Байгаа оноогүй бодлогын зээл

181646-24032016-1458795335-1202446749-oron_suutsХөдөө нутгийг хүнтэй, хөгжилтэй болгож, нийслэлийг чиглэх их нүүдлийг зогсоох төрийн бодлогын нэг нь Сум хөгжүүлэх сангийн зээл байсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гэсэн төрийн үйлчилгээний хэдхэн байгууллагаас өөр ажлын байргүй сумдад үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх боломж бүрдүүлэх үүднээс 2011 онд УИХ хууль гаргаж, Сум хөгжүүлэх санг бий болгож байсан түүхтэй.

Гурван жилийн хугацаатай, жилд 0-3 хувийн хүүтэй, арилжааны банк шиг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл авна гэдэг гарааны бизнесээ эхлүүлж буй хүнд хамгийн таатай нөхцөл. Уг зээлийг тухайн сум орон нутгийн удирдлага, иргэдийн нээлттэй хэлэлцүүлгээр хамгийн сайн ажлын байр бий болгох төслүүдэд өгөх учиртай.

Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш нийт 84 тэрбум төгрөгийг 330 суманд олгожээ. Үүн дээр зээлийн хүү нь нэмэгдвэл 122 тэрбум 653 сая болж буй.

22.6 тэрбум төгрөгөөс 37 орчим тэрбум нь л эргэн төлөгдсөн

Гэхдээ хүн амын тооноос хамаараад мөнгөн дүн нь ялгаатай. Тухайлбал, хүн ам цөөтэй суманд жилд 50 сая төгрөг олгосон бол нягтаршил ихтэй аймгийн төвүүдэд ногдох зээлийн эх үүсвэр нь 260 саяд хүрч байсан аж. Зээлийг нийт 23,181 аж ахуйн нэгж, иргэнд олгосон гэх статистик тоо Засгийн газрын хэвлэлийн мэдээнд бий.

Гэвч зээлийн эргэн төлөлт ердөө 34 хувьтай байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 122.6 тэрбум төгрөгөөс 37 орчим тэрбум төгрөг л эргэн төлөгдсөн гэсэн үг. Харин үлдсэн мөнгө нь хаачив?

Анх 24 тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр эхэлсэн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хэл ам дагуулсан. Учир нь сангийн зээл зорилтот хэсэгтээ хүрдэггүй, сумын Засаг дарга нарын танил тал, садан төрөлд олдоод, бизнес хийе, үйлдвэрлэл эхлүүлье гэсэн жирийн иргэд авч чадахгүй байна гэсэн гомдол гарах болсон юм. Мөн зээл авсан иргэд тухайн төсөлдөө зарцуулахгүй, өөр зүйлд ашиглах тохиолдол ч чих дэлсэж байв.

Орон нутгийн хөгжлийн сангаас ялгаатай нь Сум хөгжүүлэх сан ЖДҮ-ийн төслийг тухайн сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдсан, орон нутагт эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, нэн шаардлагатай ажлын байр бий болгох төслийг санхүүжүүлэх ёстой байв. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж буй Сум хөгжүүлэх сангийн мөнгө Засаг дарга нарын садан төрөл, танил талыг “хөлжүүлэх”-эд зориулагдсан нь үнэний ортой аж.

Энэ мэтчилэн олон асуудал үүссэн талаарх гомдолд үндэслэн холбогдох албанаас шалгалт хийж эхэлжээ. Баянхонгор, Өвөрхангай аймагт хийсэн шалгалтын мониторингоос л харахад хэд хэдэн нийтлэг зөрчөл бүх сумаас илэрсэн байх юм.

Тухайлбал, эсгийний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх төсөл бичин, 13 сая төгрөгийн зээл авсан иргэн нарийн боов хийх тоног төхөөрөмжөөс гадна өөртөө автомашин худалдан авсан нь тогтоогдсон аж. Харин авсан зээлээсээ 6.3 саяыг нь төлөөгүй байжээ.

Түүнээс гадна бариа заслын чиглэлээр ажлын байр бий болгохоор 12 сая төгрөг аваад хувьдаа сууц бариулчихсан зөрчил ч бий. Авсан зээлийнх нь үлдэгдэл 10.9 сая төгрөг гээд боддоо. Сум хөгжүүлэх сангийн зээлийг ийнхүү зориулалтын бусаар ашиглаад зогсохгүй ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зээлдэгч бий гэх.

Тухайлбал, 2013 онд гурван сая төгрөгийн зээл авсан хүн бичсэн төслийнхөө чиглэлээр үйл ажиллагаа огт явуулаагүй төдийгүй одоо хүртэл оршин суугаа газар нь ч тодорхойгүй, усанд хаясан чулуу шиг алга болжээ. Харин зээлийн үлдэгдэл нь 2.6 сая төгрөг.

ЗАСАГ ДАРГА НАРЫН ХЭРЭГ АТГ-Д ШАЛГАГДДАГ 

Иймэрхүү зөрчил зөвхөн саяын шалгалтаар илрээд байгаа юм биш. Өмнө нь ч гэсэн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан дутагдал гардаг байсан нь албаны шалгалтаар тогтоогдож байжээ.

Өмнөх Засгийн газрын үед жижиг, дунд үйлдвэрийн асуудал Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг байсан. Хөдөлмөрийн яамны холбогдох газар нь мөн л Сум хөгжүүлэх сангийн зээлийн зарцуулалт, үр дүн, хэрэгжилт, эргэн төлөлт ямар байгааг тогтоох шалгалтыг хийж байсан баримт байна.

Шалгалтаар хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хэрэгтэй эздэдээ очдоггүй, улстөрждөг, тухайн сумын Засаг даргын Тамгын газар тойрсон хэдхэн хүний мэдлийн хүрээнд хуваарилагддаг зөрчил илэрч байсан аж. Мөн төслийг сонгон шалгаруулах комиссыг хуулийн дагуу байгуулдаггүй, төсөл сонгон шалгаруулахдаа ард олноороо хэлэлцэх ёстой гэсэн журмыг хэрэгжүүлдэгүй гэх мэт дутагдал газар авсан байж.

Зөрчлийг дурдаад байвал дуусахгүй урт жагсаалт болно. Баруун гурван аймгийн зургаан суманд л шалгалт хийхэд сумын Засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдаагүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа, эсэх нь тодорхойгүй байж.

Мөн Төв аймгийн Баянчандманьд Сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдаагүй байжээ. Батсүмбэрт л гэхэд сумын Засаг дарга Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа учир төрийн сан нь хаагдсан гэх дүгнэлтийг тус шалгалтын багийнхан хийсэн байв.

Энэ бол тус сангийн хөрөнгийг захиран зарцуулахдаа гаргаж буй наад захын зөрчил. Сум хөгжүүлэх сангаас гаргаж буй зээлийн хүүг Засаг дарга тогтоох эрхтэй. Журмандаа 0- 3 хувийн хүүтэй гэж тусгасан ч даргатай таагүй харьцаатай бол гурван хувь, “таалдаг” хүндээ ямар ч хүүгүй өгчихдөг тал ч байсныг шалгалтыг дүнгээс харж болно.

Даргатай таагүй харьцаатай бол гурван хувь, “таалдаг” хүндээ ямар ч хүүгүй өгчихдөг тал ч байсан аж

Энэ мэтчилэн удаа дараагийн шалгалт Сум хөгжүүлэх сангийн мөнгө ямар ч хяналтгүй, эргээд хариуцах эзэнгүй, үр дүнгүйгээр, ямар нэгэн но-той тараагдаж буйг баталж байна. Мэдээллээ баталгаажуулах үүднээс энэ мэт аймаг, сумын Засаг дарга нартай холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж байгаа, эсэхийг нягтлав.

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийдэг. Гэтэл Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, тэдгээрийн зарцуулалттай холбоотой зөрчил олноор илэрч байгаа талаар албан сайтдаа мэдээлжээ.

Хувь хүний эрхийг хүндэтгэх үүднээс нэр, албан тушаалыг нь энд нууцлая. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтан “Сум хөгжүүлэх сан”-гаас өөрийн нэр дээр зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан тул АТГ-аар шалгагдаж буй тохиолдол ч байна.

  •  Хүн ам ихтэй аймгийн төвүүдийн сумд ногдох зээлийн эх үүсвэр нь 260 сая байсан.
  •  “Сум хөгжүүлэх сан”-гаас өөрийн нэр дээр зээл авч, зориулалтын бусаар ашигласан.
  •  Ажлын байр бий болгохоор 12 сая төгрөг аваад хувьдаа сууц бариулчихсан зөрчил ч бий

Тиймээс Засгийн газар Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмыг өөрчилжээ. Шинэ журмаар зээлийн хүүгийн хэмжээ нь жилд гурван хувь байх аж. Энэ нь Засаг даргын үзэмжээр шийддэг байдлыг арилгах зорилготой аж.

Мөн зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй зээлийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө. Алдангийн хэмжээг сумын Засаг дарга болон зээлдэгчтэй байгуулах Зээлийн гэрээнд тодорхой тусгана хэмээн заажээ.

Түүнээс гадна сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байх юм. Тэр тусмаа хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайланд тухайн сумын иргэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болох юм байна.

Хамгийн чухал нь сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан, арилгахаар болсон нь удирдлага тойрсон, улстөржсөн, танил талаа харж ханддаг байдал арилна хэмээн тооцоолж байна.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих