УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Завхан аймагт ажиллах үеэрээ өчигдөр зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
 Улсын Их Хурлын дарга аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт ажиллан, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус төв 2014 оны 05 дугаар сард шинэ байраа ашиглалтад оруулсан талаар Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Т.Ариунаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Аймгийн өрхүүдийн амьжиргааны талаарх судалгааны тайланг гаргаж зорилтот бүлэгт чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээний хүрээнд үйлдвэрлэл дэмжих зорилгоор 1 сая төгрөг хүртэлх хэмжээний зээл олгодог байна. Зээл авсан иргэдийн өрхийн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан бөгөөд сонирхсон хүмүүс Нийгмийн халамжийн үйлчилгээний төвөөр дамжуулан холбогдох боломжтой байдлаар үйлчилгээ үзүүлдэг байна. Үзэсгэлэнг жилд 2-3 удаа гаргадаг бөгөөд иргэдээс сар бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг товолсон өдөртэй болох санал гаргаад байгааг дуулгасан байна. Мөн тус төв иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, ажилтнуудынхаа санал санаачилгыг дэмжих зорилгоор байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг зохицуулж ажилладаг байна.
Үүний дараа Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус коллежийн захирал Т.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. 1963 онд Монгол Улсад барилгын мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 2014 онд Политехник коллеж  болон өргөжжээ. Өнөөдөр “Баялаг бүтээх чадамжтай иргэн бэлтгэж, төлөвшүүлэх” зорилгын хүрээнд  сургалтын алба, захиргаа аж ахуйн албатай 80 гаруй багш ажилтан, 1000 орчим суралцагчидтайгаар 17 мэргэжлээр мэргэжлийн боловсролын, 3 мэргэжлээр техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.
880 суралцагчийн багтаамжтай хичээлийн хоёр байр, 72 ортой оюутны дотуур байр, 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай баруун бүсийн арга зүйн төв, тус бүр 25 компьютер бүхий 2 лаборатори, автомашины засварчин, цахилгаан, хүнд машин механизмын лаборатори, дадлагын газар 12,  8000 гаруй номын фонд, 80 суудалтай номын сан, 150 суудалтай  лекцийн танхим,  200 суудалтай   соёлын танхим, 25 суудалтай  амьдрах ухааны  2  танхим, АМЧБ олгох танхим, ХАБЭ Ахуйн танхим, 80 хүний суудалтай ёслол хүндэтгэлийн өргөө, иж бүрэн тоноглогдсон бялдаржуулах танхим, хичээлийн 15 танхимтай,  бүх нэгжүүд интернетэд холбогдон ажиллаж байна. Мөн 70 гаруй компани, аж ахуйн нэгж байгууллагатай  5 чиглэлээр хамтран ажиллах  гэрээ байгуулж, суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулан ажилладаг байна.
Сургуулийг  жилд дунджаар 300 гаруй суралцагч төгсөж, төгсөгчдийн ажил эрхлэлт 60-70 хувьтай байна. Тус коллежид барилгын мэргэжлээр суралцаж буй оюутнууд, багш нар болон аймгийн ажилгүй иргэдэд зөвлөгөө өгөх чиглэлээр ХБНГУ-аас хоёр зөвлөх багш ажилладаг байна. Улсын Их Хурлын дарга  коллежийн үйл ажиллагаатай нь танилцаж, нийт суралцагчдад амжилт хүслээ.
Улсын Их Хурлын дарга Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Завхан аймгийн Алдархаан суманд ажилласан юм. “Ган Доной” ХХК тус суманд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр амины орон сууцны загвар барьжээ. 80м2 талбайтай, гарааштай, 3 өрөө орон сууцны 1м2-ын үнэ 950.000 төгрөг юм байна. Сумын удирдлагууд төрийн албан хаагчид, залуучуудаа сумандаа амьдрах сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.
Уг амины орон сууцыг цаашид хороолол болгон өргөжүүлэхээр төлөвлөлт, зургийг гаргасан ч иргэдийн худалдан авах бололцоог бүрдүүлэх дэмжлэг шаардлагатай байгаа талаар хэлж байв. Тодруулбал, ипотекийн 5 хувийн хүүтэй зээлд хамруулдаг болох дэмжлэг хэрэгтэй байгаа аж. Мөн сумын нутаг дэвсгэр дээр цэвэр, бохир ус болон дулааны дэд бүтцийг шийдвэрлэхэд төсвийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар сумын Засаг дарга А.Мөнхсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Энэ үеэр Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.
Алдархаан суманд ажилласныхаа дараа Улсын Их Хурлын дарга Завхан аймгийн иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулж, мэдээлэл өгнө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих