Ногоон нам Чингэлтэй дүүргийн Засаг даргыг шүүхэд өглөө

3-21-7_700x700

Ногоон намын Бага  хурлын гишүүн Ш.Жавзандулам,  тус намын улс төрийн зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр нар  өнөөдөр хэвлэлд хандлаа.

Учир нь Ногоон намаас долоо хоног бүрийн бямба гаригт “2016 оны сонгуульд ямар намыг, ямар улстөрчийг сонгох вэ” гэсэн асуултыг ард иргэдэд тавьж, шинжлэх ухааны үндэс бүхий судалгаа хийж ирснийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хууль зөрчиж байна гэх үндэслэлээр зогсоожээ. Санал асуулгыг хариуцаж байсан Ногоон намын Бага хурлын гишүүн Ш.Жавзандулам  “Бид Сонгуулийн хууль болон Жагсаал, цуглаан хийх журмыг зөрчөөгүй. Бидний явуулж буй санал асуулга нь Сонгуулийн хуулийн 35.18, 35.18.3-т заасан заалтуудыг зөрчөөгүй” хэмээн   тайлбарлаж, санал асуулгыг үргэлжлүүлэх талаар  албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Иймд эрхээ хамгаалуулах, зөвлөгөө авахаар  мэргэжлийн байгууллагуудад хандахад  мөн “Хүлээж авах боломжгүй”  гэсэн хариу өгчээ.  Ш.Жавзандулам, Ч.Мөнхбаяр нар хэлэхдээ “Төрийн захиргааны байгууллагууд улстөржиж байгаагийн нэгээхэн  жишээ энэ юм. Мөн мэргэжлийн холбоод ч улстөржиж, зүй бус үйлдэл гаргаж байна. Хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх гэхээр бүтдэггүй. Ингээд арга буюу эсэргүүцлийн арга хэмжээ, үйл ажиллагаанд хүрдэг нөхцөл байдал Монгол Улсад бий болоод байна. Үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг үл хүндэтгэн хөсөрдүүлж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих