”Хурцчин” хулхидуулав
Англид жил гаруй хоригдсон Б.Хурц нутагтаа “чимээгүй” ирлээ. Ирэх замдаа Сөүлд хэд хоног сувилуулаад аав, ээждээ ч хэл дуулгалгүй, Улаанбаатарт газардсан түүний талаарх сэдэв одоо хамгийн онцгойд тооцогдож байна. Нью-Йоркт НҮБ-ын хуралд оролцоод буцаж явахдаа Инчоны нисэх буудлаас түүнтэй дөрөө нийлж нэг онгоцоор ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч хэвлэлийнхэн бараг тоосонгүй. Сүүлийн үед “Хурцчин” хочтой болсон, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хүртэл түүнийг ирэх нь байтугай суллагдсаныг ч мэдээгүй байсан гэж байгаа. Бүр өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд хандаж “Б.Хурц Германд батлан даалтанд гарсан гэдэг бол шал худлаа цуурхал шүү. Та нар арай бодитой юманд итгэх хэрэгтэй” гэж ирээд л мэдэмхийрээд байсан. Харин Б.Хурц суллагдсан байна гэдэг “үнэр авсан” хэвлэлийнхэн ямар азаар тэр үед үүнийг олж мэдээд олон түмэнд мэдээлсэн юм. Тэгээгүй бол Б.Хурцыг ингээд сэмхэн ирчихсэн байхад л Б.Болор сайд “Германы шүүхийнхэнтэй ярьж байгаа, тайван амгалан бай” хэмээн худлаа ярьж, цаашлаад иргэний хөдөлгөөнийхөн өнөө, маргаашгүй Германы Элчин сайдын яамыг “дэлбэлж” шившиг болохгүй юу.Тэгэхээр “Хурцчин”-г хулхидсан том толгойтыг олох томоохон ажиллагаа удахгүй энэ хүрээнд өрнөх байх. Хамгийн инээдтэй нь Гадаад харилцааны яамныхнаас ч шаламгай ажилласан хэвлэлийнхэнд талархахын оронд Б.Хурцыг ирсний дараа онгоцны буудлаас түүнийг “бултуулах” ажлыг тэр л гардан зохион байгуулчих шиг болсон. Өөрөө түрүүлж гарч ирэн сэтгүүлчдийг цуглуулж 10 орчим минут “ Би сайн мэдэхгүй байна.”,”Одоо хэлэхэд эрт байна.”,”Би яаж мэдэх вэ” гэсэн баахан эргэлзээтэй юм ярингуутаа яваад өгсөн. Энэ хооронд Б.Хурц ганц ч кадр зурагчдад “алдалгүй” хамгаалагчаар хашуулсан олон машины аль нэгэнд нь суугаад яваад өгч байгаа юм. Ийм төлөвлөгөө зохиогоод гарч ирснийг хэвлэлийнхэн яаж мэдэх билээ. Магадгүй өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд худлаа ярьсандаа, бас өөрийнх нь хариуцсан ажлын нэг хэсэг болоод байсан Б.Хурцыг ирэхийг мэдээгүй байсандаа л Б.Болор сайд тун их бантсан биз ээ.
Н.Мөнхтөвшин
“Улс төрийн тойм” сонин
URL: