Талийгаачийн хэргийг шалгаж байгаа Ажлын хэсгийнхэн Хөвсгөлд ажиллаад иржээ

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич мэргэжилтэй залуу учир битүүлгээр амиа алдсанаас дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн үнэн мөнийг илрүүлж, хэн нэгнийг сэжигтнээр татан шалган саатуулж, байцаасангүй.

Тухайн хэрэг гарсны дараа Цагдаагийн байгууллагаас талийгаачийг усанд живж амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргаж, “Хэргийг бараг ойлгомжтой” гэх мэтээр сэтгүүлчдэд тайлбар өгсөн байдаг бол ар гэрийнхэн болон хамт ажиллаж байсан ажилчид, өмгөөлөгчид нь дээрх тайлбарыг үгүйсгэж, “Амиа хорлох хүн биш. Өмнө нь удаа дараа халдлагад өртөж, эрүүл мэндээрээ хохирч байсан болохоор хэн нэгний явуулгатай, захиалгаар хийсэн аллага байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эл хэрэг дээр хуулийн байгууллагуудыг анхаарлаа хандуулж, дорвитой шалгаж өгөөч. Үнэн мөнийг нь тогтоож, цаад эзнийг нь олохыг шаардсаар” байгаа юм.

Хэргийн тухайд гэвэл, Т.Лхагвасүмбэрэл хотод байдаг гэрээсээ гарахдаа “машинаа гражид тавьчихаад ирье” гээд гараад сураггүй болж, зургаа хоногийн дараа түүний цогцсыг нь Хөвсгөл далайгаас олж, машин нь далайн эрэг дээрээс олдсон байдаг юм.Тэгэхээр хэн нэгэн этгээд түүний амийг егүүтгэж, дараа далайд живүүлсэн байх магадлалтай гэж ар гэрийнхэн таамагласан ч түүний биенээс болон машинаасаа нь өөр хүний гар хөлийн ул мөр олдоогүй нь хачирхалтай юм.

Нутаг орныхоо газар шорооныхоо төлөө, нэн ховордсон цоохор ирвэсийг судлахаас гадна Монголд нутагшуулж тоо толгойг нь өсгөх том зорилготой ажиллаж, ажлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан залуу ийнхүү учир битүүлгээр амиа алдана гэдэг яах аргагүй нийгмийн анхаарлыг татаж эхэлсэн.

Тиймээс эл хэрэг дээр ЦЕГ-ын тушаалаар Ажлын хэсэг гарган УЕП-оос хяналт тавьж, шилдэг гэсэн мөрдөн байцаагчдыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэргийн шалгалтын явцад ямар нэгэн ахиц гараагүй л байгаа бололтой. Энэ талаар прокурорын эх сурвалжаас тодруулахад “Хэдхэн хоногийн өмнө Ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймагт шалгалт хийгээд ирсэн. Өмнөх шалгалтыг дутуу хийсэн тул зарим нэгэн зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн үзсэн учир яваад ирсэн. Шалгалтын явцад ямар нэгэн ахиц гараагүй ч шалгасаар байна. Магадгүй тэр хүнийг амиа хорлох хэмжээнд хүртэл дарамталж байсан этгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэр хүнийг ч олохын тулд мөрдлөг ажиллагаа явуулж байна” гэв.

Ийнхүү жирийн нэгэн биологич мэргэжилтэй ямар шалтгаанаар амиа алдсныг тогтоож тодруулж өгөхийг ард түмэн шаардаж байгаа ч С.Зоригийн хэрэг шиг илрэхгүй байх вий, энэ хэргийг зохион байгуулалттай замхруулах вий, Мүүний шашин гэж ярьж байгаад талийгаачийг хэргийг гаргуунд нь гаргаж, хавтаст хэргийг бүр мөсөн хаах вий гэсэн хардлага болгоомжлол байгааг нуухгүй юм. Үнэндээ монголын ард түмэн болон талийгаачийн ар гэрийнхэн, найз нөхөд, ажлын хамт олон нь энэ хэрэг илрэхийг хүлээсээр дөрвөн сарын нүүрийг үзлээ Тэгвэл бас нэгэн шинэ мэдээлэл байгаа нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүний үхэлтэй холбоотой мэдээллийг албан ёсоор иргэдээс авч эхэлжээ.

Тодруулбал, хэрэг гарахаас өмнө биологич Т.Лхагвасүмбэрэл агсан Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд “УБМ-13-39” улсын дугаартай саарал өнгийн “Prado” автомашинтай явах үеийн болон Мөрөн сумын долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ник-Петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авч буй бичлэг камерт үлдсэн нь олджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн цагдаагийн 7038102 дугаарын утсанд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч байна. Тухайн цаг хугацаанд талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй тааралдсан, түүнийг харсан, уулзсан иргэд болон цайны газраар үйлчлүүлж байсан хүмүүсээс мэдээлэл хүлээн авахаар болжээ.

Иргэдээс ирсэн мэдээллийг чандлан нууцлах ба ач холбогдолтой, үнэн зөв мэдээллийг урамшуулах юм байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих