Иргэд түрээсийн орон сууцанд бүртгүүлэхийн тулд хонож эхэллээ

Нийслэлд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг ТОСК-ийн байранд өчигдрөөс бүртгэж эхэллээ. Тус газраас гаргасан хуваарийн дагуу эхний ээлжид буюу энэ сарын 21, 22-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудын өргөдлийг хүлээн авч байна. Түрээсийн орон сууцанд байрны урьдчилгаа төлбөргүй, хувийн үл хөдлөх хөрөнгөгүй буюу орон сууцгүй иргэдийг хамруулах зорилготой. Тиймээс зорилтот бүлгийн иргэдийг долоон ангилалд хувааж, 14 хоногт бүртгэл явуулахаар тооцоолжээ. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сараас өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг энэ сарын 23, 24-нд бүртгэнэ. Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг энэ сарын 25, 28-нд бүртгэх бол төрийн албан хаагч, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж орон байргүй болсон иргэдийн хүсэлтийг 29-нд хүлээх авах юм байна. Түүнчлэн 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон тэдгээрийг асран хамгаалдаг иргэдийг энэ сарын 30-нд бүртгэх хуваарь гарчээ. Заасан хугацаанд ямар нэгэн шалтгаанаар харьяалах ангиллын дагуу бүртгүүлж чадаагүй болон бүрдүүлэх ёстой материал шаардлага хангаагүй буцсан иргэдийг энэ сарын 31, дөрөвдүгээр сарын 1-нд дахин бүртгэх юм байна. Хангалттай хугацаа байгаа учраас иргэд яарч сандран бичиг баримтаа дутуу бүрдүүлж, хонон өнжин дугаарлах шаардлагагүйг ТОСК-ийн удирдлагууд анхаарууллаа. Гэсэн ч түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэн олон байгааг ТОСК-ийн гадаа дараалан зогсох хэдэн зуун хүний дүр зураг илтгэж байв. Тэнд зөвхөн өндөр настнуудын төлөөлөл ирсэн. Үүний цаана дээрх ангилалд багтаж, бүртгүүлэх өдрөө хүлээж буй олон мянган иргэн бий.

Өнгөрсөн оны байдлаар 27 мянга орчим иргэн түрээсийн байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Ингээд бодохоор орон сууцны нийлүүлэлт иргэдээ хангаж чадахгүйд хүрч байна. Учир нь, энэ жил нийслэлд ТОСК-аас иргэдэд 350 байрыг түрээслүүлэхээр болсон. Гэтэл бүртгүүлэхээр зэхэж байгаа иргэд байрны тооноос хэд дахин давсан гэсэн тооцоолол гарчээ. Тийм ч учраас бүртгэл эхлэх сургаар энэ сарын 20-ны өдөр өндөр настнууд ТОСК-ийн хаалгыг сахижээ. Ингэж 24 цаг нойр хоолгүй зогссоны эцэст өчигдөр 11.30 цагийн үед дотогш нэвтэрч, бүртгүүлж эхлэв. Бүртгүүлэхээр хоносон иргэдийн нэрийг дарааллаар нь бичиж, түүний дагуу нэрийг нь дуудан дотогш нэвтрүүлж байгаа харагдлаа. Үүнийг эсэргүүцэх хүмүүс ч бас цөөнгүй байв. Учир нь “Хоносон иргэдийн нэрийг бичиж, тэр дарааллаар бүртгэж байгаа нь худлаа. Хоносон иргэдийн нэр дээр ТОСК-д ажилладаг хүмүүс өөрсдийнхөө хамаатан садан, таньдаг өндөр настнуудынхаа нэрийг нэмж биччихээд бидний урдуур оруулж байна. Ирсэн дарааллаар нь оруулах хэрэгтэй” хэмээн Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэн бухимдлаа илэрхийллээ. 05.00 цагт ТОСК-ийн гадаа ирсэн хүн 12.00 цаг өнгөрч байхад бүртгүүлж байна гэхээр чамгүй удаан хүлээжээ. Ийм байдлаар арай гэж бүртгүүлэхээр болоход ямар нэгэн бичиг баримт нь дутаж, тавьсан шаардлагыг хангахгүй буцах тохиолдол цөөнгүй гарч байв. Тэд иргэний цахим үнэмлэхийн хуулбар, өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа, оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт, өргөдөл хүссэн маягт, сарын орлого тодорхойлох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Ингэхдээ өндөр настнууд 24 сар буюу хоёр жилээр тэтгэврийн зээл авсан бол түрээсийн орон сууцанд орох боломжгүй. Түүнээс бага хугацаагаар тэтгэврийн зээл авсан тохиолдолд бүртгүүлэх боломжтой ч, батлан даагч хэрэгтэй юм байна. Товчхондоо, намар болохоор эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж хэдэн өдөр хонож, өнжин дугаарладагтай адил үйл явдал тэнд өрнөж байв. Тиймээс ТОСК-ийн зүгээс зохион байгуулалт хийн, олс татаж, цагдаа нараар хамгаалуулж иргэдийг дараалалд оруулжээ.

Хэдийгээр албаныхан ийм зохицуулалт хийсэн ч “Өглөө бүр эмх замбараагүй байсан. Хөл муутай хөгшин даруулах гэж байна лээ” гэх яриа чих дэлсэв. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эхний жишээ энэ юм. Дараа дараагийн ангилалд багтсан иргэд хуваарийн дагуу бүртгүүлэхийн тулд хэдэн ч өдөр хонож магадгүй байдал үүсч буй. Бүртгүүлсэн иргэн бүр байртай болдог бол хэдэн ч шөнө хоносон яах вэ гэсэн хүмүүс ч байлаа. Гэтэл түрээсийн орон сууцны тоо хязгаартай бөгөөд ангилал тус бүртээ квоттой. Нийт бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулж, сонгон шалгаруулах юм. Тухайлбал, өчигдөр, өнөөдөр бүртгүүлсэн нийт өндөр настнаас зөвхөн 15 хувь нь болох 52 иргэн сугалаагаар орон сууцтай болох юм. Харин хувийн байгууллагын ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамгийн их буюу 30 хувийн квоттой. Өөрөөр хэлбэл, нийт бүртгүүлсэн иргэдээс 105 нь байртай болно гэсэн үг. Ингээд байртай болсон тохиолдолд түрээсийн гурван сарын мөнгөө барьцаанд байршуулж, нэг сарын төлбөрөө бэлэн төлөх ёстой юм.

Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Д.АЛИМАА:

-Би энд хоносон. Тэгээд сая дөнгөж бүртгүүллээ. Гэхдээ материалуудаа дутуу бүрдүүлсэн байна. Байрныхаа төлбөрийг төлөх боломжтой гэсэн өргөдлийг өөрөө бичих ёстой юм байна. Би тэтгэврийн зээлтэй учир батлан даагч хэрэгтэй гэнэ. Гэхдээ ямар ч байсан бүртгүүлчихлээ. “Дутуу материалаа гүйцээгээд ир” гэсэн.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.ДОРЖ:

-Өглөө бүртгүүлэхээр ирээд таван цаг зогсч байна. Зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй байна. Өндөр настай хүмүүсийг олон цагаар зогсоогоод байх юм. Бид чинь хөл гар муутай хүмүүс. Олон цагаар ийм байдалтай зогсоод байвал эхнээсээ зарим нь муужирч унаж магадгүй. Ямар залуу хүмүүс зогсч байгаа биш. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж олноор нь бүртгэчихээд дараа нь сугалаагаар шалгаруулах юм билээ. Тэр үедээ ангилал тус бүрээс төлөөлөл байлгаж байгаад сугалаа явуулбал зүгээр байх.

Д.АЛТАНХУЯГ: ХУГАЦААНДАА БҮРТГҮҮЛЖ АМЖААГҮЙ ТОХИОЛДОЛД ДАХИЖ ХОЁР ӨДӨР БҮРТГЭНЭ

ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хоносон хүмүүс нь түрүүлж бүртгүүлнэ гэх зэргээр иргэд нэлээд маргаан үүсгэж байх шиг байна. Хоёр өдөр бүртгэхэд дараалалд зогссон ч бүртгүүлж амжихгүй бол яах вэ. Танай зүгээс илүү цагаар ажиллах ч юм уу ямар нэгэн зохион байгуулалт хийх үү?

-Гаргасан хуваарийн дагуу ажлын цагт бүртгэлийг явуулна. Бүртгэлийн явцад иргэдэд хүндрэл учруулахгүй үүднээс зохион байгуулалтыг сайн хийж байгаа. Харамсалтай нь ахмадууд зохион байгуулалтад орох дургүй байна. Аль болох эмх цэгцтэй байвал богино хугацаанд олон хүнийг бүртгэх боломжтой. Хэрэв ямар нэгэн байдлаар хугацаандаа бүртгүүлж амжаагүй тохиолдолд үндсэн бүртгэл дууссаны дараа нэмэлтээр хоёр өдөр бүртгэнэ. Иргэдээс хүсэлт ирүүлсний дагуу шаардлагатай гэж үзвэл дахин бүртгэх бүрэн боломжтой. Журмын дагуу хүсэлт гаргагчийн маягтыг манай зүгээс гаргасан. Үүний дагуу хамтран эзэмшигчтэйгээ мэдээллээ бөглөх юм. Мөн тухайн орон сууцанд ороход урьдчилгаа гурван сарын төлбөрөө төлөх боломжтой гэсэн өргөдлийг өөрөө бичиж өгөх ёстой. Үүнийг ойлгохгүй бас будилах тохиолдол гарч байна.

-Тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд бүртгүүлэх боломжтой юу. Үүнд өндөр настнууд тодорхой мэдээлэл авахыг хүсч байна.

-Тухайн хүн тэтгэврийн зээлээ төлөөд дээрээс нь манай журмын дагуу орон сууцныхаа төлбөрийг төлөх чадвартай бол бүртгүүлэх боломжтой. Гэтэл ийм хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүс байхгүй.

-Бүртгэл дууссаны дараа сонгон шалгаруулалтыг хэзээ явуулах вэ?

-Нийт ангиллын бүртгэл дууссаны дараа хүсэлт гаргасан иргэдийн материал шаардлага хангасан эсэхийг хянаж үзнэ. Эхнэр нь өөрийн эзэмшлийн орон сууцтай байгаа тохиолдолд нөхөр нь түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн байж болзошгүй. Энэ мэтчилэн нарийн нягталж үзээд шаардлага хангаагүй материал байвал сугалаанд оролцуулахгүй. Үүний дараа бүлэг тус бүрт нь сугалаа явуулна.

-Сугалаагаар түрээсийн орон сууцанд орохоор сонгогдсон иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хэрэв сонгогдсон тохиолдолд гурван сарын түрээсийн мөнгийг барьцаанд өгнө. Тэгээд эхний нэг сарын төлбөрөө төлнө. Тухайн үед бүртгэлийн хураамж гэж 10 мянган төгрөг авах байх.

-Тухайн иргэн дамнан хэн нэгэнд түрээслүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар өөр зориулалтаар ашигласан тохиолдолд яаж зохицуулахаар шийдсэн бэ?

-Ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор ашиглах, бус дад түрээслүүлэхийг журамд хориглосон. Энэ тохиолдолд гэрээг шууд хүчингүй болгоно.

-Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн маш олон байна. Тиймээс цаашид танай байгууллагын зүгээс түрээслэх байрны тоог нэмэгдүүлэх боломж бий юү?

-“Буянт-УхааII” хороололд 952 айлын байрны үндсэн барилгын ажлыг бүрэн хийсэн. Одоо зөвхөн засал чимэглэлийг гүйцэтгэх үлдсэн. Хэрэв Засгийн газ раас чиглэл өгвөл дээрх орон сууцнаас иргэдэд журмын хүрээнд түрээслүүлэх боломжтой.

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих