УИХ-ын гишүүн асан, хүний их эмч Д.Очирбатад дайх үгс
Одоо болтол Эрүүл мэнд, спортын сайдаа томилохгүй, цаашид ч томилох шинж алга. Гэтэл эрүүл мэндийн салбарт олон асуудал шийдлээ хүлээн гацаж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө зарим цахим сайт, хэвлэлээр “УИХ-ын гишүүн асан Д.Очирбат будилж явна” нэртэй нийтлэл хэвлэгдсэн. Энэхүү мэдээ нь эрүүл мэндийн салбарын нэгдсэн фэйсбүүк хуудаснаа тавигдаж эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэсэг хугацаанд талцуулаад авсан. Энэхүү нийтлэлийг нэхэн сануулахад УИХ-ын гишүүн асан маань эмийн санд үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн салбарт байгаа эрхзүйн орчинг сайн ашиглаж байгаа хэрнээ салбар нь унаж, муу хэлүүлж байхад хээв нэг чимээгүй явах юм.
Саяхны нэг өдөр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд, мөн хэсэг эмч нарын төлөөлөл эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлыг үнэн мөнөөр дэлгэж буйг шийдвэр гаргагч, эрх мэдэлтнүүд анхаарах ёстойг сануулсан.
Эрүүл мэндийн салбарт ойрын хугацаанд шийдвэл зохих дараах асуудал байгаа тул УИХ-ын гишүүн асан, Хүний их эмч Д.Очирбат танд хэдэн үгс дайя
- Эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг зөв хэрэгжүүлдэг тогтвортой сайдгүй, сайдаа томилоогүй 5 сар болж, олон эмнэлэг даргагүй байна.
- Олон жил гараагүй байсан улаанбурхан халдварт өвчин тархлаа. Өнөөдрийн мэдээгээр сэжигтэй тохиолдол 9383, өвчилсөн 1890 хүн, нас баралтын түвшин 0.2 хувь гэнэ.
- Халдвартын эмнэлэг сүүлийн 6 сар шахам хугацаанд мэргэжлийн удирдлагагүй явж ирсэнээс өвчлөл илүү эрчимтэй тархсан гээд хэлэхэд буруудахгүй. Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хүнийг Халдвартын эмнэлэгт даргаар нь буцааж тавьсан. Энэ эмнэлэг онцгой байгууллага.
- Эмнэлгийн хүрэлцээ муу, хүүхдүүд коридорт хэвтэж байна, хөнгөлөлттэй эм олгохгүй байна.
- Манай орны хувьд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 40 % нэмэгдсэн ба хорь гаруй хувь нь сүүлийн 2-3 жилд нэмэгдсэн байна. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 6,2 % нь 20-оос доош насны, 23,7 % нь 35 хүртэлх насны эмэгтэйчүүд байна.
- Сүүлийн жилд нийт хүн амын дунд тэмбүүгийн, заг хүйтэн өвчний тархалт нэмэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдвар өндөр гэсэн мэдээлэл гарч байгаа.
- Засгийн газар 2009 оноос нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэлд төсөв хуваарилж эхэлсэн нь чухал алхам болсон ч сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээ зогсонги байдалд орсныг салбарын эрдэмтэд онцолж байна.
- Судалгаагаар боловсролгүй буюу бага ангийн боловсролтой эхийн хүүхэд 1 ба 5 хүртэлх насандаа эндэх эрсдэл дээд боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 3-4 дахин их байгаа.
- Бас нэг зүйлийг онцлоход манай эмнэлгүүдэд ялангуяа Улаанбаатар хотын зарим эмнэлэгт өвчилсөн ядуу, мөнгөгүй, ажилгүй, тэтгэвэрт байгаа хүн хэвтэж эмчлүүлэхэд чирэгдэл хүндрэл ихтэй. Олон хоног, заримдаа сар шахам хоног хүлээдэг, шинжилгээ хийлгэх гэж хугацаа алддаг. Дарга, эмч нарын танил, мөнгөтэй хүн түвэггүй хэвтээд авдаг.
- Эрүүл мэндийн салбарын бүх шатанд хүнд суртал ,чирэгдүүлэлт, асуудалд шуурхай ханддаггүй, ар өврийн хаалга гэх зэрэг дутагдал доголдол хавтгайрч байгааг иргэд ярьдаг, ярьсаар ч байна.
- Олон жил тасралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ нэг удаа эмнэлэгт хандахаар төлбөр төлж байна хэмээн иргэд гомдоллодог.
Сонгууль ирэх 6 дугаар сарын 29-нд болно. Шинэ засаг бүрдтэл хэчнээн хугацаа орохыг таашгүй. Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэчнээн хүний эрүүл мэндийн асуудлаар тоглож байж шийдэх юм бэ?
Хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас мэндэлсэн хуруу дарам цөөхөн улстөрч, салбарынхаа бодлогыг тодорхойлж байсан УИХ-ын гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат танд хэлэхэд салбарын сайдаа хурдхан томилох талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлээч. Эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбарт юу болоод байна вэ сэтгэл тавиад шаардлага хүргүүлж сайдаа томилуулах талаар хөөцөлдвөл яасан юм бэ? гэсэн хэдэн үгийг дайж байна.
Иргэн Ванчинсүрэнгийн Оюунчимэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
харин энэ бүхний буруутан нь ганц энэ нийгэм биш гудамжны золбин дураакууд энэ улсыг дампруулдсан энэ хүн 3 сарын хугацаанд очд\ юу ч хийж чадахгүй тэнэг сэтгүүлчээ
ed nar aigaad hudluhgui dee
ene populistuud uu
namin sonirhol ene buhniig bii bolgoson