Х.Баттулга ардын дайсан уу, ардын баатар уу?
Монголын нийгэм талцаж байна. Тэр дотор учрыг ойлгохгүй зарим ч бий. Эргэлзэж, тээнэгэлзсэн нэгэн ч байх. Сэдвийн тухайд бол ойлгомжтой.
Тавантолгойн нүүрсний орд, тэрхүү ордоос Монгол Улсын өмнөд хил, дорнод хил рүү тавих төмөр зам тойрсон “зодоон”, оролцогч талуудын тухай бүгд л бичлээ. Тавантолгойг, төмөр замтай нь хэн нь хяналтандаа байлгах вэ гэсэн “зодоон”-оос хальж, одоо ашиг сонирхлын “мөргөлдөөн”-д хүрсэн гэх. Нэг талд Х.Баттулга, түүний тойрон хүрээлэгчид, нөгөө талд “Нүүрсчин нам” хэмээн нэрлэгдээд буй Эм-Си-Эс групп, “Энержи Ресурс” компанийн нэр дурдагдаж буй. Эм-Си-Эс группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Бид Тавантолгойтой, Тавантолгойгүй ажлаа хийгээд явна. “Нүүрсчин нам” гэж ямар нам байдгийг мэдэхгүй. Би “Женко”-гийн тухай нэг ч муу үг хэлж байгаагүй” гэсэн. Харин Х.Баттулга өөрийнхөө болон Тавантолгойн талаар “Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна” гэж ярьдаг.
Ц.Элбэгдорж:
-Тулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн.
Д.Бямбасүрэн:
-Х.Баттулга бол эх орноо, Монголоо гэсэн зөв бодол сэтгэлтэй хүн.
Ж.Оджаргал:
-Тавантолгойтой, Тавантолгойгүй бид ажлаа хийгээд явна.
Х.Баттулга:
-Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна.
Тэгэхдээ одоо тэр ардын төлөө сэлэм эргүүлэгч үү. Хэрэв ардын төлөө сэлэм эргүүлэгч бол одоо тугал сүүлдэгч болох гээд байна уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч түүний туслах, зөвлөх гээд өчнөөн хүнийг АТГ, хууль, хяналтын байгууллагууд шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргээр шалгаж байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа тэргүүтэй эрчүүд нь гадагшаа зугтчихсан бол эмэгтэй голдуу шадар туслахууд нь эхнээсээ баригдаж, хоригдлоо. Түүний туслах Г.Түвшинжаргалыг гэхэд л сэжигтнээр татаж хорьж байсан бол яллагдагчаар татаж батлан даалтад гаргах тухай ярьж эхэллээ. Гэтэл Х.Баттулгын асуудал тодорхойгүй, Зам тээврийн сайд асан, Их Хурлын даргын зөвлөх А.Гансүхтэй хамт өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулж байгаа гэх ч ямар нэг мэдээлэл алга. Олны амыг харвал, зарим нь түүнийг Тавантолгойг харийн мэдэлд өгөхийг эсэргүүцсэн баялгийн хамгаалагч. Монголынхоо эрх ашгийг хамгаалж, урд хөрш рүү төмөр зам тавихыг элгээрээ тэгнэж хэвтсэн “Ардын баатар” гэх. Жишээ нь, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Гадныхантай нийлж, Монголоо гаднаас нь зарж идэж байгаа луйварчид нэг хүний толгойг таслах хэрэгтэй болж л дээ. Х.Баттулга бол эх орноо, Монголоо гэсэн зөв бодол сэтгэлтэй хүн” гэж хэлсэн. Тэгвэл нөгөө хэсэг нь харин ч эсрэгээр Тавантолгойн төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг гацааж, Монголын хөгжлийг боомилсон нүгэлтэн. Хөрөнгө оруулалтыг түлхэж, улс орны эдийн засаг, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлсэн “Ардын дайсан” гэлцэнэ.
Тэр тамирчин, зураач, оёдолчин зэрэг эгэл амьдралын шатаар ахиж, бизнесмэн, “Жи Эй, Жи” корпорацийн захирлаас улс төрд орсон ардын хүү нь үнэн. Тухайн үеийн ТМС, одоогийнхоор бол МСҮТ төгссөн дунд мэргэжилтэй ч Монголын улс төрд мөнгөөр эрэмбээ тогтоож, Барилга, хот байгуулалт, зам тээврийн сайд /хуучин нэрээр/, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаад үзчихсэн сэргэлэн толгой гэдэг нь оргүй биш. Өдгөө 2004 оны сонгуульд Эх орон-Ардчилал эвслээс Баянхонгорт дэвшиж гишүүн болсноос хойш Их Хуралд тасралтгүй сууж байна. Харин одоо тэр “Ардын баатар”, “Ардын дайсан” хоёрын аль нь вэ?
Х.Баттулгатай холбоотой яригдаж буй сэдвүүд захын хүн бариад авчихгүй хөрөнгө мөнгөтэй холбоотой том асуудлууд байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Баттулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн. Би ав л гэсэн” гэж хэвлэлд ярьсан. Харин одоо бол Төрийн тэргүүн “Хууль, шүүхийн байгууллагад шалгуулахгүй байгаа хоёр хүн байна” гэсэн мессэж өгч АТГ-ыг Х.Баттулга руу турхирч байх шиг. Х.Баттулгатай холбоотой яригдаж буй мөнгө жирийн хүний санаанд багтах байтугай зүүдэнд ч оромгүй том тоотой гэдгээрээ бас онцлог. Анх таван хүний дансаар мөнгө угаажээ гээд шуугисан. Түүний баруун гар А.Гансүхийг бондын мөнгөнөөс 400 саяыг шийдвэрлэж, 200 саяар нь компаниудаар ажил гүйцэтгүүлсэн нэртэй алга болгосон гэж ажлын хэсэг шалгаж байв. Идсэн, завшсан нийт мөнгөний дүн зургаан тэрбум төгрөг болж байгааг ярьж, бичсэн нь цөөнгүй. Эгэл ардын толгойд ч багтамгүй их мөнгө яригдаж байгаагаас үзэхэд тэр “Ардын дайсан” баймаар. Харин өөрийнх нь хэвлэлд ярьсан болон Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэн үг, дээр нь түүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн “Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. АТГ-ын дарга, прокурор, шүүгчдийг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч. Би хэнийг ч томилдоггүй. Хуулийн байгууллагад хувийн компанийн гар хөл болж байгаа хүмүүсийг зайлуул гэж би хэлсэн” хэмээснийг тунгаавал Х.Баттулга нээрээ “Ардын баатар” мэт. Ийм хоёр талтай байгаа ч хууль, хяналтын байгууллагууд шалгаад үнэн зөвийг тогтоох биз. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй түүний туслах Г.Түвшинжаргалын ээж ч гэсэн өчигдөр хэвлэлд ярихдаа “Төрдөө итгэж байна. Үнэн зөвийг олоод гаргаад ирнэ гэж итгэж сууна” гэсэн байсан. Х.Баттулга ч бас тэгж хэлсэн. Тэгэхээр харах л үлдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ОЛДОХ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баттулга бол ардын биш ээ улсын дайсан шүү дээ. Надаас өөр хүн баяжих гээд байна гэсэн харалган бодолтой л ядарсан эр хүн. Таван толгойн талаар худлаа эх оронч юм ярьсан хүн. үнэхээр чадалтай юм бол 5 толгойн нэг толгойд ухаа худаг шиг юм бариад нүүрсээ борлуулаад улсад татвараа өгөөд яваг л дээ. заавал энержи ресурс руу дайраад яахав дээ. тэр их нүүрсний нөөцтэй ордын одоо байгаа баруун зүүн цанхын нэгийг нь бариад үйлдвэрээ бариад явал даа .нөгөө хүмүүс чинь чиний авсан хөтлийн цементийн үйлдвэр дарханы төмөрлөгийн үйлдвэрийг чинь зүгээр л байна шүү дээ өөрийнхөө урдхыг л хийж сур . Элбэгээгийн асуудалд олон талаас хардаг нь зөв шүү дээ. улсын чанартай том бизнесүүд бие биенээ дэгээдээд хэн хожих гээ вэ.Баттулгыг үнэхээр гайхаж байна шүү. Битгий бусдын хоолыг булаа өмнөхөө л хийж сур
шаадаг муу лалар вэ чи элбэгээ та хоёр муу улсаа зарж идэх бусдын дэвсгэр болгох гэсэн лаларууд хошног нүүртэй лалар үгээ мэдэж гоншгино
Баттулгын талаар үнэн л бичсэн байна шүү дээ