Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-4
Түрүүч нь http://www.polit.mn/content/77518.htm,
http://www.polit.mn/content/77647.htm,
http://www.polit.mn/content/77777.htm
“Монголиа гладвилл Увс петролиум” компани Засгийн газартай 2015 оны тавдугаар сарын 4-нд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулснаас таван сарын дараа ийнхүү улсад бүртгэлтэй болжээ.
Харин 2014 онд “Увс бадрал” компани байгуулагдаж байсан байна.
Увс аймаг дахь “Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан “Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуул хийх аргаа хоёр өөрөөр танилцуулсан баримтыг өмнөх нийтлэлд онцолсон билээ. Олны нүдэн дээр байгаа мэдээлэлдээ “Манай компани газрын чичирхийлэл үүсгэхгүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Хоёр ба гурав хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргэн оруулахад хүндрэл үүсдэг” хэмээн түмний нүдийг хуурчихаад эсрэгээрээ ажиллаж байгааг анхаарах дарга, даамал, мэргэжлийн байгууллага байна уу, ер нь. Гол нуур, хөрс шорооны соргог нь бүрдсэн, ил далд “нинжа”-нуудын гар хүрч амжаагүй Увсын хязгаарт гадны компани “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг өөрийн дураар аашилж байгаа баримт энэ бус уу.
АЙМГИЙН АН-ЫН УДИРДЛАГУУД “УВС-1”-Д ШУРГАЛЖЭЭ
Үнэндээ “Увс-1” талбайг тойрсон компани, хүмүүс хоорондоо ашиг сонирхол нэгтэй болжээ. Увс аймаг 2012 оны сонгуулиар “цэнхэртэж”, АН-ынхан эрх барих болсон билээ. Тэгвэл газрын тостой холбоотой ажиллагааг удирдаж байгаа хүмүүс бүгд нэг намынх аж. “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн удирдлага буюу газрын тосны төсөл хариуцсан захирал Б.Бат-Амгалан аймгийн АН-ын дэд дарга. Газрын тосны салбарын дарга М.Ганбаатар мөн л дэд дарга байсан нэгэн. Харин газрын тосны ажиллагаанд аймгаа төлөөлөн бүх үйл ажиллагаа, холбогдох ажлын зөвшөөрлөөр хангаж байгаа нь аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн. Тэрээр аймгийн АН-ын дарга асан. “Увс-1” талбайд газрын тостой холбоотой ажил эхэлснээс хойш эдгээр хүмүүс бийлэгжүү болж, хөрөнгөжсөнийг Увсынхан захаас аваад хэлнэ лээ. Захын жишээ л гэхэд, Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор “Монголиа гладвилл Увс петролиум” компани орон нутаг дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжиж жил бүр 100 000 ам.доллараар санхүүжүүлэхээр болсон байдаг. Өөрөөр хэлбэл, аймаг дахь Газрын тосны салбарт жил бүр 200 сая төгрөг олгохоор болсон гэсэн үг. Энэхүү хөрөнгийг Газрын тосны салбарын дарга М.Ганбаатар ганцаар захиран зарцуулах эрхтэйг нутгийнхан онцолж “Энэ их хэмжээний мөнгө нэг л хүнд зориулагдаж байгаа хууль зөрчсөн явдал. Ард түмэнд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах ёстой байсан. Увсын дарга нар газар нутгийг минь зарж дуусах нь” хэмээн бухимдаж байна лээ. Суманд ч газрын тосны хайгуулд ажиллаж байгаа хүмүүс, ажилчдын хоол хүнс, хэрэглээг хангагчид энэ намынх байгаа ажээ.
Нэг намаар ноёрхсон, нэг ашиг сонирхолд дулдуйтсан хүмүүсийн гайгаар л газрын тосны хайгуулын ажиллагааг хууль бусаар эхлүүлж, ард иргэдийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа бус уу.
Тэд ямар эрх мэдэлтэй болоод ингэж аашилна вэ, энэ компани хууль ёсных байсан уу. Ингэж асуух, хардах эрх сэтгүүлч надаас эхлээд энгийн иргэнд ч бий. Энэ асуултад хариулт эрж, хэд хоногийн турш төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хаалгыг татаж, байгаль орчин, газрын тосны мэргэжилтнүүдтэй уулзав. Ингэж явах бүр Увсын хонхорт өрмийхөө мөрийг гаргаад удаа ч үгүй компанийн түүх улам баяжиж, ноцтой баримтууд олдсоор байв.
Тэдгээрийг дэлгэхийн өмнө Газрын тосны газраас “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн талаар өгсөн мэдээллийг сонирхуулъя.
АНУ-ЫН “black stone” САН 600 САЯ АМ.ДОЛЛАРААР САНХҮҮЖҮҮЛНЭ ГЭЖЭЭ
“Монголиа гладвилл Увс петролиум” компани “Гладвилл” компанийн “охин”. “Гладвилл” нь БНХАУ-ын засаг захиргааны нэгж Хонконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Тус компани Монгол Улсад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны аравдугаар сарын 7-нд Хонконгод байгуулагджээ. Харин “Увс-1” талбайд сонгон шалгаруулалт зарлах ажиллагаа 2011 оноос эхэлсэн байдаг. Олон улсад нээлттэй тендер зарлагдаагүй, энэ тухай мэдээлэл гараагүй байхад жилийн өмнө гадаадад “зорилготой” компани байгуулагдаж байсан нь сонирхолтой байгаа биз. Гэхдээ доор дурдах баримтуудын дэргэд бол энэ юу ч биш.
Танилцуулгын мэдээллийг үргэлжлүүлье. Компанийн хувьцааг Chen Ping, Weng Yong Xi нар 50, 50 хувиар эзэмшдэг. “Гладвилл” 2012 оны тавдугаар сарын 30-нд “Увс-1” талбайд олон улсад нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад ялж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхтэй болжээ. Дашрамд дурдахад, олон улсад нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад “Гладвилл”-тай Монголын томоохон компаниуд өрсөлдөж байжээ.
“Гладвилл” компани өөрийн 80 хувь, Монгол Улс дахь “Увс Бадрал” компанийн 20 хувийн хөрөнгө оруулалтаар “Монголиа гладвилл Увс петролиум” компанийг 2014 оны нэгдүгээр сард /Энэ хугацааг сайн тогтооно уу/ үүсгэн байгуулсан гэжээ. Ингээд “Монголиа гладвилл Увс петролиум” компани Монгол Улсын Засгийн газартай 2015 оны тавдугаар сарын 4-нд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан байна. “Гладвилл” компанийн удирдлагууд хөрөнгө ихтэй, БНХАУ-даа газрын тосны салбарт олон жил ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчнүүд болохыг ч онцлон тэмдэглэсэн байв. Харин “Увс-1” төслийн хөрөнгө оруулагч нь АНУ-ын “Black stone” сан гэнэ. Хайгуулын ажилд зарцуулах 827 сая ам.долларын 600 саяыг тус сангаас санхүүжүүлэх бол “Гладвилл” үлдсэнийг гаргана гэжээ. Түүнээс гадна газрын тосны хайгуул хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх туслан гүйцэтгэгч компаниудын нэр ч танилцуулгад дурайж байна. Тэд ч бас улсдаа шилдгүүд гэнэ.
Уг нь манай улсад газрын тосны чиглэлийн чадварлаг боловсон хүчин, шилдэг тоног төхөөрөмжтэй компани захаас аваад л бий. Харин манай төрийнхөн болохоор тэдний хүч чадал, хөрөнгө санхүү хүрэхгүй гээд голдог. Яах вэ, гадны чадвартай, туршлагатай компаниудыг оруулж ирж болно. Гэтэл “Гладвилл” гэх компани хөрөнгө оруулагч, тоног төхөөрөмж нийлүүлэгч, хайгуулын ажлыг өөрсдөө биш бусдаар хийлгэх нь. Тэд ерөөсөө Монголын газар нутгийг Хятадад “зарж” байгаагаас өөрцгүй. Ийм зүйлийг хүлээж авдаг, гэрээ байгуулдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ХУУРАМЧ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН УУ?
“Гладвилл” компани үнэхээр хөрөнгөтэй, найдвартай, түүний “охин” нь ч баталгаатай юу. Эсвэл өнгөн арьс нь энэ үү.
Хил дамнан үйл ажиллагаа явуулах эрхтэй компанийн хувьд наад захын энгийн мэдээлэл нээлттэй байх ёстой. Компанийн захирал, ажлын туршлага, бүтэц, боловсон хүчин, хаяг байршлаас эхлээд түгээмэл мэдээлэл “Гладвилл”-д үгүй ажээ. Хонконгийн зах зээлд “Гладвилл” компани нэрнээс цаашгүй, 2010 онд байгуулагдаж, Хонконгод бүртгүүлсэн гэхээс өөр мэдээлэл олон улсад алга. Монгол Улсын хувьд ч тэр. “Гладвилл” битгий хэл хувь нийлүүлэгч “Увс Бадрал”, төслийг хариуцагч “Монголиа гладвилл Увс петролиум” гээд аль алиных нь мэдээллийг эрээд олсонгүй. Увсынхан ч өөрсдөө энэ компаниудын талаар нэрнээс цаашгүй гэхээс өөр мэдээлэл өгч чадсангүй. Сурвалжлагын явцад Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад асуулга хүргүүлсан юм. Тэд “Аливаа компанийн бенефицар өмчлөгчийн мэдээлэл нь одоогоор ил тод болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа хэрэв тухайн компани материаллаг төлбөр төлсөн, ОҮИТБС-ын нэгтгэл тайланд хамрагдсан бол энэхүү мэдээллийг сайн дураар тайлагнах боломж бүрдсэн байгаа. “Гладвилл” ХХК нь ОҮИТБС-ын нэгтгэлд хамрагдаж байгаагүй тул энэ мэдээлэл мөн байхгүй байна” гэх нь тэр.
“Монголиа гладвилл Увс петролиум” компани 2014 оны нэгдүгээр сард байгуулагдсан тухай албаны мэдээллийг дээр өгүүлснийг уншигч та анзаарсан байх. Гэтэл үгүй ажээ. Тус компанийг 2014 оны нэгдүгээр сард биш жил гаруйн дараа буюу 2015 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн баримтыг та харж байна.
Энэ мэдээллийг бататгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорьсон юм. Бүртгэлийн ажилтнууд “Монголиа гладвилл Увс петролиум” компани 2015 оны аравдугаар сард байгуулагдсаныг баталж байв. Харин 2014 оны хоёрдугаар сард хувь нийлүүлэгч “Увс Бадрал” компани улсад бүртгүүлж байж. Баримт нь ч энэ байна.
Аливаа хуулийн этгээд улсад бүртгүүлж хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдгээ авсаныхаа дараа албаны үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулах эрхтэй болдгийг хэн ч мэднэ. Тэгвэл, энгийн иргэн, компанийн хоорондын гэрээ биш, бүр Монголын Засгийн газар улсад бүртгэлгүй, хуулийн этгээд болж чадаагүй субьекттэй гэрээ хийсэн болж таарлаа.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: