Нийслэлийн шилдэг 1000 багш намын дарга нарт уриалга хүргүүлнэ
Нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1000 багш нар өчигдөр орой цугларч чуулав. “Yes Mongolia” Монголын залуу багш нарын холбооноос “1000 багшийн учрал” нэртэй уулзалтыг амжилттай зохион байгуулав.
Монголын боловсролын салбарын тулгын гурван чулууны суурь нь болсон сурган хүмүүжүүлэгч багш нар мэдлэг боловсрол, ур чадвар, ёсзүй гээд бүгдийг цогцлоосон байхыг нийгэм өөрөө байнга шаарддаг. Тиймээс багш нарын хөгжил дэвшлийн төлөө Монголын төр илүү ахицтай ажиллах ёстой гэж “Монголын залуу багш нарын холбоо”-ны зүгээс шаардаж байна. Учир нь багш нарын залуу халааг өндөр түвшинд бэлтгэхийн тулд эхлээд тэдний нийгмийн асуудалд үүсч байгаа бэрхшээлд төр засаг илүү анхаарах ёстой гэж үзэж буй.
Тиймээс дээрх залуу багш нар өөрсдийн өмнө тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нэгдсэн байна. Тухайлбал, дээрх холбооноос “1000 багшийн учрал” нэртэй уулзалтыг нийслэлийн бүх салбар зөвлөлийг хамруулан хоёр дахь удаагаа хийж буй юм.
Харин өчигдрийн уулзалтад тус холбооны тэргүүн Н.Учрал багш нарын өмнө тусгайлан лекц уншиж, тэдний өмнө тулгамдаж буй цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлаас гадна, багшийн хөгжил дэвшлийн алдаа оноог хамтдаа эрэлхийлжээ. Уг уулзалтаас гарсан санаачлагыг уриалга болгож одоогийн парламентад суудалтай дөрвөн нам эвслийн дарга нарт хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Эцэст нь Монголын багш нарын зүгээс өөрсдийнх нь санал санаачлагыг дэмжиж мөрийн хөтөлбөртөө оруулсан намын төлөө санал өгнө гэдгээ ч илэрхийлээд эхэлжээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
багш нар улс төржиж болохгүй л баймаарсан даа, буруу тийшээ явлаа