Монголын баялаг, Засгийн газрын баталгаа Рио Тинтог хөлжүүлчихжээ

Нэр бүхий УИХ-ын гишүүн, төрийн бус байгууллагынхан хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэхээр Оюутолгойн зүгээс хариу мэдэгдэл, элдэв ажлын байрны санал, тендер санал болгоод газар авахуулалгүй дарчихдаг. Тэгвэл энэ удаа УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлснээр энэ намрын төдийгүй 2012 оны сонгууль хүртэлх дуулиан дэгдээд байна.
Гэхдээ энэхүү дуулиан нь хоосон пиар, сонгууль угтсан зүйл биш шүү. Монголын ард түмэн баялагтаа эзэн байя. Баялгийнхаа өрөмийг гадныханд үнэгүй өгчихөөд өөрсдөө хусамчгүй, өртэй үлдэж буй нь шударга бус гэж үзээд хөрөнгө оруулатын гэрээг сайжруулж Монгол Улсад ашигтай байдлаар хийхэд санал нэгдсэн гишүүдийн шаардлага. Энэ шаардлага гарын үсэг зурсан 20 гишүүнээр хязгаарлагдахгүй, ард түмний хүсэл сонирхол байгаа хэмээн шаардлагыг үзэглэсэн гишүүд хэлж байна. Тэдний хувьд гэрээ хууль бус, Монгол Улсын талд ашиггүй болсон гэдгийг батлах хангалттай судалгаа, баримт тайлбар байгаа гэх.
Тиймээс энэ удаа нам эвсэл гэж талцаж, хэн нэгэнээс айж, ичиж эмээлгүй гарын үсгээ зурсан гэж байгаа. Засгийн газарт шаардлага хүргүүснээс хойш гарын үсэг зурсан 20 гишүүн хэн байв, аль аль намын гишүүд багтсан бэ гэсэн олон таамаг байсан. Ерөнхий сайдад хаягласан шаардлагад МАН-ын 8, АН-ын 9, ИЗНН-ын 1, бие даагч 1 гишүүнээс гадна шинээр нам байгуулж буй нэг гишүүн багтсан байна.

УИХ-аас баталсан 57 дугаар тогтоол, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг үндэслэн байгуулахыг үүрэг болгосон билээ. Гэвч Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, Ашигт малтмалын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
Энд онцлоход хөрөнгө оруулагч гэдэг үгийн утгыг ойлгомжгүй болгочихоолд байгаа. Хуулиар төдийгүй энгийн ойлголтоор өөрийн хөрөнгөөр тухайн үйлдвэрлэл үйлчилгээг эхлүүлээд зардлаа нөхөхийг хэлдэг баймаар. Тэгвэл Айвенхоу майнз, Рио Тинто компанийн хувьд хоосон гуяа ганзаглаж ирээд Оюутолгой ордын баялаг, Монголын Засгийн газрын баталгаагаар дэнчин тавьж дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө болгож байна. Энэ мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, Монголын Засгийн газарт  өндөр хүүтэй зээлүүлж байна.
Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд гадаадын хөрөнгө  оруулалтыг ямар хэлбэрээр хийхийг тодорхой заасан байна.
5 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын төрөл
1. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь төрлийн хөрөнгө оруулалт хийж болно:
1/чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнг төгрөгөөр олсон орлого;
2/хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх;
З/оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх гэжээ.
Гэтэл монголчууд хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын хувьд 34 гэсэн ч Хувь нийлүүлэгчдийн гэх нууц гэрээгээр хувь эзэмшилгүй үлдчих дөхсөн. Асуулга шаардлага болж байж Айвенхоу майнз компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард сууж байж 34 хувиа авч үлдлээ. Одоо 50 хувийн эзэмшилдээ эзэн суухын тулд дахин хэлэлцээр хийх  хэрэгтэй болчихоод байна.
2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн Газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед” компаниудын хооронд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Дэлхий том хэмээн  цээжээ дэлдэх эдгээр компаниуд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 4.7 гэж санал болгож байжээ. Гэтэл гэрээ байгуулагдахад 30 жил болсон юм. 30 жилийн дараа монголчууд 50 хувь ч үгүй, ёлтойх зэс ч үгүй үлдэх болчихоод байна.
Тэгэхээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн хуралдаанаар Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, 50 хувьд хүргэх болон нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар Айвенхоу Майнз Лимитед болон  Рио Тинто интернейшнл Холдингс Лимитед компанид албан бичиг явуулж, яриа хэлэлцээнд урихыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасан юм.
Ирэх долоо хоногт УИХ-ын 20 гишүүний шаардлагын хариу өгөхөд энэ ажил ямар явцтай байгаа нь тодорхой болно.  Рио Тинто компанийн хувьд ямар хариу барина түүгээр асуудал шийдэгдэх болчихоод байгаа. Учир нь энэ компани  “Айвенхоу майнз Лимитед”-ын 49 хувийн хувьцааг эзэмшихээр болсон байна. Өмнө нь  Рио Тинто компани  тус компанийн  48,5 хувийн хувьцааг эзэмшиж байсан юм. Рио Тинто компани  Айвенхоу майнз-ын 0,5 хувийн хувьцааг нэмж авахын тулд 73 сая канад доллар буюу америк доллараар 2,3 саяыг төлсөн байна.
Хоёр компанийн үйл ажиллагааны хүрээнд тус гэрээг байгуулснаар Рио Тинтогийн хувь эзэмшил 49 хувьд хүрч байгаа. Монголчуудыг нас хүйс, албан тушаал, яс үндэс, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж, хагаралдуулахад хүрээд байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяа  намрын чуулганы хугацаанд  шийдэгдэнэ.
Ц.Ургамал

URL:

Сэтгэгдэл бичих