Болгоомжтой байхад буруудахгүй
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт спикер захирамж гарган хуралдуулахаар зарласан хэдий ч нээлтээ хийж чадсангүй. Цөмийн салбартай холбоотой олон улсын конвенцид нэгдэх асуудал гишүүдийг нам эвслээр нь төдийгүй хувь гишүүдийн байр сууриар талцууллаа.
Цөмийн хог, хаягдлаа эх орондоо булах нь, бусад улсын хог хаягдлыг худалдан авч газар нутагтаа булшлах нь гэсэн хардлага ээлжит бус чуулганы захирамж гарахтай зэрэгцэн нийгэмд тархсан. Харин дээрх хардлагыг албаны хүмүүс үгүйсгэж байгаа бол УИХ-ын дарга эрс няцааж “УИХ ирэх 7 хоногт “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орох тухай хэлэлцэнэ. Энэ удаагийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх хатуу байр суурьтай. Энэ конвенцид нэгдэн орсноор олон улсын өмнө дараа дараачийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нар бас адил байр суурьтай байх үүрэг хүлээх юм. Дэлхийн 71 улс нэгдэн орсон энэ конвенцийн гол агуулга нь улс бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцна гэдэг зарчим юм. Одоогоор манай улсын эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг бид хүлээнэ” хэмээн цахим сүлжээгээр жиргэсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН цөмийн хаягдлыг эх орондоо хаяхыг дэмжиж байна” хэмээн хэвлэлээр мэдэгдлээ. Цаашлаад Засгийн газар “Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл”-ийг нэг өдрийн дотор боловсруулан өргөн барьсан хэдий ч тусыг эс олов.
Харин сөрөг хүчин “Ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй” гэсэн байр суурьтаа хатуу зогслоо. Цацраг идэвхит бодисын хог хаягдлыг үүссэн оронд нь буцааж хаядаг уу, үүсгэгч орон нь хаягдлаа өөртөө авдаг уу гэх маргаан нийгмийг талцууллаа.
Ер нь олон улсын гэрээ конвенци анхны хэлэлцүүлгээр соёрхон батлагддаг. Дээр нь “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж Үндсэн хуулиндаа заасан байдаг. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заалт үйлчилдэг. Энэ нь нэгэнтээ олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон бол манай хуулиас дээгүүр үйлчилнэ гэсэн үг.
Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй гэсэн үг юм.
Харин намуудын талцсан асуудалд төрийн тэргүүн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ байр сууриа илэрхийлж, цацраг идэвхит бодист болгоомжтой хандахыг анхаарууллаа. Тэрбээр “Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйлд болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа. Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя” хэмээн онцолж байсан. Ер нь болгоомжтой байхад хаана хаанаа буруудахгүй гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна лээ.
Ийнхүү ээлжит бус чуулганы хуралдуулахаар гурван өдөр 6 удаа цаг товлосон хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг, бие даагч гишүүд хэлэлцэх асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэн чуулганы танхимд орж ирсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга нээгээгүй чуулганаа хааж, ирэх долоо хоногт эхлэх хаврын чуулганы нээлт болохыг мэдэгдсэн юм. Хаврын өдрүүд урт ч улстөрчдийн хувьд хаврын чуулганы хугацаа тун богинохон байгаа.
Тэр дундаа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, дараагийн парламентад ажлаа хүлээлгэж өгөхөд 90 хүрэхгүй хоног үлдсэн. Сонгогчид эдүгээ гишүүдээс хүлээгээд, хараад суух зүйлгүй, харин тэд бүрэн эрхийнхээ үлдсэн цөөн хугацаанд хувийн хариуцлагаа эрхэмлээд дуусгавар болгочихоосой доо.
Н.Энх
URL: