Ард түмнийхээ “Тавантолгой”-г ард түмэндээ өгье

aeb3f939f29f5fc3big2007 оны хоёрдугаар сарын 05. “Ардчилал” сонины тавдугаар нүүрт гарсан “Ард түмнийхээ “Таван толгой”-г ард түмэндээ өгье нийтлэлийг уншсанаа санаж байна. Нийтлэлийг тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж бичсэн байлаа. Учир нь энэ цаг үед Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай, ордыг стратегийн гэх жагсаалтанд оруулах уу, эсвэл бусдад өгөх үү гэх асуудал дээгүүр яригдаж байлаа.

Хэрвээ 2007 оны долдугаар сарын сүүлээр МоАХ-ноос суулт зарлаагүй бол наадмын өмнөхөн Таван толгойн гэрээг Оюутолгойн гэрээтэй хамт Засгийн газраар шийдчих байсныг хэн ч анзаарахгүй өнгөрч болох л байлаа.

Оюутолгой нь компанийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд бол Таван толгой улсын / 2008 оны мөнгөн дүнгээр/ 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд байв.

Ижилхэн л дэлхийн анхаар­лыг татаж байсан. Гэхдээ дэлхий гэхээс илүүтэйгээр Монголын бизнес, улс төрийн бүлэглэлийн анхаарлын төвд байв. Арав гаруй гэр бүлийн л өмч хэмээн яригдаж байсан энэ ордыг “ард түмэнд нь өгье” гэх саналыг анх АН тэр тусмаа АН-ын дарга Ц.Элбэгдорж дэвшүүлж байсан юм.
Тэрээр “Таван толгойг Монгол толгой бүртээ хувааж өгье. Нэг үгээр хэлбэл хувьцаа болгож өгье гэсэн үг. Хамгийн гол нь Таван толгой гэх нэг баялгийг хоёр сая найман зуун мянган ширхэг болгон нийт ард түмэндээ хуваана гэсэн үг. Ингэснээр төрийн нэртэй хэний ч биш. өмч жинхэнэ эзнийхээ авдарт орно гэсэн үг” хэмээн бичиж, энэ санааг нь УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барьж байсан юм. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор энэ санаа баталгаажин бид 1072 хувьцаа эзэмших эрхтэй болсон гэдгийг та тод санаж буй биз.

2007 оны АН-ын дарга Ц.Элбэгдоржийн нийтлэлд байсан бас нэг чухал зүйл бол “Таван толгойг Монгол түмэндээ хуваах нь зүгээр нэг нүүрсний орд тойрсон асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Энэ бол явж явж Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдоно” гэх өгүүлбэр. Үнэхээр тийм.
УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор
“2. Стратегийн ач холбог­дол бүхий Тавантолгойн нүүрс­ний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг 1 дүгээр хавсралтаар… баталсугай

3,2-т хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулж байх..” гэсэн чухал баримт бичиг гаргасан билээ.
Тиймээс ч 2015 онд Таван толгойн гэрээг Засгийн газар дангаар байгуулах эрхтэй гэсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы үгэнд энэ тог­тоо­лоор хариу барьсан бай­даг. Таван толгой бол Үндэс­ний аюулгүй байдалтай шууд холбогдоно гэдгийг илэр­хийлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төмөр замын суурь бүтцийг хувийн компани 100 хувь эзэмших нь үндэсний аюулгүй байдалд зохисгүй гэдгийг зөвлөмж болгон өгсөн хэдий ч М.Энхсайхан сайд хэрвээ төмөр замгүй бол энэ ордыг ашиглах компани олдохгүй хэмээн гүрийж байсан нь тод үлдэж. Таван толгойг нэг компани эзэмшихийн төлөө­нөө ийн 10 гаруй жил зүтгээд байгаагийн учир юу вэ.
АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж энэ хугацаанд хоёр ч удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнээсээ сонгогдон ажиллаж байна. Тэр 2007 оныхоо энэ л бодол, үзэл санаандаа үнэнч хэвээр байгаа болов уу. Эргэлзээ… бий.
“Минийх гэж бодож яваа хөрөнгийг нь эзнээс нь асуухгүй, тэр тусмаа эзэнд нь өгөхгүй, эзэнд нь мэдэгдэлгүй ард түмний ачаар, ардчиллын ачаар нэг сэтэр олж зүүчихээд хулгайлаад дээрэмдээд байвал сайн сайхан амьдрал энэ оронд тогтохгүй.

Эхлээд иргэддээ өгчих. Тэгээд буцааж авах бол нийтийн жишгээр, хууль журмын дагуу ав.” гэж түүний бичиж байсныг сануулья. Хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр Таван толгойгоос 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Энэ нь нийт хувьцааны 14 хувь. Тиймээс таны хэлж байснаар “Эхлээд юу ч гэсэн “ Миний Эрдэнийн хувийг надад өг” гэж төрдөө хандаад хэл. Болохгүй бол “ Би авах хувиа авна” гэж өөрөө шийд” гэх эрхтэй болсныг Засгийн газар хөрөнгө оруулагч нарт сануулах юун.
“Баялгаа нийт иргэд нь биш улстөрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг. Учир нь ард түмнийх нь баялгийг өмчийг цөөхөн улстөрчөөс нь худалдаж авах нь харийн хүнд хамаагүй хямд тусдаг. Ардчилсан оронд чөлөөт нийгэмд удирдагч нь ард түмнээсээ хамаардаг. Манайд бол удирдагчид нь хэн хэдэн төгрөг өгөхөөс хэн түүнд ямар санал хэлэхээс хамаардагт л хамаг аюул байна” гэсэн үгс чинь өнөөдрийн Таван толгой тойрсон улс төрийн нөхцөл байдал бус уу Ерөнхийлөгч өө хэмээн асуумаар ч санагдах.
Тиймээ, таны хэлснээр Төр нь ард түмэндээ итгэвэл, ард түмэн нь төрдөө итгэнэ. Бурхны хишиг-хар галаа-Таван толгойгоо бид манаж байна. Бурхан одоо­­хондоо Монголчуудад хайр­­тай байгаа гэдэгт итгэж байна.

Товчоор “Таван толгой ард түмнийх, тэднээс ав” гэж хэлж байна.
Гэхдээ бас л таны хэлснээр “Нэг л өдөр Монголчууд “Тавантолгойтой байхдаа бид баян байж, Тавантолгойгоо алдсанаар бид ядуу боллоо” гэсээр сууж мэдэхээр байна” гэдгийг сануулах шаардлага тулгараад байна, Ерөнхийлөгч өө.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 March 2016

жижиг хүн жижиг тархитай байдгиймуу

Сэтгэгдэл бичих