Асгатын мөнгөний ордоо төрийн мэдэлд авъя!

Монгол Улсын стратегийн гэх тодотголтой 15 ордын нэг нь Асгатын мөнгөний орд. Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог энэхүү орд нь өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрладаг  шалтгаанаар 1970-аад онд нээснээс нь хойш өнөөг хүртэл ашиглагдаагүй байгаа юм.
УИХ-аас баталсан стратегийн ордуудын жагсаалтад бичигддэг Асгатын мөнгөний орд нь 10 мянга орчим тонн хүдрийн нөөц, 3400 орчим тонн мөнгөний нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Үүнээс гадна тус орд нь 12.2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тонн зэс мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийн нөөцтэй болохыг Оросын геологичид анх тогтоожээ.
Энэ мэтчилэн олон төрлийн ашигт малтмалын тодорхой нөөц агуулж буй тус ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид багагүй сонирхдог ч Монгол Улсын хувьд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нэг том асуудал нь дэд бүтэцгүй, байршил муутай гэх шалтгаан.
Энэ хөөрхийлөлтэй байдлыг ашиглан Орос ах нар ч Астгатын мөнгөний ордод нүднийхээ хорыг шингээгээд зогсохгүй стратегийн ордын жагсаалтаас хасуулах оролдлогыг хэд хэдэн удаа хийгээд амжсан билээ.
Тэдний санал, зөвлөмж, шийдвэргүйгээр Монгол Улс дангаараа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхгүй. Уг ордын тусгай зөвшөөрөл Монгол, Оросын хамтарсан компани болох “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байдаг учраас Монголын Засгийн газар толгой мэдэж Асгатын мөнгөний ордоо мөнгөтэй, хөрөнгөтэй “нөхөр”-ийн гарт өгч чадахгүй өнөөг хүрсэн. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлэхэд 47.4 сая ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олох тооцоог эрдэмтэн, мэргэжилтнүүд хийсэн байдаг.
Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаар ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс 2006 онд тавьсан саналыг Засгийн газар хоорондын комисс боломжтой хэмээн үзэж “Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулсан ч УИХ-аас Асгатыг тус компанид өгөхгүй хэмээн шийдвэрлэснээр уг ордыг авахыг санаархсан оросуудын шунал нэг хэсэгтээ намжжээ.
Төрийн өмчийн хорооны зүгээс “Монголросцветмет” нэгдлийн нэр дээр байгаа Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авах саналыг оросуудад тавьсан ч бүтээгүй.
Оросууд “Монголросцветмет” нэгдэл Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг өөрөө хариуцна хэмээн мэдэгджээ. Энэ нь хэрвээ Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл Монголын Засгийн газрын мэдэлд шилжвэл олон улсын нээлттэй тендерээр гадаадын компаниудын мэдэлд оччихно гэж болгоомжилж байна хэмээн эх сурвалж мэдээлсэн.
Ямар ч байсан энэ ордыг эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхэд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай бөгөөд уулын үйлдвэрт 4.548 мВт цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл 110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70 км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Дашрамд дурдахад, Асгатын мөнгөний ордод хүрч очихын тулд ОХУ-ын хилээр хэд хэдэн удаа орж, гарах шаардлага гардаг байна. Ийм нөхцөлд мэдээж оросуудаас өөр хөрөнгө оруулагч орох бололцоо хомс аж. Тиймээс шууд Монголын нутгаар явсаар Асгат руу хүрдэг зам тавих ёстой гэж үзсэний үндсэн дээр манайхан судалгаа шинжилгээ хийж, гарцаа олсон нь нэг алхам урагшилсан явдал. Өөрөөр хэлбэл Асгат голын зүүн талаар уул хэрчиж 12 км автозам тавих боломж байгаа тул ирэх оны төсөвт хөрөнгө суух бололтой. Нийтдээ 3.5 тэрбум төгрөгөөр Асгат руу шууд Монголын нутгаар очих зам тавих бололцоотой ажээ.
Хамгийн чухал нь төр засаг Асгатын мөнгөний ордоо бусдад алдчихгүй, өөрийн мэдэлдээ авах цаг нь болсныг дахин дуулгахад илүүдэхгүй болов уу.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn


URL:

Сэтгэгдэл бичих