Гавьяатуудын өвсийг зарсан хэрэгт ороод буй Улаангом сумын засаг дарга О.Ганхуягийн өмнөх зөрчлийг АТГ шалгаж байжээ

 

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад туслах хандивын тоглолт зохион байгуулж, “Илгээлтийн эзэн” тусламжийн аян өрнүүлсэн билээ. Ингээд тоглолтын ашгаас олсон мөнгөөрөө өвс тэжээл худалдан авч, ОБЕГ хүлээлгэн өгсөн юм.

Харин тус газраас зудтай байгаа аймаг сумад руу хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа.

Гэтэл Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ынхан ханхандивын уг өвсийг худалдан борлуулж, үнэгүй зарж нэлээдгүй ашиг олсон байна. Тодруулбал ачаатай өвс очсон даруй Улаангом сумын ЗДТГ-ынхан нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг зургаан мянган төгрөгөөр зарсан ноцтой хэрэг гарчээ. Увс аймагт хувиарлагдсан өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулах ёстой байсан аж. Зуданд ядарч, зутарсан малчдын өвсийг хүртэл зарж идэх дээрээ тулсан тус сумын Засаг даргын тамгын газрынхан болон Засаг дарга О.Ганхуягийг холбогдох албаныхан шалгах нь зүйтэй байх.

 

Тус сумын засаг дарга О.Ганхуяг өмнө нь нэг бус удаа зөрчил гаргаж, АТГ-д шалгуулж, шүүхээр хүртэл орж байжээ. Тодуулбал өнгөрсөн 2014 оны шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 371 875 /гурван зуун далан нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “төсвийн болон … хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон аж. Мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдах ёстойг ч мөн зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед тэрбээр сум хөгжүүлэх сангийн данснаас 2014.11.26-ны өдөр 127. 500 төгрөгийг урамшуулал утгатайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байсныг АТГ-аас олж тогтоожээ.

Харин үүний өмнө Газрын маргаан, тусгай зөвшөөрлийн тухай хэрэгт холбогдуулан нэр бүхий иргэд түүнийг шүүхэд өгсөн ч Увс аймгийн шүүхээс түүнд холбогдох хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчдийг давж заалдах эрхгүй гэжээ.

 

Н.Ганаа

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих