Б.Лхагважав: Үндсэн хуулийн 71 зүйл бүгд гарц
“Leaderships forum” буланд Монголын хөгжлийн гарцуудыг танилцуулсаар байна. Энэ удаагийн дугаарт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавыг урилаа.
ХЯМРАЛ БОЛ БОЛОМЖ
Монгол Улс хямралын байдалд 2013 оноос орсон. Эрх барьж байгаа нэг хэсэг хүмүүс хямралыг хүлээн зөвшөөрөхгүй, бодлого гаргаад аргалчихна гэж бодсон. Тухайлбал, 2013 онд мөнгөний бодлогоор эдийн засгийг босгочихно гэсэн агуулгатай үйл ажиллагаа эхлүүлсэн. Ялангуяа Үнэ тогтворжуулах хөтөлбөр баталж, гаднаас бонд авч зах зээл рүү оруулсан.
Аливаа макро эдийн засагт нөлөөлөх чухал бодлого бол мөнгөний бодлогоос гадна төрийн сангийн бодлого байдаг.
Эдийн засаг хямарлаа гэхэд буцаад харахад мөнгөний хуримтлалын хэдэн том сав байгаа. Түүнд төсөв, даатгалын сан, төв банкнаас барьж байгаа мөнгөний том бодлого, бас нийт хэрэглээ орно. Үүн дээр яаж манёвр хийх вэ гэдэг нь хямралаас гарах гарц. Манайх эдгээрээс зөвхөн нэгийг бариад бусдыг нь хааж зах зээл дээр тэнцвэргүй байдал үүсгэчихсэн. Өөрөөр хэлбэл, 2013 онд зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөр батлаад 256 компанид ердийн зах зээл дээрээс хэт хямд, бага хүүтэй зээл олгосон. Бусад компанийг нийтийг хамарсан бодлогоор дэмжээгүй. Энэ нь буцаад зах зээлийн гажуудлыг давхар бий болгосон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үрээр бид үнэтэй бензин хэрэглэсэн хэвээр байна.
Харвардын нэгэн эрдэмтэн тодорхой хэлсэн байдаг. Лидершипс бол хүн дагуулж гүйдэг омгийн ахлагчийг биш нийгэмдээ өөрчлөлт хийсэн хүмүүсийг хэлдэг гэсэн. Өнөөдрийн миний, танхимаараа, бизнесийн бүлэглэлээрээ нэгдсэн бодлого маань зөв зам руу оруулна. Дахиад хэлэхэд өмнөх жилүүдийн хямралаас яаж гарсан бэ гэвэл бизнес эрхлэгчдэд төрөөс таатай бодлого гаргаж байсантай холбоотой. Гэхдээ ийм аргыг бий болгосноо зарим хүн мэддэггүй юм. Тухайлбал, дөрвөн арвын бодлогоор бүх татвараа багасгаж, Өршөөлийн хууль, татварын зарим хууль баталсан нь 2009 оны хямралыг давж гарч байсан. Тийм л эрх чөлөө, ажиллах нөхцлийг төр бизнесийнхэнд өгөөч.
Гэхдээ хямрал бол боломжийг авчирдаг. Хямрал залуу үеийнхэнд бололцоо олгож зах зээлийг дахин нээж өгдөг. 1997 оны хямралын дараа ямар олон компани гарч ирэв. Хямралын үеэр компанидаа хурдан менежмэнт хийгээд өөрчлөхгүй бол хэцүү. Ам.доллар 1400 байснаа гурван жилийн дотор 2052 болчихлоо. Зарим бизнесмэн 1400-аар мөрөөдөөд дуусдаг. Харин яг өнөөдөр бизнес эхлэх гэж байгаа хүнд ам.доллар 2052 гэсэн ханшаар л байна. Тэд үүндээ зохицуулж ажиллана. Нэг ёсондоо хямралын дараа зах зээлийн цэвэрлэгээ явагддаг.
ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭР ЗУД РУУ Ч, ЗУНШЛАГА САЙТАЙ БЭЛЧЭЭР РҮҮ Ч АВААЧИНА
Өнгөрсөн жилийн ганг бодъё. Энэ бол байгалиас хамаарсан үзэгдэл. Энэ нь бизнесмэнүүдийн буруу биш. Гэтэл нөгөө талд нь улс төрийн ган гэж байна. Макро төвшинд бодлого гаргагч эрх баригчдын шийдвэр зуд руу ч, зуншлага сайтай бэлчээр рүү ч аваачина. Миний хувьд энэ байдлыг 2013 оноос хойш засалцахаар явж ирсэн. 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хямралаас гарах аргаа хайя гэсэн санал тавихад хүлээн зөвшөөрч, хямралаас гарах бодлогын тусгай баг ажиллуулж эхэлсэн. Тэр хүрээнд татвар буюу Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргаж Монгол Улсын 95 мянган аж ахуйн нэгж, малчид тариаланчдын идэвхийг өрнүүлж аж ахуйн нэгж, хувь хүн бүр өөрөө өөртөө таатай уур амьсгал нээж тэмүүлэх тэмүүллийг бий болгохыг зорьсон.
Манай татвар, даатгал, төрийн макро төвшний бодлого аж ахуйн нэгжүүдийн нэг хэсгийг хөхиүлэн дэмжиж монополь болтол нь явуулдаг, нөгөө хэсэгт нь хөгжих бололцоог олгодоггүй. Монголын бизнес шантааж, авлига хээл хахуулиар, аль эсвэл төрийн монополийн эрхийг авснаар урагшилж байна. 2014 онд тухайн үед Татварын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан хэлж байсан. “12400 компани цагдаа дээр хэрэг бүртгэх мөрдөн байцаалт дээр байна” гэж. Энэ бол аймшиг. Энэ байдлыг засч залруулъя, суллая гэж явсны хүчинд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хууль батлагдлаа. Эдгээр хууль батлагдсанаар манай бизнесмэнүүд жаахан амсхийж байна. Санхүү, татварын тайлан, 25 жилийн турш бий болгосон өмчөө өөрийн болгож авлаа. Мөн нэгдэж цуглуулсан хөрөнгөө ямар ч татвар, торгууль шийтгэл, ялгүйгээр бие биедээ шилжүүллээ. Одоо татварын гурван хууль батлагдана. Эдгээр хууль бидний барьж байгаа загвараар ирэх сард батлагдвал бизнесийн таатай нөхцөл рүү орж эхэлнэ.
ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ 60 ХУВИЙГ МЭДЭХГҮЙ БОЛТОЛ ЯВНА ГЭДЭГ…
“Ард түмэн тал талх идэж байна” гэж улстөрчид уйлагнан ярьдаг. Ард түмнийг талхаа таллахад хүргэсэн шалтгаан нь 25 жил төр барьсан нөхдийн шийдвэр. Аливаа хямралын үед зоригтой, шийдэмгий улстөрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Н.Алтанхуягийн үед Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн хуулиа баталсан бол Монгол Улсын эдийн засаг жилийн өмнөөс өөр зам руу орох байлаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед 2015 оны нэгдүгээр сард бид хуулийн төслөө УИХ руу оруулсан. УИХ-ын дарга “Энэ бол Б.Лхагважавын лобби” гэж хэлээд унагааж байсан. Дараа нь дөрөв, долдугаар сард оруулахад бас л унагаасан. Харин наймдугаар сарын 7-нд улстөрчдийн хоорондын хэрүүлийн үед сиймхий гарч хууль батлагдсан. Үр дүнд нь өнөөдөр 35 их наяд төгрөгийн орлого, ажил үйлчилгээ ил гарлаа. Энэ нь Монгол Улсын зах зээлийн дөнгөж 40 хувийг төр нь хараа хяналтдаа байлгаж байсны нотолгоо. Үлсдэн 60 хувь нь огт бүртгэлгүй байсан байна. Тэр 60 хувьд бүх бузар булай болгон явагдаж байсан. Гайхалтай бүтээн байгуулалт ч байгаа. Зах зээлийнхээ 60 хувийг мэдэхгүй болтол явна гэдэг төр ажлаа муу хийжээ гэсэн үг. Манаачийн үүргээ гүйцэтгээгүй. Мөнгөний бодлогоо буруу хийж, макро эдийн засгийн параметрээ буруу бодож, нэг ёсондоо алдарт 22 мянган хувьсагчийнхаа 10 мянгыг мэдээд явж. 12 мянгаа мэддэггүй байж.
ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ
Манай улс төрийн бүтэц эмгэнэлт жүжиг болчихсон. Үүгээр цааш явбал нэг их сайн юм хүлээхгүй. Эмгэнэлт жүжиг рүү аваачсан хүмүүс ч байр сууриа аль, аль талдаа өгөхгүй, эцсээ хүртэл чардайж байгаа. Улс төр гэдэг хэдхэн хүний өмч биш. Иргэн бүрийн эрх. Гэтэл улс төрийн эрхийн шинэ санаа оноотой хүмүүсийг бүгдийг нь хавчиж байна. Хэдэн нөхөд нь өөрсдөө цэвэр мафижсан бүлэглэлүүд болчихлоо.
Яагаад 50, 60 онд Монгол Улс эрс шийдэмгий хөгжсөн юм бэ. 1940-өөд оноос төр засаг монгол залуусыг гадаадад суралцуулж эхэлсэн. Шинэ үе бэлтгэгдэж ирэхэд тухайн үеийн эрх баригчид маш хурдан зайгаа тавьж өгсөн. Хамгийн сүүлд холдсон нь улс төрийн товчоо. Тэр үеийнхэн өөрчлөлтийг маш хурдан мэдэрч байсан. Гэтэл одоо 25 жил болоод хоёр, гурав дахь үе нь гарч ирээд байхад нөгөө л хэдэн нөхөд зууралдаад эмгэнэлт жүжиг болгож байна. Үхэшгүй мөнхийны ягонууд энд тэндгүй босоод ирсэн. Уучлаарай, зүгээр сургаалиа өгөх үедээ л өгөөд яв.
Монголын нийгэм, эдийн засгийг боомилж байгаа нь намууд дээр байгаа бүтэц. Боловсон хүчин, тэдний тавьж байгаа шүүлтүүр бүгд авлига хээл хахууль авч байж хүн дэвшүүлэх процесс явагддаг болсон. АН, МАН аль нь ч коммунизмын үеийн үзэл сурталтай. АН-ынхан ардчилсан системийг агуулсан удирдлагын бүтцээ хийж чадахгүй байна. Их хурал нь гэхэд найман жил хуралдаагүй байгаа. Ардын нам ч коммунист. Одоогийн нийгэм өөр байхад улс төрийн байгууллагын бүтэц нь дандаа хуучнаар явж байна. Хууль баталж 95 мянган аж ахуйн нэгжид эрх чөлөө өгсөнтэй адил намын гишүүддээ ч эрх чөлөө олгох хэрэгтэй. Намын гишүүн боол биш шүү дээ. Менежментээ бий болгож орчин үеийн намын хэлбэрт орж санхүү бүртгэл, тайлангаа ил гаргах ёстой. Би танхимын ерөнхийлөгчийн хувьд аль ч намын хурал дээр очих эрхтэй. Тэдгээр хуралд очиход 60, 50-аад оны үеийн коммунист үеийн байгууллагын өрөвдмөөр дүр төрх харагддаг. Тэр дотор манлайлагч нар алга.
БЛИЦ:
-Завхан аймагт 1969 онд төрсөн.
-Нийслэлийн 48 дүгээр сургуулийг дүүргэсэн.
-МУИС-ийн математикийн ангид элсч II курсээс Польш улсын Техникийн их сургуулийг зорьж 1995 онд төгссөн.
-1990 оноос “Урбанек” компанийг үүсгэн байгуулж, бизнесийн зах зээлд хөл тавьсан.
-2005 оноос татварын эрхзүйн чиглэлээр нийгмийн дуу хоолой болж эхэлсэн.
-Одоогийн алба МҮХАҮТ-ын ерөнхийлөгч.
-УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх асан.
-Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх асан.
-Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн.
- “Урбанек” компанийг тэрээр “Чанар, амт хоёр цаг хугацааны шалгуур байдаг” гэж тодотгодог.
ЖҮЖГИЙН ТӨГСГӨЛ БА ШИНЭ ЗАГВАР
Хуулийн үйлчлэлээр 35 наяд төгрөгийн ажил үйлчилгээ, орлого ил гарчихлаа. Одоо энэ статистик мэдээн дээр макро эдийн засагчид суугаад ажиллах хэрэгтэй. Улс төр, албан тушаалтай болох хүслээ авч хаяад макро эдийн засагч мэргэжлийнхээ үүднээс хандаад зөв загвар гаргаад өг. Сүүдрийн эдийн засаг руу хамаг мөнгө урсаад байсныг олж харлаа. Одоо мөнгөний бодлогоо дахиад гарга. Манайд эдийн засгийн төлөв байдал, мөнгөний бодлогын макро эдийн засгийн урьдчилсан дүгнэлтүүд гардаг. Тэр бүх загвар өөрчлөгдөнө. Онолын хүмүүсээс зөв загвар гаргаад түүн дээр нь улстөрчид зөв шийдвэр гарга. Ний нуугүй хэлэхэд бидний татварын мөнгөөр цалин пүнлүү, нийгмийн хангамжаа шийдүүлдэг макро эдийн засгийн дүнгүүд гаргадаг олон их сургууль бий. Макро эдийн засагчид, шийдвэр гаргагчид ийм том алдааг олж харахгүйгээр явж ирсэнд ичиж байна. Ялангуяа энгэр дээрээ гавьяатын тэмдэгтэй эдийн засагчид, хуульчдаас ичиж байна. Хуульчид татварын систем, эрхзүйн онолын ийм том алдааг олж харахгүй явсан. Олж харахыг ч хүсдэггүй. Би үүнийг өөрийнхөө зовлонгоор сайн мэднэ. Одоо энэ худлаа тоглоомуудаа болъё. Омгийн ахлагч нарын цуглаан хэрэггүй. Шинэ загвар гаргаж, шинэ бүтэц бий болгоё. Үүн дээр ажиллах хүмүүсээ албан ёсоор тавья.
УЛСТӨРЧИД ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ БАЙГААСАЙ
Шашны ёсоор Их хөлгөн, Бага хөлгөн гэж бий. Бага хөлгөн бол хүн өөрөө төрөөд үхтэлээ бага нүгэлтэй, буян нь их, жамаараа амьдраад дуусахыг хэлдэг гэж ойлгодог. Их хөлгөн нь түмний төлөө явах гэж байгаа бол тодорхой мэдлэгүүдийг сурсан байх ёстой гэж заадаг. Улстөрч болж УИХ-д орж шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс хэдхэн эрдэмтэй байгаасай гэж хүсдэг. Нэгдүгээрт, ядаж макро эдийн засгийн ес, арван параметрийн учрыг олчих. Хоёрт, Үндсэн хуулийг ядаж уншчих, ойлгодог бол бүр сайн. Дараа нь Монголын түүхээ гадарлахыг зөвлөе. Түүнчлэн философи, соёл урлагийн мэдэгдэхүүнтэй байх ёстой. Эдгээр зүйлд ядаж гурав гэсэн үнэлгээ авахаар байгаа бол төрийн төлөө явуулъя.
Ард иргэд улстөрчдөд боломж олгоод өндөр суудалд тавьчихдаг. Өндөр сандал дээр очихдоо эрдэм сураагүй, дээр өгүүлсэн зүйлүүдийн мэдэгдэхүүнгүй учраас хэнгэнэтэл санаа алдаад, хэн нэгний толгой илээд гүйхээс өөр ажил хийхгүй байна. Манай ард түмэн гайхалтай. Газар нутаг, тусгаар тогтнол байна. Газрын доор болон дээрээ асар их баялагтай. 60 сая малтай гурван сая ард түмэн -40 хэмээс 40 хэмийн хооронд 80 хэмийн зөрөөнд амьдарч чаддаг улс. Гэтэл төр засаг нь ард түмнээ гуйлгачин, ядуу гэж хамгийн бузар, булайгаар дуудаж байж яаж хүчийг нь авах вэ.
Би өвөг дээдсийн ухааныг уртын дууны үгнээс хайдаг. “Эртний сайхан” дуунд гэхэд
Энэ сайхан оронд нь
Эзэн Чингис хааныхаа
Язгуур аац бүрдэв ээ
Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ гэдэг. Ингэж ард түмнийг магтаж өргөмжилж байж тэдний хүчийг авч байж. Бас “Уяхан замбуу тивийн наран” дууны гүн агуулга хорвоог нар шиг гийгүүлсэн гавьяа байгуулж болно. Тэр гавьяаг эрдмээр байгуулна. Эрдэм номтой хүн түмний итгэл найдварыг авч болно. Гэхдээ таны хийх үйлэнд үүлэн чөлөөний нар шиг цаг хугацаа бага байна. Эрх мэдэлд очиход эрдэмтэй байвал хорвоог гийгүүлж чадна. Эрдэмгүй бол юу ч хийхгүй гэсэн утгатай.
71 ГАРЦ
Манай улс гарцаа 1992 онд тодорхойлсон. Ардчилсан замаар явахаар баталсан Үндсэн хуулийн 71 зүйл бүгд гарц. Өнөөдөр Путинг сайн удирдагч гэж яриад байна. Путин мөнгөн дээр биш ард түмэн, эх оронч үзэл, соёл урлаг, спортод өөрөө менежмент хийгээд гаргаж ирж байна. Путиний гайхалтай зэмсэг бол өөрөө соёл урлаг, спортын гол менежер болж ард түмнээ сэрээж байна. Гэтэл манай улсын хэдэн тамирчид өөрсдийн бор зүрхээр явдаг. Тамирчид зовж явж медалийг нь авч ирдэг. Тэгэхэд манай удирдагчид өөрсдийнхөө реклам болгож ашиглана. Үүнтэй адил бусад салбарын жаахан өөдтэйг хэдэн дарга нар барьж гүйхээс биш аль ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн жаргал, зовлонгийн гүнд орж мэдрэхгүй.
Орчин үед бизнесмэн, улсчөрчдөд ганцхан шалгуур тавьдаг болсон. Нийтийн мөнгөөр нийтэд зориулах менежмент хийж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Нийтийн мөнгөөр нэг хэсгээ баяжуулдаг, халаасандаа хийдэг хүнийг хулгайч гэнэ. Одоо орчин үеийн улстөрчдийг гаргаж ирье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
уучилаарай ерөнхийлөгчөө таны санаачилсан НӨАТ хууль жижиг дунд бизнес эрхлэгчидээ бодоогуй зөвхөн олигараахуудаа хамгаалсан хөгжингүй оронуудын хуулийг шууд хуулбарлсан хууль болсон. одоо жижиг зоогийн газар цайны газар лангуу түрээсэлж наймаа хийгсэд интэрнет байхгүй ebarimt.mn сайт ачаалаа даахгүй баримтаа бүртгүүлж чадахгүй байна энэ ер нь цаанаа асар их мөнгөний шахааний бизнес юм уу. та өөрөө ёстой уучилаарай уучилаарай