Хүчээ авсан түрээсийн бизнес, хөлд нь чирэгдсэн иргэд

Хүйтний улирал наашлах тусам Нийслэлийн түрээсийн орон байрны үнэ өссөөр байна. Жилийн жилд түрээсийн орон сууц, хашаа байшингийн ханш аажмаар ахисаар хоёр жилийн өмнөхийг бодвол хоёр дахин нэмэгджээ.

Хашаа байшин, гэр, нийтийн байр, орон сууцны түрээсийн үнэ өөр, өөр. Гагцхүү түрээслэгчдийн олонх нь нийтийн байр, орон сууц хөлслөх сонирхолтой байдаг аж. Эрэлт ихэсвэл нийлүүлэлт өсдгийн адилаар түрээсийн бизнес ид хүчээ авч эхэллээ.

Зах зээлийн ханшаар дотоодын иргэнд нэг өрөө байрыг 200-300 мянга, хоёр өрөөг 250-350, гурван өрөө орон сууцыг 500 мянга хүртэлх төгрөгөөр хөлслүүлж байна. Хотын төвд байрлалтай нэг өрөө тавилгатай байрны түрээс сард 300-400 мянга, 13, 15 дугаар хорооллын хажуу өреө 200-250 мянга, төвөөс алслагдмал 21 дүгээр хорооллынх 150-200 мянган төгрөг бол 10 дугаар хорооллын орон сууцны подваль 100 мянга, төвөөс зайдуу нь 80 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Хаана байрлалтайгаас шалтгаалж түрээсийн үнэ харьцангуй байгаа юм.

Нийслэлд хаа сайгүй баригдаж байгаа нийтийн орон сууцны дийлэнх нь хүн амьдрах нөхцлийг төдий л хангадаггүй, өвөлдөө хүйтэн, халаалт муу гэж шүүмжлүүлдэг ч бизнесийн тал дээр хүчээ авсаар. Гэтэл гэр хороололд байрлалтай нийтийн байрны гадаах модон жорлон бөглөрсөн, өмхий ханхалсан, зөөврийн устай, хүйтний улиралд нэгдсэн журмаар нам даралтын зуухаар халдаг гээд амьдрах нөхцөл тун тааруу.

Үнийн хувьд “Ботаник”, “100 айл”-ын нийтийн байр 100-150 мянга бол хотын захад байршилтай нийтийн байр 70-90 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт гурван давхар тоосгон зочид буудал нийтийн байрны зориулалтаар түрээслэдэг болж нэг өрөөгөө сард 200 мянган төгрөгөөр хөлслүүлдэг болжээ.

Хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд үнэ хямд гээд хашаа, байшин хөлслөх хандлагатай байдаг. Энэ сонирхлыг дагаад мөн л үнэ өсчээ. Хотын захын гэр хорооллийн дулаалгатай гэрийг 40-70 мянган төгрөгөөр хөлслөх боломжтой. Харин хашаа байшин жижиг, том, хотын төвөөс хол, ойр гэдгээс хамаарч 30-100 мянга, хоосон хашаа 15-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Шинэ орон сууцны үнэ өсч байна. Шалтгаан нь иргэд газраа дамлан наймаалдаг, барилга барьж буй компаниуд инженерийн шугам сүлжээний холболтын хөлсийг барилгынхаа үнэд оруулан тооцдог, барилгын материалаа экспортоор оруулж ирдэгтэй холбоотой аж.

Шинэ орон сууц нэг метр квадрат нь дунджаар 900-1300 доллар байна. Зарим түрээслүүлэгчид архи уудаггүй, хүүхэдгүй, болж өгвөл ганц бие, эмэгтэй хүнд байр хөлслүүлнэ гэх болж. Төлбөр төлөх нөхцлийн хувьд мөнгөө бөөнд нь авахыг илүүд үзэхээс гадна ирэх саруудад түрээсийн ханш өсч магадгүйг анхааруулж байгаа гэнэ.

Түрээсийн бизнесийг хянах хэрэгтэйг энэхүү үнийн судалгаа харуулж байгаа юм.

Шинээр баригдсан орон сууцийг худалдаад авах хэмжээний мөнгөтэй иргэд ховор. Тийм байлаа ч банкны орон сууцны лизингэд хамрагдъя гэтэл шалгуур үзүүлэлт хэт өндөр, хүүг нь төлж дийлэхгүй. Ийм байдал орон гэргүй олон айл өрхийг түрээсээс түрээсийн хооронд амьдрахад хүргэж түрээсийн байрны үнийг өсгөх шалтгаан болж байна.

“Гэр хорооллыг орон сууц-жуулах хөтөлбөр” хэрэгжитлээ удах нь. Үүнээс урьтаж гэр хорооллын айл өрхүүдийг бие даасан халаалттай болгон халуун, хүйтэн бохирын шугам тавьж, халуун усаа өөрсдөө бойлероор халаадаг байшингуудын хорооллыг өргөтгөвөл сайнсан.

Сайшаалтай мэдээ нь өнөөдөр “Дамбадаржаа”-ийн 25 дугаар гудамж шинэ тавьсан зам дагуух гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох нээлтийн ажиллагаа боллоо.

Төр иргэд рүүгээ чиглэсэн биш бизнесийн ашгаа бодсон үйл ажиллагаа явуулж иргэдийг хөлдөө чирж байна. Үүнийг тодорхой асуудал болгон тавьбал түрээслэгчид хүний эрх гээд гөжүүдлэх биз ээ.

Улсаас байрны зээлийн хүүг жилийн зургаан хувь болгосон ч урьдчилгааг нь өгөөд байрандаа орох чадалтай иргэд хэд байгаа билээ. Өнөөх бизнесмэнүүд баярлаад байрыг хэд хэдээр нь авахаар дайрч иргэдэд юу ч үлдээхгүй хамах нь тодорхой. Ингээд л нийгмийн нэг хэсэг нь баяжаад бусад нь тэдэнд дарагдаад түрээсийн байрнаас ангижрахын төлөө нэг насаараа хөдөлмөрлөөд ч барахгүй нь.

Т.Аз
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих