Зүсээ хувилгасан “казино”-г Нийслэлийн соёл урлагын газар “амь” оруулжээ

Монголд казино байгуулах томоохон эрх ашиг бизнес болон улстөрийн хүрээний зарим мөнгөтэй эрхэмүүдийн дунд байдаг гэдэг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил казино байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд бүтэлгүйтсэн. Иргэд ч бүгд казиног эсэргүүцэж байв. Казино гэдэг ерөөс араасаа ямар нэгэн байдлаар хар мөр дагуулж байдаг нь ч үнэн. Тэгвэл биднийг энд казиногийн хуулийг батлах батлахгүй гээд маргаж суух хооронд цаана чинь “Автомат тоглоомын газар” гэх жинхэнэ казиногоос ч дутахгүй “тахал” Монгол залуусыг нөмөрч байна. Насанд хүрэгчдээс эхлүүлээд бага насны хүүхдүүд хүртэл энэ тоглоомд донтож байна. Улаанбаатар хотод нийт 21 газар үйл ажиллагааг явуулж байгаагаас Баянгол дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3 газар үйл ажиллагаа явуулж байна.

Ойрын жилүүдээс “Автомат тоглоомын газар” гэх мөрийтэй тоглоомын газрууд ихээр нээгдэж иргэд их хэмжээний мөнгө алдаж байна гэсэн гомдлууд хуулийн байгууллагад тасрахаа байлаа. Цагдаагийн байгууллагаас ч эдгээр тоглоомын газруудыг шалгаж байна, үйл ажиллагааг нь зогсоолоо гэсэн мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгч байсан хэдий ч төд удалгүй өнөөх тоглоомын газрууд нь дахин үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Тиймээс эдгээр их хэмжээний мөнгө эргэлдэж, төрийн хууль цаазыг уландаа гишгиж буй газруудын ард томоохон ашиг сонирхол байгаа нь тодорхой.

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд арга хэмжээ зохион байгуулж 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас 6 газрын үйл ажиллагаа бүрэн зогсоож, 12 газарт албан мэдэгдэл өгсөн байдаг. Харин 2016 он гарснаас хойш 9 газрын үйл ажиллагааг зогсоож дээрх газруудад МУ-ын эрүүгийн хуулийн 243 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох газарт шилжүүлсэн боловч зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гарчээ.

Хамгийн гол асуудал энд л байна. “Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэдэгт л бүх булхай нуугдаж байх вий. Эдгээр 20 гаруй газруудад зөвшөөрлийг нь Quiza буюу О.Батцэнгэл даргатай Нийслэлийн соёл урлагийн газраас өгсөн байдаг. О.Батцэнгэл даргад цагдаагийн байгууллагаас хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч байгаа талаар нь мэдэгдэл хүртэл хүргүүлж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журмын Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх талаар санал хүргүүлж байсан ч мөн л үл тоосон байдалтай өдийг хүрчээ. Тэд 2015 онд нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл, Урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5  “Биллъярд, цагираг шидэх, хийн буудлага, лото тоглоом…” гэсэн заалтыг үндэслэн дээрх төрлийн үйл ажиллагаа явуулдаг 21 газарт зөвшөөрөл өгсөн байдаг.

Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улын дээд шүүхийн 2010.05.19-ний 15 дугаар тайлбартаа: Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр хотын залуусыг “тахал” мэт нөмрөн авахад бэлэн байгаа уг “Автомат тоглоомын газар” гэгчид дээр хориглогдсон бүх үйл ажиллагаа явагддаг. Тиймээс дээрх байгууллагуудыг Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Гагцхүү “Автомат тоглоомын газар”-уудын “арьсаа” хамгаалдаг ганц зүйл нь Нийслэлийн соёл урлагын газраас авсан зөвшөөрөл юм. Түүгээр ч барахгүй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2007 оны 09 сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгож 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3  “Цэнгээнт үйлчилгээний /автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон миний гольф/ газар гэсэн заалтыг нэмж оруулан баталсан байх юм. Хамгийн хачирхалтай нь яг үйлдлээ цагдаагийн байгууллагаас шаардлага хүргүүлсний дараа хийсэн байгаа юм.

Тиймээс дээрх асуудлыг хотын дарга тэргүүтэй нийслэлийн удирдлагууд нэн яаралтай анхааралдаа авч шийдвэрлэхгүй бол залуус нь амьдралгүй, Монгол Улс чинь хууль дүрэмгүй мэт болох нь. Мөн дээрээс нь хуулиар хориглогдсон зүйлд зөвшөөрөл өгөх тогтоол гаргасан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, зөвшөөрлийг нь өгч байсан Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Батцэнгэл нарт хариуцлага тооцох нь зүйтэй.

Гэмгүй нэртэй дээрх тоглоомын газруудад нь зүсээ хувилгасан казино мэтээр өнөөдөр мянга, мянган залуусын ирээдүйг баллаж, орох орон ойчих хаяггүй болгож байна. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Батцэнгэлээс тодруулахад “Өнгөрсөн наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон. Бид огт мэдээгүй. Наадуул чинь анх зөвшөөрөл авахдаа кино театруудын доор байрладаг тоглоомын газруудтай адил компьютер тоглоомын газар гэж хэлээд зөвөөрөл авсан” гэсэн хариу өгсөн. Компьютер тоглоом, автомат тоглоомоо ялгадаггүй соёл урлагийн газартай, даргатай байгаад юугаа хийх вэ. Ядаж эхний хэдийг нь мэдэхгүй өгсөн гэж үзэхэд сүүлийн хэдийг нь олгохгүй байх боломжтой л байсан шүү дээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газраас тоглоомын төв байгуулах эрхийг худалдаж авах үнэ нь “тэнгэрт тулсан” гэнэ. Тоглоомын төв байгуулах нэг эрх нь ойролцоогоор 20 орчим сая хүрч байсан сурагтай.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих