И.Эрдэнэбаатар: Улс орноо аврах гарц бол эв нэгдэл
Эх орон намын нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Эх орон намд МҮАН-аас эвсэх тухай санал хүргүүлж, яриа хэлэлцээ албан ёсоор эхэлсэн талаар М.Энхсайхан сайд ам нээжээ. Хэзээнээс энэ тухай ярив?
-Юуны өмнө Монголын ард түмэндээ сайхан хаваржиж байна уу гээд шинэ оны мэнд уламжилъя. Энэ он сонгуулийн жил. Тиймээс улс орон, ард түмэн маань хөгжил цэцэглэлтийн зөв зам руу хурдацтай алхаж ороосой гэсэн ерөөлийг дэвшүүлье. Сонгууль дөхөөд ирэхээр хэвлэлээр гарч байгаа эсвэл ард түмэн, сонгогчдын дунд яригдаж байгаа асуудлууд ямар нэгэн байдлаар сонгуулийн сэдэв рүү хазайгаад орчихдог. Энэ байх ёстой зүйл байх гэж бодож байна.
Аливаа улс төрийн хүчнүүд өөрийн мөрийн хөтөлбөр, бодлого, зорилгоо төрийн хэрэг болгох, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд мэдээж сонгуулиар дамжуулж боломж олж авдаг. Үүнээс өөр гарц өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Тэгэхээр өнөөдөр улс төрийн хүчнүүд нэгдэж, нягтарч нэгдсэн байдлаар сонгуульд оролцъё, тархай бутархай байдал, олон толгойтой байдаг явдлыг аль болох эрэмбэлье гэж ярьж байгаа. Энэ маш зөв. Тэгэхээр таны асуусан Эх орон нам, МҮАН-уудын хооронд болж буй асуудал энэ л үндсэнд яригдаж байгаа. Өнгөрсөн баасан гаригаас мэдээлэл тарсан байна лээ. Ер нь бол 2004 онд бид Эх орон-Ардчилал эвсэл байгуулан сонгуульд орж улс төрийн түүхэнд нэлээн том үйл хийсэн туршлага бий.
-Эвсэж нэгдэх тухайд танай намын болоод таны байр суурийг сонирхож болох уу?
-Монгол орон том газар нутагтай, цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж муутай, хоёр их гүрний хооронд оршдог онцлогтой. Дээр нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд үе тохиогоод байна. Өнөөдөр хөгжил дагаж янз бүрийн сөрөг зүйлүүд ихээхэн орж ирж байна. Энэ бүхэнд дүгнэлт хийгээд үзэхэд монголчууд маш нягт байх ёстой юм байна. Ингэж байж бид өөрсдөдөө давуу биш байдал олгоод буй хүчин зүйлүүдийг давж гарах нөхцлүүдийг бүрдүүлнэ. Манай намын байр суурь ч, миний хувийн бодол ч ийм байгаа. Өнөөдөр улс төрийн хүчнүүд хоорондоо нэгдэж нягтарч, бодлогоо уралдуулж, улс оронд эхний ээлжинд юу хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж, эрэмбэлэхийг сонгогчид маань ч дэмжиж байгаа байх. Бид үүнийг олон улс төрийн хүчнийг хамарсан, олон хүнд мэдээлэл хүргэсэн, улс орон, ард түмний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, хэрэгжээд амжилт олоод явж буй ажлуудыг зөв голдрилд нь оруулж, зөв эрэмбэлэгдэх нөхцөл байдлаар хангахын төлөө байна.
-Та түрүүнд бидэнд туршлага бий гэсэн. Эх орон нам, намын дарга Б.Эрдэнэбат та хоёр Үндэсний эв нэгдлийн, Их эвслийн гэсэн хоёр Засгийн газарт ажилласан. Өмнөх эвслүүдийн онцлог юу байв?
-Ололт, амжилтын тухайд өмнөх нь ийм байсан, дараагийнх нь ийм давуу талтай байсан гээд ярьж болох байх. Цаг үеэ дагаад юм өөрчлөгддөг. Ерөнхийдөө бол Монголын улс төрийн нөхцөл байдал маш замбараагүй байдалтай болчихлоо. Тэгэхээр 2004 оны улс төрийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахын аргагүй. Өнөөдөр огт өөр орчин, өөр нөхцөл байдал үүсч эхэллээ. Эргээд харахад тухайн үедээ дэвшилттэй зөв зүйл хийж явсан боловч учир дутагдалтай харагдаж байгаа юм. Тэр үеийн эвслийг удирдан чиглүүлж, зохион байгуулж байсан гэдэг юм уу, түүний үр дүнг хүртэх гэсэн хүлээлтийг саармагжуулдаг, хувийн янз бүрийн амбицтай, өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, ажил амьдралын дадлага туршлага муутай нөхдүүд бас байсныг хэлэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад, эвсэл байгуулсан, тэнд байх ёстой гэж хандаад яг ямар байх ёстой, ямар зохион байгуулалттай яаж явбал үр дүнд хүрэх вэ гэдгийг зөв тооцож, зөв харж чадаагүй юм болов уу гэсэн бодол өнөөдрийн өндөрлөгөөс харахад төрж байна. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд арай өөрөөр эвслийг харж, улс оронд юу хэрэгтэйг тооцох учиртай.
-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна?
- Монголын улс төрийн сүүлийн 3-4 жилийн амьдралыг харж байхад хэдэн хүн гараад улс орныг өөрсдийн дураар аваад явж болох юм байна, ард түмэн дуугүй яваад байж болох юм шиг байна гэсэн байдал үгүй болсон. Хэвлэл, мэдээллийн гүйцэтгэж байгаа үүрэг, оролцоо, сошиал ертөнцийн нөлөө, дэлхий нийтэд болж буй дайн дажин, эдийн засгийн хямрал гэх мэт энэ бүхэн байдлыг өөр өнцгөөс харж, өөр байдлаар явуулах ёстойг харуулж байна. Харин төрд байгаа хэдэн хүн бид болоод байна, бид улс орныг удирдах хэмжээний хүмүүс гээд байх шиг. Гэтэл ам ажил нь алд дэлэм зөрж байна. Улс оронд хямрал нүүрлэж, ард түмэн бухимдаж байна. Өнөөдөр өөрсдийгөө хэт дөвийлгөж, эрдэм чадалтай, их мэдлэгтэй гээд байгаагаас асар их зөрчил байна. Монголчуудын хэлдгээр “Биеэ биенд, бэтгээ цатгаланд бодсон” нэг ёсондоо хоцрогдсон хүмүүс олон байна. Тэр хүмүүс өөрсдийгөө хэллээ гэж надад дургүйлхэх л байх.
-Хүн яахаараа хоцрогддог юм бол?
-Өөрийгөө дөвийлгөөд, өөрөө л хүн бусад нь биш юм шиг байдлаар хандахаар хоцрогддог. Тэгвэл Монголд ийм том толгойтон олширсон байна шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч та нар ч гэсэн хөндлөнгөөс ажиглаж байгаа байх. Хүнийг хүн гэж боддоггүй, хүнийг та гэж хэлж чаддаггүй, хүнтэй харилцаж байна гэдгээ ойлгодоггүй зөвхөн өөрийгөө том албан тушаалтан, би бусдыг загнаж болно, хүмүүсийн ярьж хэлж байгааг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, өөрийнхөө өчүүхэн толгой доторх байгаа хэмжээнд төрийн ажлыг явуулна гэж байгаа ийм амбицтай, давлиун улстөрчдөөр Монголын улс төр дүүрсэн учраас улс орон хөгжихгүй байна. Энэ хүмүүс тэнгэрээс унаад ирээгүй. Улс төрийн намууд, аав, ээж, найз нөхөд, ах дүү, хамаатан садан нь яагаад энэ хүмүүст “Миний хүү чиний, та нарын хэлж байгаа зүйл биш байна. Хүмүүсийг, эрүүл саруул улс төрийн хүчнүүдийг сонсоод үз. Эрдэмтэн судлаачдыг сонсооч” гэж хэлж болдоггүй юм бэ. Ингэж бүгдээрээ хэлэлцэж, ярилцаад явбал улс оронд болохгүй юм үгүй. Гэтэл нэг л их бирд зантай улс, нэг хэсэг нь ардчиллыг өөрсдийн хувийн өмч мэтээр тунхаглачихсан, нөгөө хэсэг нь манай намынбаяр, манай юм гэж улайрсан ийм л өчүүхэн бодолтой том нам байгаа. Ийм бид сэтгэлгээтэй, өчүүхэн хүмүүсээр удирдуулж байгаа улс орон яагаад ч хол явахгүй гэдэг нь тодорхой.
-Сонгууль ойртох тусам нэр дэвшигчдийн боловсролын асуудал ихээхэн яригддаг. Ер нь ямар хүмүүсийг боловсролтойд тооцох талаар намууд ч, сонгогчид ч тэр бүр ярьдаггүй. Та юу гэж бодож байна?
-Боловсролын асуудлыг зарим нь дипломтой, дипломгүй гэж ярьдаг. Энэ өөр асуудал. Хүнд мэргэжил олгож байгаа мэргэжлийн батламж. Боловсролын нэг кампанит мөн үү гэвэл мөн. Миний бодлоор ямар хүнийг боловсролтой гэж ойлгох вэ гэвэл, сургууль төгсөөд тодорхой хэмжээний мэргэжил эзэмшсэн, гайхуулаад байгаа диплом энэ тэрээ авчихсан, дээр нь хүний үгийг сонсч чаддаг, аливаа асуудлыг бусадтай зөвшилцөж чаддаг, орчин тойрноо мэдэрдэг, би хүнтэй харилцаж байгаа шүү гэдгээ мэддэг, өөрийнхөө “би” гэсэн атгаг санааг давж чадсан тийм ёс зүйтэй, тийм суурь хүмүүжилтэй хүнийг боловсролтой гэж ойлгодог. Гэтэл ийм байж чадахгүй байгаа, шалгуур хангахгүй нөхдүүдийг улс төрийн намууд өөрсдийн толгойд гаргаж, улс орныг удирдуулна гэдэг учир дутагдалтай.
-Улс төрийн намуудын нэгэн хуралд та бас иймэрхүү үг хэлж байсан санагдаж байна. Улстөрчдийг амбицаа дар гэл үү?
-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хэлэлцсэн намуудын уулзалт дээр саяын танд ярьж байснаа хэлж байсан. “Улстөрчид нь амбицаа дараачээ, 20, 30 жил ийм явлаа, одоо боль” гэж анхааруулж байлаа. Ер нь бол өнгөрсөн хугацаанд хоёр том улс төрийн хүчин, тэдний боловсон хүчнүүд түлхүү гарч ирж байсан. Засаглаж байх хугацаандаа ямар хүмүүсийг сайд, агентлагийн даргаар тавив. Тэр хүмүүсээ яаж ажиллаж байсан бэ гэдэгт өөрсдөө анализ хийгээд үз. Чаддаггүй юм бол хэд гурван төгрөгийг нь төлж судалгааны байгууллагад ханд, эсвэл эрдэмтэн судлаачдад хэлээд ямар боловсролтой, ямар ёс суртахуунтай, ямар суурь хүмүүжилтэй хүнийг төрийн том албан тушаалд тавьж байж вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй. Монголчууд хуц, ухнаа тавихдаа хүртэл шинжиж, сонжиж байж тавьдаг байсан. Тэр уламжлалаас бодох, авах зүйл бий. Тэгэхгүй бол улс орон хаашаа явж байна вэ. Цөөхөн хэдэн амбицтай, давлиун хүнийг төр засгийн толгойд гаргаад бүтэхгүй. Боловсон хүчинд тавьдаг бодлого, шаардлага гэдэг зүйл байхгүй, өөрт нь тал зассан, өөрийг нь магтсан иймэрхүү улсуудыг төрд томилдог байж болохгүй.
-Эцэст нь асуухад Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бүгд эвсэх болов уу?
-Сонгууль болдгоороо болоод өнгөрөх байх. Зарим нь бие дааж, зарим нь улс төрийн хүчнүүдээр дамжуулж нэр дэвших байх. Гэхдээ өнөөдөр байгаа хорин хэдэн улс төрийн хүчин бүгдээрээ сонгуульд бие дааж орохыг бодохгүй байгаа болов уу. Улс орны улс төрийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадаж байгаа бол хэн нэгэнтэй эвсч, үзэл бодлоо уралдуулж, дангаараа яваад чадахгүй байгаа тохиолдолд хамтраад төр, засгийн бодлогод нөлөөлье гэсэн байр суурьтай байгаа байх гэж бодож байна. Яриа, хэлэлцээний дүнд шийдэл гарах байх. Хамгийн гол нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар маш хүнд зүйлтэй тулгарна. Улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ. 2017 оноос гадаад өрүүд төлөгдөж эхэлнэ гэдгийг толгойтой бүхэн ярьж байна. Тэгэхээр 2016 оны сонгуулийн дүнд байгуулагдах засагт ямар нам, хүмүүсийг оруулах ёстой вэ. Ямар сонголт хийх ёстой вэ гэдгийг ард түмэн, сонгогчид ч гэсэн анхаарах ёстой. Хэдэн хүнийг сонгоод явуулдаг юм, тэд ноцолдож байгаад улс орноо тараачихгүй байгаад байдаг юм гэж болохгүй. Өнөөдөр ийм байдлаар явж, тэр нь хуримтлагдсаар байгаад бид дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч, буруу бүхний үүр, өрний тулам болж дуусах нь. Гуравхан сая хүнийг аваад явчих нөхцөл бололцоо бол бий. Иймд сонгогчид маань сонголтоо зөв хийгээсэй, улстөрчид нь амбицаа дарж улс орынхоо төлөө байгаасай гэж бодож байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: