Ээлжит бус чуулганы зорилго нь цөмийн асуудал биш Р.Гончигдоржийг гишүүнээс нь чөлөөлөх байв уу

14345122195580eb5ba2cd3Ээлжит бус чуулган хуралдах уу…? энэ асуудал өнөөдөр ч гэсэн бүрхэг хэвээр үлдэх нь бололтой. Уг нь өчигдөр өглөө 09.00 цагаас нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй учраас нээлтээ өнөөдрийн хүртэл хийж чадахгүй байна.

Мөн гишүүдийн зүгээс болон иргэдийн зүгээс ээлжит бус чуулганыг эсэргүүцэж байгаа гол шалтгаа нь хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд гэнэт нэг өглөө сэрээд л ээлжит бус чуулган зарлахаар шийдэж захирамж гаргачихсан гэхэд хилсдэхгүй. Иргэдийн эсэргүүцэж байгаагийн учир нь уг хуралдаанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт бодистой холбоотой асуудлуудыг хэлэлцэж батлахаар төлөвлөөд байгаатай холбоотой юм. Өчигдөр зарим иргэд ээлжит бус чуулган хуралдахыг эсэргүүцэж Төрийн ордны баруун талд жагсч, улмаар шар өнгийн нунтаг зүйл асгаж хууль хяналтын байгууллагуудыг сандаргаад авах нь тэр.

Харин өчигдөр үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Хэрэв УИХ үүнийг батлавал бидний болгоомжлоод буй асуудал ард үлднэ. Яагаад ингэж шийдэв. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгармагцаа ийнхүү асуудлыг өөрчилсөн үү. Аль эсвэл цөмийн хэмээх тодотгол зүүгээд буй ээлжит бус чуулганы зорилго “хөшигний” ард байв уу. Магадгүй сүүлийн хувилбар илүү дөхөж очих болов уу даа. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ээлжит бус чуулган зарласан шалтгаан нь сүүлийн үед Үндсэн Хуулийн Цэц рүү өөрийн эрхгүй тэмүүлэх УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх байсан гэнэ. Хэдийгээр хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал багтаагүй ч гэсэн хуулийн дагуу боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-д гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан нөхцөлд чуулганаар хэлэлцүүлнэ гэж заасан байдаг. Хуульчдаас уг асуудлыг тодруулахад гишүүн өөрөө өргөдөл гаргаад УИХ-ын дарга түүнийг нь хүлээн авсан тохиолдолд ээлжит болон ээлжит бус хамаарахгүйгээр уг асуудлыг хэлэлцдэг хэмээн тайлбарлав.

Гэнэт зарлагдсан ээлжит бус чуулганы цаад нарийн тактик нь энэ ч байж болзошгүй юм. Учир нь саяхан хуралдсан Дээд шүүхийн хуралдаанаар Р.Гончигдорж гишүүнийг Цэц рүү “илгээх” асуудлыг сэм хэлэлцэх байсан ч арга буюу хуулийн “дөнгөнд” баригдаад шийдвэрлэж чадаагүй. Хэлэлцэж чадаагүй шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно, гэсэн заалт байдагтай холбоотой. Тиймээс УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү “илгээх”-ийн тулд гишүүнээс нь татгалзуулж, чуулганаар энэ асуудлыг нь эцэслэх хэрэгтэй болжээ.

Эрх баригчид Цэц рүү яагаад өөрсдийн “гар”-ын хүнийг зүтгүүлж эхлэв гэдэг хачирхалтай. Магадгүй Цэц дээр байгаа УИХ болон УИХ-ын даргатай холбоотой асуудлаас болсон. Эвсэл ирээдүйгээ харсан шийдвэр биз. Ирээдүй гэдэг нь тун удахгүй дөрвөн жилд нэг удаа болд УИХ-ын сонгууль болох гэж байна. Тиймээс тэдэнд хуулийн салбарын гол шийдвэр гаргадаг субьектууд нэн чухал болоод байж ч болох талтай. Хамгийн хачирхалтай нь насаараа парламентад сууж, Үндсэн Хуулиас эхлүүлээд бус бараг бүх хуулиудад гар бие оролцож ирсэн Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ямар шалтгаанаар хуулиар зөвшөөрөгдөхгүй асуудлыг барьж гүйв. Цэцийн гишүүнээр томилуулах хүсэлтийг хэн нэгэн албан байгууллага биш тухайн хүн өөрөө өгдөг юм. Тиймээс УИХ-ын гишүүн, бүр дэд даргын албан тушаалыг хашиж байж Цэцэд хүсэлт гаргасан нь сонирхолтой. Эсвэл асуудлыг дээрх таамгын дагуу шийдвэрлэхээр тохирсон учир урдчилаад хүсэлтээ илгээж байж ч болох юм. Аль ч байсан Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү илгээх бололтой. Харин тэд бодсон тооцооныхоо дагуу энэ удаагийн ээлжит бусаар түүнийг чөлөөлөх үү, эсвэл бантсан нүүрэндээ таг дуугүй өнгөрөх үү.

Г.Ган

 


URL:

Сэтгэгдэл бичих