлтийн явцад гэмтэснээс болж саажилт үүссэн гэсэн оноштойгоор одоог хүртэл эмчилгээ хийлгүүлж байгаа боловч үр дүн муутай байгаа юм. Тиймээс Франц улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Хандивын аянаа эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 700 орчим мянган төгрөгийн хандив цугларсан байна. Дахиад нэлээд хэд хоног ажиллавал нэмэгдэх байх. Бидний энэ хүмүүнлэгийн ажлыг дэмжээд хүүхдүүдийн ээж, аав нар цуг санал авах цэгүүд дээр сууж байгаа. Бидний энэ хүмүүнлэгийн аян ч гэсэн Монголоо аврах их хөдөлгөөний маань нэгээхэн хэсэг болж чадаж байгаа байх аа.
 
Тэгэхээр бид Ням-Очир хүүд тусалсныхаа дараа өөр ямар зорилтот бүлэгт туслах вэ гэдэг саналыг олон нийтээсээ авахаар шийдсэн юм. Тийм болохоор энэ ярилцлагыг уншсан хэн бүхэн үүнд саналаа нэмэрлээрэй гэж хүсэх байна.
 
А.Тамир

URL:

Сэтгэгдэл бичих