Ниргэсэн хойно нь хашгирагч

Шинэчлэлийн  Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох шүүх хурал өчигдөр Улсын дээд шүүхэд болсон. Тус шүүхээс хэргийг дэнслээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялыг нэг жилээр бууруулан 3.6 жил болгож, Н.Даваахүүд оноосон 19.2 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж, Б.Мөнгөнтуяаг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан билээ. Энэхүү хэргийн шийдвэрлэлтийн асуудлаар Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Л.Гансүхийн ялыг бараг хэвээр үлдээлээ. Бид бүгд хэлэлцэж байж “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэтэл Л.Гансүх гэдэг хүнийг ганцааранг нь яллалаа. Хэрвээ Л.Гансүхийг яллаж байгаа бол бусад зөвлөхүүдийг нь ч гэсэн яллах хэрэгтэй. “Нүүрс” хөтөлбөр ард түмэнд хамгийн үр дүнтэй хэрэгжсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 46.7 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас хэмнэж чадсан. Багануурын уурхай анх удаа ашигтай ажилласан. Хөгжлийн банкнаас хамгийн хямд хүүтэй зээл олгуулж байсан. Өнөөдөр энэ хэрэгт ямар ч хохирогч байгаагүй. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрыг унагаахын тулд бүх хүмүүсээр нь оролдсон. Өнөөдөр тэр хүмүүс санасандаа хүрлээ.

Л.Гансүх гэдэг хүнийг Дээд шүүхээс хэргийг үнэн зөв шүүх болов уу гэсэн тэгсэнгүй. Би янз бүрийн тендэрт оролцож байгаагүй. Ямар нэг “но” надад байхгүй. Тийм болохоор цаашдаа энэ хэрэгт өөрийнхөө хамтрагчийн төлөө тууштай тэмцэнэ” гэсэн юм.

Сонгууль дөхөж байгаа энэ үед олны анхаарлыг татаж буй асуудлаар мэдээлэл хийж “коко” үнэлгээ авах гэсэн горилогчид цөөнгүй гарч ирэх нь тодорхой. Ялангуяа хэргийг шалгаж байх үед анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр ус балгасан мэт чимээгүй байсан М.Хүдэрбаатар зэрэг эрхмүүд бүх зүйл нэгэнт өнгөрсөн үед буюу Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихсан байхад ийнхүү мэдээлэл хийх нь цагийн гарз үйлдэл биз.

Д.ЖАРГАЛ


URL:

Нэр: zochin Огноо: 25 March 2016

Dur esgesen baas

Сэтгэгдэл бичих