Хоёр толгойтой зууралдсан “Голдман сакс”

Оюутолгойн үйлдвэрлэл товлосон хугацаанаасаа зургаан сарын өмнө эхлэж чадах уу гэдэг асуулт энэ өдрүүдэд анхаарал татаж байна. Нэр бүхий гишүүдийн илгээсэн албан бөгөөд нээлттэй захидлын хариуд  Оюу Толгой ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат эрхэм залруулга хийхдээ  “УИХ-ын гишүүдийн хийж буй эдгээр мэдэгдэл нь ор үндэслэлгүй бөгөөд зарим нь итгэхэд бэрх мэдэгдэл юм” хэмээн мэдэгдэв. Ерөөс  Монголын Засгийн газар  Канад дахь Айвенхоу Майнз, Лондонд бүртгэлтэй Рио тинто компаниудтай  Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас хойш олон асуудал хөвөрч буй. Өдгөө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярилцъя гэсэн захидлыг тэдэнд илгээчихээд байна.  Зайлшгүй ярих ёстой, шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй гэдгийг улстөрчид болоод эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хэлж ярьсаар ирсэн.

Тухайлахад,  Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дээрх хоёр компанитай үзэглэхийн тулд дөрвөн хуулиа өөрчилсөн байдаг. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулагчдыг татахын төлөөнөө  хууль  эрхзүйн орчиноо сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүд байсан мэт үзэгдэвч, нидэр дээрээ Айвенхоу  болоод Рио тинтогийн  шаардлагын хүч, мөн тэд  монголын улстөрчидтэй сайн тохиролцсоны үр дүн байж болох дүр зураг харагдаж ирсэн. Хөрөнгө оруулагчид  монголын төр засгаас хууль эрхзүйн орчныг тогтвортой байхыг хүсдэгээ хэлцгээдэг. Тогтвортой бас дахин тогтвортой гэж. Харин Оюутолгойн тухайд  нөхцөл байдал өөр. Мөн тухайлахад  Гэнэтийн ашгийн татвар нэг талаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор тэглэгдсэн байх үндэслэлтэй бөгөөд оронд нь  хөрөнгө оруулагчдаас Өсөн нэмэгдэх роялти буюу өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Монгол Улс авах  ёстой, тэрийг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой ч, тусгах тухай яриа ажил болоогүй өнөөдрийг хүрсэн.   Гэсэн мөртлөө  “Эрдэнэт”  гэхчлэн бусдаас нь ийм төлбөрийг  авах нь хуульчлагдчихсан байдаг.  Ирэх жилүүдэд дэлхийн улс орнуудын металлын хэрэгцээ өсөн нэмэгдэх прогноз дүүрэн байхад хэрэв Оюутолгойн үйлдвэрлэл эхэлсэн дээр нь  зэс, алтны үнэ өсөлттэй байвал Оюутолгой компани  төлөвлөснөөс илүү орлого олно гэсэн үг. Тиймээс л бусдаас авч болох гээд байгаа төлбөрөө Оюутолгой ХХК-иас ч авах л ёстой. Энэ мэтчилэн аваад үзвэл яригдах асуудлууд цөөнгүй байна.

Бас нэг анхаарал татдаг асуудал нь “Маш нууц” гэх дардастайгаар хэвлэлд гарч байсан Оюутолгойн хувь нийлүүлэгчийн гэрээг Монгол Улсын Засгийн газар  Канад дахь Айвенхоу Майнз, Лондонд бүртгэлтэй Рио тинтотой бус  Нидерландад бүртгэлтэй “Оюутолгой Нидерланд” компанитай байгуулсан. Үр дүн нь Монгол Улсад  бус хөрөнгө оруулагч этгээдүүдэд ирж  Хувь нийлүүлэгчийн гэрээгээр суутгах татвар авахгүй байх нөхцлийг  бүрдүүлсэн гэх агуулга бүхий зүйлийг судлаач Н.Дорждарь ярьсан нь бий. Гэхчлэн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой олон асуудал бийгээс өдгөө Монголын талын эзэмшиж буй 34 хувийг 50 хувьд хүргэж өсгөх тухай юм.

2009 онд УИХ-аас баталсан  57 дугаар тогтоолын 3 дугаарт    “Эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т  үүрэг болгосугай”  хэмээн заасан байдаг.  Харин 2009 оны аравдугаар сард үзэглэглэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд талуудын хувь эзэмшлийг  “ТӨК- 34 хувь бөгөөд Төрийн эзэмшлийн хувьцааг ТӨК-д шилжүүлмэгц Xувь нийлүүлэгчдийн Компани дахь эзэмшлийн хувь хэмжээ нь дараахь харьцаатай болно: (а) ТӨК- 34 хувь бөгөөд (б) Айвенхоу – 66 хувь байна хэмээн заасан байдаг. Гэрээ 2010 оны гуравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсоноор Монгол Улсын эзэмших 34 хувь бүрэн баталгаажсан байх учиртай.  Харин дээрх өөрчлөлт уймраа гэмээр ч ямар ч байсан 34 хувийг бүрэн баталгаажуулсан шийдвэр байсан.

Ер нь яагаад заавал 34 хувь гэж тогтоосон бэ гэдэг асуудлыг аваад үзэхэд 2007 онд баталсан Ашигт малтмалын хуульд  хувийн хөрөнгөөр илрүүлсэн орд газрын 34 хүртэлх хувь, төсвийг хөрөнгөөр нээсэн ордын 51 хүртэлх хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ гэсэн заалтын дагуу эзэмшсэн  гэсэн хариултыг талууд өгдөг.

Гэхдээ нэг талаас ийм. Нөгөө талаас харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгч ажилласан “Голдман сакс”-ын үнэт зөвлөгөөний ихээхэн чухал хэсэг нь “Монгол Улс 34 хувийг эзэмших нь зөв” гэж байсан нь туршлага муутай Ажлын хэсгийн зүгээс зөвлөхүүдтэй хийж байсан нууцлалын зэрэгтэй гэрээнд байдаг тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Сонирхолтой нь “Айвенхоу Майнз”-д хувьцаа эзэмшигч “Голдман сакс” банкны зөвлөгөө бодит биеллийг олсон дүр зурагтай. Хөрөнгө оруулалтын томоохон банкуудын  тухай мэдээлэлд ач холбогдол бага өгдөг байсан үед  “Монгол Газар”-ын Ц.Мянганбаяр Олон овоотын лицензийг Монголынхоо Анод банкинд бас Америкийн Голдман сакс банкинд тавьсан нь илчлэгдэж, сүүлдээ Голдман сакс Ц.Мянганбаяртай  биш Монголын Засгийн газартай олон улсын шүүх дээр уулзаж болзошгүй хэмжээнд асуудал хурцдаж байв. Ийм маягаар бидэнд танигдсан Голдман сакс  “Эрдэнэс Тавантолгой”  компанийн  IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы “Дойче” банктай зэрэгцэн шалгарсан. Хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцохоор  Францын “Би Эн Пи Париба”, Австралийн “Маквэари” банкууд шалгарсан байгаа.
Шалгарсан дөрвөн банкаас таагүй мэдээлэл хамгийн их дагуулж байгаа нь  “Голдман сакс”  “Дойче” хоёр. Өмнөд Солонгосчууд Дойче банкийг өөрийн улсын хөрөнгийн захаас хууль бусаар ашиг олсон гэж буруутгасаар байгаа бол “Голдман сакс” 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг шулуутгасан гол буруутнаар цоллогдогддог. Моргейжийн  зээлийн залилагч гэх муу нэрийг авсан тус банк  чанаргүй зээлүүдэд санаатайгаар баталгаа гаргасан нь их гүрний банк, санхүүгийн салбарт дампуурлын харангыг дэлдэхэд хүргэсэн харин  өөрсдөө уснаас хуурай гарсан гэгдэн өөрийн улсынх нь  Үнэт цаас, арилжааны хороо буруутгадаг бол  тус улсын Санхүүгийн зохицуулах хорооноос Голдман саксын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ Голдман сакс ямар ч бурууг хүлээдэггүй. Гэсэн ч тэднийг буруутгах зүйлс нэмэгдсээр, валют арилжааны будилаантай тогтолцоог далимдуулан  Грекийн өрийн хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн буруутгагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн  айсуй шинэ хямралд ч тэр буруутаж мэдэхээр байна.    2008 оны хямралын буруутан гэдэгтэй нь холбогдуулан өгүүлэхэд  тус банкны   хөрөнгө оруулагч тэрбумтан “Berkshire Hathaway”-ын тэргүүн  Warren Buffet  “дэлхийн эдийн засгийн хямралын буруутан  нь “Голдман сакс”  бус  манай улс бүхэлдээ хямралд орсон. Тиймээс тогтолцоог  нь шүүмжилж болно”   хэмээн өмөөрсөн байдаг л юм.

Энэ мэтчилэн элдэв асуудалд орсоор байдаг Голдман сакс Оюутолгойн зөвлөхөөр ажиллан 34 хувийг үнэн сэтгэлээсээ  зөвлөсөн бол одоо Тавантолгой дээр дахин  зөвлөх нь. 34 хувийг одоо 50 болгох гээд улстөр өрнөж байна. Анхнаасаа 50 хувь байж болох байсан уу.   Засгийн газар анхнаасаа хатуу байр суурь дээр байсан бол сонгууль угтан 50 хувьжиж олон улсад  нэр хүндээ унагасан алхам хийгдэх байсан уу. Тогтворгүй бас дахин тогтворгүй гэгдэн яригдах байсан уу гэхчлэн асуултууд бий.

Гэсэн ч одоо том банк том зөвлөх нь мэдээж. Гэхдээ  зөвлөх түншүүд томрох тусмаа Монголын Засгийн  газарт нөлөөлөх нөлөөлөл нь том байдаг  жишигтэй. Ер нь стратегийн гэх тодотголтой ордуудынхаа замыг заахдаа заавал   “Голдман сакс” –ыг тэргүүлэх зөвлөхөөр шалгаруулах шалтгаануудын нэг нь улстөртэй холбоотой юу гэдэг асуудал ч дагана. Мэдээж улстөрчид тус банкинд хир халдаах дургүй. Зүгээр л “том банк” гэдэг. Ганц тайлбар нь энэ. Зүй нь зөвлөхийн шалгаруулалтад оролцсон 16 банкны том жижгийг ярьвал бүгд л том гэдэг нь эрхбиш тодорхой билээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих