Х.Баттулгыг улстөрөөс явуулах ерөнхийлөгчийн санаа биелэх үү?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзахдаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон асуудлаар байр сууриа хатуухан илэрхийлэв. Ил ба далд хэлбэрээр хэлсэн түүнийг үг ерөнхийдөө АН-ын дотоод эв нэгдэл ямар хэмжээнд байгааг харуулсан ч гэж болно. Ерөнхийлөгч хэдий албан үүргийнхээ дагуу намын харьяаллаасаа татгалзсан хэдий ч мөнхөд энэ суудал дээр байхгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад ердөө жил гаруйхан хугацаа үлдчихээд байна. Ийм үед АН-ын хүчтэй фракц МоАХ-ын эсрэг дайнаа идэвхжүүлсэн нь нөгөө л сонгууль дамнасан “намналт”-ын хэлбэр мэтээр олон нийтэд харагдаж байгаа нь нууц биш.
Тэрээр ”Улстөрч нь улс төрөө, бизнесмен нь бизнесээ л хий хэрэгтэй” гэсэн битүү утгатай өгүүлбэр чулуудаж, Х.Баттулга, М.Оджаргал хоёрыг нэг нутгийнх, хоорондоо эвээ олох хэрэгтэй гэсэн үгээр зөөлрүүлэв. Энэ нь өнгөн дээрээ М.Оджаргалыг бизнесээ хийж, Х.Баттулыг улстөрчөө хийгэээд яв гэсэн утгаар ойлгогдсон байж болох. Гэвч улс төрд орж ирчхээд хулгай хийх гээд улайраад байх хэрэггүй гэсэн үгээрээ тэр Х.Баттулгыг онилсон нь тодорхой. Тавантолгойн асуудлаас болж, нэлээд эртнээс хоорондоо санал зөрөлдөх болсонХ.Баттулга, ерөнхийлөгч хоёрын зөрчил сонгуулийн өмнөхөн ингэж хурц шатандаа шилжив.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Улстөрөөс яваад өг” гэж хэд хэдэн удаа шахаж, сануулж байсан гэх.
Гэтэл нөгөө талд ерөнхийлөгчийн ”Чи бол улстөрч хүн биш. Цэвэр бизнесмен” гэх үгний эсрэг Х.Баттулга өөр логик хийж эхэлсэн. Тэр нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг дээр хөтлөгчөөр оролцсон байдал. Х.Баттулга эл нэвтрүүлэгийг ил далд хэлбэрээр санхүүжилдэг гэдэг утгаараа даам гарах биш, эсрэгээрээ “төрийн хүн” болж нэвтрүүлэгт өнгө зассан санаа юм. Үүнийгээ ч зориуд гарган хэлдэг. ”Би парламемтад өчнөөн жил суучихлаа. Одоо би төрийн хүн болсон. Бизнес надаас холдсон. Би одоо бизнесийн салбарт ажиллаж чадахгүй” гэдгээ маш тодорхой илэрхийлдэг. Улмаар хэвлэлийнхэнд яриа өгөх бүрдээ ”Номон дээрээ бичсэн байгаа ш тээ, ном унш аа” гэх үгээр “Миний мэдэх женко Х.Баттулга” номоо санал болгодог нь учиртай. Өөрийнхөө сайн найзаар захилгаар бичүүлсэн энэ ном Х.Баттулга хэн байгаад хэн болсон тухай тодорхой өгүүлсэн. Тодруул хэлбэл, тэр жинхэнэ бизнесмен байгаад жинхэнэ улстөрч болон төвлөшсөн гэдгээ маш сонирхолтой хэлбэрээр бичүүлж, нийтэд ойлгуулахыг зорьсон гэж болно. Чухам ийм үеийг тооцоолж, масс өөрийг нь ойлгоход зориулан эртнээс пиараа эхэлж, ном хүртэл бичүүлсэн нь нууц биш.
Өчигдөр ерөнхийлөгч “Бүрэн эрхээсээ татгалзаад шууд шалгуул”, “Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул “, “Эхийн цагаан сүүний ард хор хулгай хоёрыг нууц болохгүй” гэхчлэн Х.Баттулга руу чиглэсэн олон өгүүлбэрийг нухацтайгаар хэлсэн нь зүгээр ч нэг тохиол биш юм. Нийгмийн тархи, сэтгэхүйд ихээхэн нөлөөтэй жиргээчид, фээсбүүкчидийг урьж авчирч байгаад, Х.Баттулгын талаарх байр сууриа илэрхийлсэн нь олны хардаад байгаачлан улстөрөөс явуулах алхамуудын нэг нь байсан гэж болно.
Харин ерөнхийлөгч намтайгаа, тэр дундаа З.Энхболдтой эв эеэ хичээнэ гэдгээ тодорхой илэрхийлэв. Тэрээр ”Би З.Энхболдыг ухаантай хүн гэж боддог. Ер нь хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал салах хэрэгтэй” гэж сануулав. З.Энхболд дарга орон нутгаар ажиллаж явах үедээ цагдаагийн байгууллагын дарга нарыг зайлуул гэж хэлсэн талаараа онцолсон. Тэгээд ч Х.Баттулгын хүрээнийхний асуудал цаашид хүндэрсэн тохиолдолд З.Энхболд намын даргын хувиар байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулг хоёрын заагт одоо З.Энхболд зогсож байна. Засгийн газрыг тэд юман чинээ бодохгүй, өөрсдийн нөлөөллөөр авч яваа тул намын дарга энд онцгой үүрэгтэй гэсэн үг.
Ингэж АН-ынхан сонгууль болохын өмнө нэгнийгээ намнаж буй нь эргээд сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх халгаатай.Тиймээс намаа удирдаж сонгуульд оролцох хүний хувиаар З.Энхболд дарга хүссэн хүсээгүй эвийн гагнаас болох нь. Гэвч асуудал цаашид хэрхэн хурцдахыг таашгүй билээ. Ямартай ч ерөнхийлөгчийн зүгээс Х.Баттулгыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг намдаа тавьсан гэдэг нь тодорхой болсон билээ. Хэнийг хаана нэр дэвшүүлэх, хэнийг дэвшүүлэхгүй байх эрх зөвхөн намын даргад бий. Тэгэхээр одоо З.Энхболдын шийдвэр хамгаас чухал хүлээлт үүсгэж, нөгөө талд АТГ-ын ”үүрэгдсэн” ажиллагаа хэр амжилттай өрөнхийг хүлээх л үлдлээ. Мөнхүү Х.Баттулгын маш хүчтэй баг сөрөг дайралтад блэн байгааг ч мартаж болохгүй билээ.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яс хаяхаа бол энэ 2 найзууд. шоудож байхгүй юу сонгуулийн өмнө. Гэхдээ Элбэгээ төмсөгдөөд байна. Найз найз гэчмхээд.