УИХ-ын дарга З.Энхболд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад дайчид, нийт цэрэг эрс болон эх орныхоо дуудлагад хэзээд бэлэн байдаг нийт монгол эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэн мэндчилж байна.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж ирсэн.

Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавхи тасралтгүй дээшилж байна.

Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын чуулганы хугацаанд “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг баталж 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Хөтөлбөрийн хүрээнд 2106 цэрэг эрс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нарийн мэргэжлээр суралцахаас өнөөдрийн байдлаар 600 гаруй цэргүүд амжилттай суралцаж байна. Монгол Улс томоохон бүтээн байгуулалтын ажилд гадаадын ажиллах хүчнийг бус харин дотоодын нөөц бололцоог ашиглан хугацаат цэргийн албан хаагчдыг оролцуулахаар шийдвэрлэсэн нь залуучууд цэргийн алба хаах хугацаандаа тусгай мэргэжил эзэмшихийн зэрэгцээ цалин орлогоо хуримтлуулан ахуй амьдралаа дээшлүүлэх нийгмийн баталгаа давхар хангагдаж байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр улс орны батлан хамгаалах олон талт арга хэмжээний уялдаа холбоо гүнзгийрч, батлан хамгаалах тогтолцооны тогтвортой байдал хангагдах юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр хүндэтгэн дурсая. Монгол цэргийн залгамж халаа болсон эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр.

Өвөрхангай аймаг,  Зэвсэгт хүчний 256 дугаар анги


URL:

Сэтгэгдэл бичих