УИХ-ын дарга З.Энхболдын ээлжит бус чуулганы өвөрмөц тактик

145920809456f9bf9eb6a71УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнөөдөр ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Цагаан сараас хойш хоёр дахь удаагаа хуралдах гэж буй ээлжит бус чуулганаар уран, цөмийн материал, ашигласан түлш, цацраг идэвхит хаягдлын менежментийн асуудал гээд нэлээдгүй чухал асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөө гаргаад байна. Өнөөдөр эхлэх ээлжит бус чуулан З.Энхболд даргын зарлан хуралдуулж буй зургаа дахь удаагийн ээлжит бус чуулган нь. Өмнө нь тэрбээр тун чухал таван асуудлыг ээлжит бус чуулганаар шийдвэрлүүлж байжээ. Өөрөөр хэлбэл эрх баригчдын зүгээс ээлжит бус чуулганаар дандаа ач холбогдол өндөртэй, чухал, иргэдийн зүгээс эсэргүүцдэг асуудлуудыг хэлэлцэж батлуулдаг “муу” зуршилтай. Өнөөдөр гишүүдийн ирц хэрхэн бүрдэхээс шалтгаалж Засгийн ирээдүй харагдах болно. Тэр хэрээрээ З.Энхболд даргын нам дотроо болон Их Хурлын танхим дахь нөлөөллийн цар хүрээ мэдрэгдэх байх. Арай ч өнгөрсөн ээлжит бус чуулган шиг ирцээ бүрдүүлж чадахгүй хөгөө чирэхгүй байлгүй. Ер нь эрх баригчид хийгээд Их Хурлын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы зарлан хуралдуулж, өөрсдөдөө ашигтай хуулиудыг сэм батлаад сурчихлаа. Өнгөрсөн 2012 онд гэхэд л Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг намдаа хэрэгтэй баталснаар ирээдүй нь гэрэлтсэн түүхтэй. Түүний ачаар орон нутагт АН ялалт байгуулсан гэдэг нь ч үнэн. Ингээд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байсан түүхийг эргэн сөхье.

УИХ-ын дарга 2012 оны сонгуулийн дараа анхны ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулсан. Ингэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг олонхийн хүчээр хүч түрж баталж байсан. Тухайн үед сөрөг хүчин болон бие даагчид сонгогчдын сонгох, сонгогдох эрх чөлөөнд халдсан, хууль зөрчсөн хуулийг батлах гэж байна гэж дэмбий “бахирсаар” арга буюу олонх болсон АН-ынханд дийлдсэн. Товчоор хэлбэл эрх баригчид тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан 20 гаруй хуулийг зөрчсөн хуулийн төслийг баталсан юм.

Хоёр дахь ээлжит бус чуулган нь 2013 оны есдүгээр сард хуралдсан. Уг чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар хичээсэн боловч нэг ч асуудлыг нь эцэслэж чадалгүй өндөрлөсөн. Эрх баригчид урт нэртэй хуулийг өөрчилснөөр лицензээ хураалгаад байсан Сентерра гоулдаас эхлээд олон арван алтны компаниуд олборлолт хийх эрх нь нээгдсэн.

Гурав дахь ээлжит бус чуулган нь өнгөрсөн оны долдугаар сард болсон. Уг чуулган хамгийн бохир ээлжит бус чуулган байлаа. Уг чуулганаар МАН-ыг хамтарсан засгаас хөөхөөс гадна эрх баригчид олигархуудын бүлэглэлийг дэмжсэн хоёр ч хуулийн төслийг баталж гаргав. Тодруулбал, Баячуудын хөрөнгөө ил болгох, тэднийг уучлах эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталсан. Дараа нь алдарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн батлан. Эдгээр хуулиудын ач тус маш олон авилгачид суллагдаж, маш олон хөрөнгөө нууна дарагдуулсан баячууд “уснаас хуурай” гарсан.

Дөрөв дэх ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сард зарлан хуралдуулсан. Уг чуулганаар эзэнгүй болоод буй сайд нарын орон тоог бөглөж МАХН-ын болон МҮАН-ын зарим гишүүдийг сайдын албан тушаалд томилсон. Гэвч тэд давхар дээлний тухай яриагаа мартаж зарим гишүүдийг нь далан давхар дээлтэй болгож орхив.

Тав дахь ээлжит бус чуулган өнгөрсөн сард болсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж батлав. Анх байнгын хорооны хуралдаанд хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй асуудлыг оруулж ирж хүч түрэн хэлэлцэх шийдвэр гаргаснаар уг асуудал босч ирсэн. Эрх баригчид Цэцийн дарга Ж.Амарсанааг хуулийн дагуу эгүүлэн татаж байна хэмээн муйхарласан ч Дээд шүүхээс ямар нэгэн санал ирээгүй байхад асуудлыг хүч түрэн баталсан юм. Ингэснээр Үндсэн хуулиа зөрчсөн бөгөөд одоо ч тэрхүү хэрүүл, маргаан нь өндөрлөөгүй байгаа  юм. Харин тухайн үед эх сурвалжууд АН-ынхан Цэцийн даргаар Р.Гончигдорж гишүүний томилох санаархалтай ингэж байна гэж байв. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд Р.Гончигдорж гишүүн Цэцийн шүүгч болохоор өргөдлөө өгөөд байгаа юм.

Зургаа дахь удаагийн буюу өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой маш чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбоотой багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байна.

Тухайлбал: 

  1. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  2. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  3. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  4. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  5. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Ийнхүү гэнэт Цөмийн хог хаягдлыг хэлэлцэх болсонд байгаль орчны төлөөх ТББ-ууд ихээхэн  дургүйцэж, хардлага төрүүлээд байгаа юм. Уран, цөмийн хог хаягдлыг газрын дор булшлах нь маш аюултай гэдгийг олон нийт болон эрх баригчид хангалттай мэдэж байгаа. Гэвч тэд ямар шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан байж уг асуудлыг хэлэлцэх болов гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Тэд нөгөө л нэг ээлжит бус чуулганаар хийдэг хуудуутай, хууль зөрчсөн үйлдлээ хийхээр төлөвлөв үү. Ямар ч байсан өнөөдөр ээлжит бус чуулган эхэлнэ. Харин ирц бүрдэх үү, үгүй юу гэдэг сонирхол татаж байна.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих