Нисэхийнхэн хар тамхи, буу, сум илрүүлж чадсангүй
Нисэхийн салбар нэг л биш болоод буйг учир мэдэх хүмүүс хэлж, ярьсаар байгаа ч “томчууд” нь тоосон шинж алга. Сүүлийн хоёр жилд 30 гаруй хүнийг халж, сольж оронд нь мэргэжлийн бус шахааны хүмүүс томилсон гэдэг. Үүний гороор нисэхийн салбар нарийн мэргэжилтэн, ур чадвартай ажилтнаар дутаж байгаа нь олон зүйл дээр харагддаг.
Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газраас нисэхийн аюулгүй байдал, хяналт хэр байгааг шалгахад “Чингис хаан” ОУНБ-ынхан шалгалтад бүдэрчээ. Тодруулбал, тагнуулынхан зорчигчийн тээшинд хар тамхи, гарын гипсэнд нь буу, сум нууж оруулахад “Чингис хаан” ОУНБ-ын Нисэхийн аюулгүй байдал, харуул хамгаалалтын албаныхан илрүүлж чадаагүй байна.
Мөн өнгөрсөн онд зорчигчийн тээшинд байсан бууны сумыг харалгүй нэвтрүүлж Бээжинд очсон хойно нь илрүүлж байсан удаатай. Тухайн үед хоёр цаг тутам солигдох ёстой байсан хянагчийг бүтэн өдөр ажиллуулснаас сумыг танилгүй нэвтрүүлсэн гэдэг. Ийнхүү дүрэм, журам зөрчигдсөнөөс болж анд явж байсан нөхрийн цүнхэндээ мартсан сумыг Бээжинд “барьж” авсан.
Цөөн жишээ дурьдахад ийм. Арын хаалга, халаа сэлгээгээр бужигнуулж байгаа нисэхийн салбарыг анхаарахгүй бол хар тамхи, буу, сум хилээр орж гарах нь юу ч биш болох нь.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: