18-30 насныхныг хамруулах вакцины мөнгийг шийдвэрлэлээ

Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, улмаар дэгдэлтийн хэлбэртэй байгаа. Манай улсад ч гэлтгүй Европын орнууд болон БНСУ зэрэг дэлхийн 110 оронд уг өвчин бүртгэгдсэнээс манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д мөн дэгдэлтийн хэлбэртэй байна.

Дэгдэлт ийнхүү гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд Ц.Оюунбаатарын тушаал, албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, 2015 оны тавдугаар сард зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан болон улаанууд өвчний эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Үүний үр дүнд өвчний тархалт 2015 оныхоос эрс буураад байна. Өвчний тархалт энэ жил ийнхүү идэвхижсэн нь тодорхой хугацааны давтамжтай дэгддэг циклийн үе таарчээ. Улаанбурхан өвчин бага насны хүүхдүүдэд томуу өвчинтэй хавсарч, хүнд хэлбэрээр илэрдэг бол харин 18-30 насныхан халдвар тараагч байдаг аж. Иймд халдвар тараах эрсдэл бүхий 18-30 насныхныг вакцинд хамруулах шаардлагатай болжээ.

 

Үүнтэй холбогдуулан “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг Засгийн газраас батлав. Дархлаажуулалтад шаардлагатай вакцин, зүү тариур, дагалдах хэрэгсэл зэргийг худалдан авах зардалд 948.3 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Ирэх тавдугаар сард зохион байгуулах “Дархлаажуулалтын 10 хоног”-оор энэ аяныг эхлүүлэхээр болжээ. Ингэснээр 2017 онд улаанбурхан өвчний дэгдэлтийг хоёр дахин бууруулах, цаашлаад дэгдэлт 4-5 жилийн дараа дахин гарахаас урьдчилан сэргийлнэ гэсэн тооцоог гаргаад байгаа аж.

Улаанбурхан өвчний дэлхий дахины байдал болон манай улсын өвчлөлийн тархвар судлалын онцлогт тулгуурлан хийх уг дархлаажуулалтад оюутнууд, цэргүүд болон ажилгүй байгаа 18-30 насныхныг хамруулна. Аяныг  Эрүүл мэнд, спортын яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцин нь ямар нэгэн аюулгүй бөгөөд халдвар тархах эрсдэлгүй.

Нэмэлтээр мэдээлэхэд өнгөрсөн оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарснаар 23464 удаагийн нийт тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний 9383 сэжигтэй тохиолдол бүртгэгдснээс 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан гэнэ.

Дэгдэлт хэлбэрээр гарч байгаа улаанбурхан өвчнөөр нийт өвчлөгсдийн 5-10 хувь нь  энддэг гэсэн тооцоо судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Тэгвэл манай улсын хувьд тус өвчнөөр эндэгсдийн хувь 0.2 хувьтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих