Цөмийн тодотголтой конвенциуд дээр хэлэлцүүлэг өрнүүлье

1651

УИХ-ын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байсан ч ээлжит бус чуулган нээлтээ хийлгүйгээр хаагдлаа. Цөмийн менежмэнтийн багц хуулиудыг хэлэлцэх болсонтой холбоотойгоор олон нийт талцалын байдалтай байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын зүгээс эдгээр конвенцид нэгдэн орсноор цөмийн хог хаягдлыг нутагтаа оруулахгүй, хадгалахгүй гэсэн үг гэх “цэнхэр шувууг” сошиалаар нисгэж байгаа бол С.Ганбаатар тэргүүтэй улстөрчид хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.

Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав хүртэл  ”2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдалыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Цаашид бид олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдалыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа. Монгол Улсын хэмжээнд бол хог, хаягдлын тухай хуульд энэ заалт хаягдсан байгаа. Иймд Цөмийн энергийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчлах асуудал яригдаж байна. Эдгээр конвенциуд нь бүгд цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой конвенци юм” гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

Тэгвэл мэргэжлийн хуульчдын яриагаар бол  үүнийг эрс буруу зүйл гэдгийг хэлж байна.

Тодруулбал,  Үндсэн хуульд зааснаар нэгдэн орсон олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль батлагдмагц бүхэлдээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх учиртай аж.

Өөрөөр хэлбэл, тухайн конвенц бүхэлдээ батлагдах аваас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хуулийн нэгэн адил үйлчилнэ гэсэн үг. Үүнээс гадна олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээх бөгөөд конвенци бүхэн өөрийн онцлог бүхий хэрэгжүүлэх механизмтай бөгөөд нэгэнт нэгдсэн конвенцийн хэрэгжилтийг “тэгэсхийгээд аргалах”, “нүд хуурах” гэсэн ойлголт байхгүй гэдгийг онцолж байгаа юм.

Нэн ялангуяа олон улсын тавцанд нэр нөлөө багатай манай улсын хувьд цөмийн аюулгүй байдалтай холбоотой нэр бүхий гурван конвенцид нэгдэж орох нь улс орондоо аюулыг дуудаж буйн илэрхийлэл гэдгийг ч аюулгүй байдал судлаачид бичиж байна.

Цаашлаад үнэхээр конвенцид нэгдэн орох шаардлагатай гэж үзвэл сайтар судалж, мэргэжлийнхний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн нухацтай шийдэх ёстой гэдэг байр суурийг ч иргэд илэрхийлж байгаа юм. Магадгүй энэ нь хуулийн төслийг хам хум яаран батласнаар цаашид үүсэх олон эрсдлийн үүдийг нээж, хожим харамсавч баршгүй үр дүнд хүрэх вий гэсэн олны зовинолоос үүдэлтэй байж болох.

Дашрамд дуулгахад, Оюу толгойн гэрээ болон түүний нэмэлтүүдийг мэргэжлийн өндөр түвшинд орчуулах, ойлгох хүн нэн ховор. Зөвхөн нэг өгүүлбэрийн утгыг бүрэн гаргах гэж хэрхэн зүдэрдэг тухай ажлын хэсгийнхний зүгээс хэлж байсныг нь хавсаргах нь зүйтэй биз. Үүгээрээ дамжуулж,  цөмийн хаягдалтай холбоотой конвенцийн утгыг хууль тогтоогчид маань бүрэн ухаж буй эсэхэд олон нийт эргэлзэж байгааг хэлэх нь зүйтэй байх.

Д.Ундрах


URL:

Сэтгэгдэл бичих