Ж.Нурлан Гавьяат тамирчин боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбартаа олон жил идэвх санаачилга гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнахаар зарлиг гаргажээ. Зарлигийн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдгээр хүмүүст шагналыг нь гардуулав.
Энэ өдөр олон тооны ажилтан албан хаагчид шагнагдсаны дотор бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Түүнийг шагналаа гардаж авсаны дараа сэтгэгдлийг нь сонсоход, “1990 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Хорин зургаан жилийн дараа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ. Бодибилдингийн спортын түүхэнд анхны гавьяат цолыг авсандаа сэтгэгдэл өндөр байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсаны дараа тэдгээр иргэдэд хандаж, “Төрийнхөө нэрийн өмнөөс хийсэн бүтээснээ үнэлүүлж байгаа Монгол Улсын олон мянган ард иргэддээ та бүхнээр төлөөлүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбар салбартаа гаргасан амжилтыг үнэлж байгаа хэрэг юм. Та бүхний хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал. Мөн гэр бүл, үр хүүхдүүдийн хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал юм. Шагнал гэдэг бол та бүхний хийсэн болоод хийж бүтээх бүтээлд нь боломж өгч байгаа, мөн цаашид хийж бүтээх бүтээл чинь улам арвин байна хэмээн итгэж өгч байгаа шагнал. Төр түмний итгэлийг дааж энэ эндээ хүрч, улам сайн ажиллахыг та бүхэнд ерөөе. Гуравдугаар бол олон баяр давхацсан сар байдаг. Олон баярыг давхцуулж төр түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа, ажиллаж байгаа салбар салбарын хүмүүсийг төлөөлүүлэн өнөөдөр та бүхнийг шагнаж байгаа. Ойрын үед маш олон иргэд өөрсдийнхөө зүтгэлийг үнэлүүлнэ гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ. Шагналын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Д.Жаргал
URL: