Нийслэлийн зам засвар, тохижилтын ажил эхэллээ

Ази, Европын дээд түвшний /АСЕМ/  11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх автозам, гудамж талбайн шинэчлэл, засвар, тохижилтын ажлуудын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж оролцлоо.
Авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр дараахь 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
  • Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих
Эдгээрээс Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 100 хувь нийслэлийн төсвөөс, Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих ажилд шаардагдах хөрөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс,  бусад  ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тус тус санхүүжүүлнэ. Одоогоор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/157 дугаар захирамжаар гүйцэтгэтгэгч шалгаруулах ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 3 дугаар сарын 20-ноос өмнө зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сонгон шалгаруулалт амжилттай, хуулийн дагуу хугацаандаа явагдвал  зам барилгын  ажлыг 03 дугаар сарын 25-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Гудамж, талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг дараахь гудамжуудад гүйцэтгэнэ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар:
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Их тойруу
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Намяньжугийн гудамж
  • Наадамчдын зам
  • Нийслэл хүрээ өргөн чөлөө
Гудамж төсөл:
  • Чингисийн өргөн чөлөө
  • Зайсангийн гудамж
  • Гэндэнгийн гудамж
  • Жамян гүний гудамж
  • Их Монгол улсын гудамж
  • Олимпийн гудамж гэсэн 13 гудамжны тохижилтын зураг төсвийг гаргаж хийгдэх ажлын жагсаалтыг гаргав.

 

Мөн дээрх ажлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавих 21 хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулаад байна. Эдгээр ажлын хэсгүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн газруудын холбогдох хэлтсийн асуудал хариуцсан нийт 140 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Гадаа температур дулаарч өдөртөө нэмэх хэмтэй болж байгаа тул 2016 оны 3-р сарын 14-ний өдрөөс тохижилтын ажлыг эхлүүллээ. Гэндэн, Жамъян гүний гудамжний нүхтэй хавтангуудыг хуулах, хэрэггүй хайс хашлагуудыг буулгах гэх мэт ажлууд яг одоо явагдаж байна. Мөн 13 гудамжинд хариуцсан ажлын хэсгийн гишүүд явж дээрх гудамжуудад байрлах байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орчноо тохижуулах, цэвэрлэх, тохижилтын зургийн дагуу засаж янлах, хамтран ажиллах уулзалт хийж байна. Хяналтын хэсгүүдийн ажиллах нөхцөл бололцоог хялбарчлах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцож, уялдаа холбоог сайжруулж арга хэмжээг авч ажиллахаар Bitrix ухаалаг программыг ашиглан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих