Хүнд хэлбэрийн вирусийн ханиад тавдугаар сар хүртэл үргэлжилнэ

Ханиад томууны дэгдэлт дээд цэгтээ хүрч дүүргийн хүүхдийн эмнэлгүүд цэрэг, цагдаагийн хэллэгээр бол“өндөржүүлсэн бэлэн байдал”-д ажилласаар байна. Нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг дүүрэг болох Сонгинохайрханы Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн ачаалал хэр байгааг сурвалжиллаа. Эмнэлгийн хаалгыг татаад ороход л Хүлээн авах нь хүнээр дүүрэн байв. Ханиалгаж, нус нь гоожсон бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд учраа олохгүй эмч нараас хэвтүүлээд өгөхийг царайчлан гуйна.Гэтэл Хүлээн авахын эмч нярайгаас бусад насны хүүхдүүдийг үзээд арай гайгүйд нь эмчилгээ бичиж өгөөд гэр рүү нь буцааж байв. Харин өвчин нь хүндэрсэн, зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн эцэг, эхэд“Оргүй байгаа. Коридорт эвхдэг ор тавиад л хэвтэх нь байна шүү дээ” хэмээн учирлаж, өвчтөнөө хүлээж авч байлаа. Тус эмнэлгийн Хүлээн авахад өдөрт 200 орчим хүүхэд ирдгийн 30-40 нь хэвтэж эмчлүүлдэг байна. Ийнхүү ачаалал их байгаагаас эмнэлгүүд коридортоо эвхдэг ор тавьж, зарим нь ганц дан гудас дэвсч ханиад, хатгаатай хүүхдүүдийг эмчилж байгаа. Гэхдээ энэ байдал бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ.

Тус эмнэлгийн хэвтэх тасгаар явж үзэхэд хоёр, гурван давхрын коридорт хүн явах ч зайгүй өвчтөнүүд хэвтсэн байлаа. Хаа сайгүй масктай хүүхдүүд. Зарим нь уйлж, нөгөө нь унтаж, нэг хэсэг нь нусаа татан гүйлдэцгээж байх юм. Хүүхдээ тэврэн зогсох залуухан бүсгүйгээс хэзээ ирснийг нь асууж, зарим зүйлийг тодруулахад“Анх түргэний машинаар хүргүүлж ирэхэд“Зүгээр байна” гээд бид хоёрыг буцаасан. Гэртээ харьтал хүүхдийн маань халуун буухгүй байсан болохоор нөхөр бид хоёр хүүгээ аваад Эх нялхаст үзүүлэхээр очиход“хатгаа” гэж оношилсон. Тэндээс бичиг авчирч байж өнгөрсөн бямба гаригт хэвтсэн. Өрхийн эмнэлгийнхэн юу ч мэддэггүй. Энд ч мөн ялгаагүй. Гурван удаа ирсний эцэст арай хийж үүдний зааланд хэвтсэн. Өнөөдөр коридорт орлоо. Хэд хоногоос ор гарвал өрөө рүү оруулна гэсэн” гэв. Бид коридорт хэвтэх хүүхдүүдийн дундуур сүлжиж явсаар тасгийн эмчийн өрөөнд ороход нэгдүгээр тасгийн их эмч Ж.Хонгорзул хэмээх залуухан бүсгүй байсан юм. Түүнтэй хэсэг зуур ярилцлаа.

Хамгийн хэрэгтэй зүйл бол хүчилтөрөгчийн аппарат

-Танай эмнэлэгт ачаалал нэлээд байна шүү. Одоогоор хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манайд өнөөдөр 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Уг нь 165 ортой. Гэтэл ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Хоёр гурав хоногийн өмнө бол үүдний зааланд хүүхдүүдийг хэвтүүлж байлаа. Тухайл бал, нэгдүгээр тасаг буюу манай тасагт60 хүүхэд хүлээн авах ёстой байтал 120 гаруй хүүхэд байна.

-Эмнэлэг хэчнээн тасагтай вэ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн олонх нь ямар оноштой байна?

-Манай эмнэлэг сэхээнээс гадна хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хоёр тасагтай. Амьсгалын замын өвчин нь дээд, дунд, доод замын үрэвсэл гэж хуваагддаг. Нярай хүүхэд амьсгалын замын өвчин туссан тохиолдолд чих нь ихэвчлэн өвддөг юм. Энэ нь хамар, залгиур, чихний суваг нэг байдгаас болдог гэж үздэг. Манайд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь шуугиант амьсгалтай, бөглөршил, уушгины үрэвсэл болон хатгалгаа туссан байна. Энэ жилийн өвчлөл хурц, дээр нь их хүнд хэлбэртэй байгаа. Энэ нь томуу, томуу төст өвчин, H1N1 болонB-ийн төрлийн вирусээр илэрч байна.

-Иргэд эмчилгээ тааруу байгаа гэж ярьдаг. Танай эмнэлгийн хувьд ямар байдаг гэж та дүгнэх вэ?

-Тухайн хүүхдийн өвчний оношийн дагуу стандарт эмчилгээг хийдэг. Жишээлбэл, уушгины үрэвсэлтэй үед антибиотик эмчилгээ, вирусийн халдвартай бол вирусийн эсрэг эм ууж бусад эмчилгээг хийнэ. Өрх бол нэг, дүүргийн эмнэлэг хоёр, Эх нялхаст гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс бид өөрийн шатлалын эмчилгээг стандартын дагуу хийж байгаа юм. Вирусийн халдварын үед эхний 72 цаг маш их халуурч39 хэмд хүрдэг. Халуурснаас толгой эргэж, чацга алдах, үе мөчөөр шархирах, хамар битүүрэх, ханиалгаж, хоолой нь улайх зэрэг шинж тэмдэг, зовиур илэрдэг. Гэтэл үүнийг ганц эм уугаад, тариа тариулаад зүгээр болдоггүй юм. Эмчид заавал үзүүлж, эмчилгээ хийлгэсэн бол дор хаяж гурав хоног гам барьж үр дүнг нь хянаж, эмчид дахин үзүүлж байх ёстой. Эцэг, эхчүүд ам дамжсан яриагаар эмчлэх гэж байгаад хүүхдийнхээ өвчнийг улам хүндрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг.

-Танай эмнэлгийн эм тарианы хангамж, нөөц хэр байгаа вэ. Нэн түрүүнд шаардлагатай зүйл бий юү?

-Эм тарианы хувьд хангалттай. Хамгийн хэрэгтэй зүйл бол хүчилтөрөгчийн аппарат. Хүчилтөрөгчөөр амьсгалж, эмчлүүлэх шаард лагатай маш олон хүүхэд байна.

-Ханиад томууны тархалт хэзээнээс буурах төлөвтэй байна вэ?

-Ер нь өвчлөл есдүгээр сараас эхэлдэг. Манай эмнэлгийн ачаалал өнгөрсөн есдүгээр сараас хойш буураагүй. Хамгийн сүүлд авсан мэдээгээр энэ байдал тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэсэн.

Сүүлийн үед ачаалал ихэссэнээс ор хоногийн эргэлт 3-5 болсныг эмч нар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, заавал хэвтэн эмчлүүлэх бичигтэй хүүхдийг хүлээн аваад гурав хонуулаад шууд гаргачихдаг. Гэтэл хатгаа туссан хүүхэд тэр хугацаанд бүрэн эдгэрч чадахгүй гэртээ гармагц бүр хүндэрч эргээд эмнэлэг барааддаг байна. Тус эмнэлгийн гуравдугаар давхарт хэвтэн эмчлүүлж буй Х.Урангоо охины ээж “Бид14 хоногийн өмнө тав хоног хэвтээд гарсан. Гэтэл охины минь ханиад эдгэрсэнгүй. Улам дордож, эргээд хэвтлээ. Коридорт байж байгаад төлбөртэй өрөөнд орсон. Өдрийн 3000 төгрөг юм байна лээ. Хүмүүсийн ярьж байгаагаар эмнэлгийн энгийн төлбөргүй өрөөг 3000 болгосон сурагтай байсан” гэв. Хэвтэн эмчлүүлж буй иргэд төлбөртэй өрөө нэлээд хэд байдгийг хэлсэн юм. Хоёр давхрын зүүн жигүүрийн ес, 10 дугаартай өрөө нь төлбөртэйгөөс гадна гурван давхарт хэд хэдэн өрөө байдаг аж. Харин эмнэлгийн чанарын менежер М.Энхцэцэг “Өвчний хурц үеийг 3-5 хоногт намдааж өгөөд гаргадаг. Ачаалал ихтэй үед удаан хугацаагаар коридорт хэвтээд бүрэн эмчлэгдэхгүй. Тиймээс гэртээ очоод эмчийн зааврын дагуу хүүхдээ асрахыг зөвлөөд гаргаж байгаа. Манайд төлбөртэй өрөө хоёр л байдаг. Ард түмэн, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хоёрдугаарт Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу төлбөртэй өрөөг бий болгосон. Гурав болон хоёрдугаар давхарт дотроо гурван ортой нэг нэг өрөө байдаг. Үнэ нь 5-10 мянган төгрөг. Өөр төлбөртэй өрөө байхгүй. Манай эмнэлэг 165 ортой, энэ дүүргийг 600 мянган хүн амтай байхад төлөвлөж барьсан. Одоо дүүргийн хүн ам тав дахин нэмэгдсэн. Энэ талаар шийдвэр гаргагчид анхаарахыг хүсч байна. Манай эмнэлэгт ачаалалгүй үе гэж байдаггүй. Бид даатгалаас 99 хувь санхүүждэг. Тэгэхээр өвчтөнөөр гаднаас эм тариа хэзээ ч авахуулдаггүй. Ховор, үнэтэй эм тариа хэрэглэх тохиолдолд ч эмнэлгээсээ бүгдийг гаргадаг. Сүүлийн үед 0-2 сартай хүүхэд ихээр өвдөж байгаа. Энэ нь эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол муутай шууд холбоотой. Нярай хүүхдийг ариун цэврийн дэглэм сайтар сахиж ямар нэгэн өвчин тусгахгүйгээр асрах ёстой. Гэтэл залуу эцэг, эхчүүд өлгийтэй хүүхдээ тэвэрчихээд айл хэсч, зах, дэлгүүр ороод л явж байдаг. Энэ нь маш буруу юм” хэмээн ярилаа.

Ийнхүү сурвалжлага хийгээд зогсч байх үед хүлээн авахад ирэх иргэд тасарсангүй. Тэдний олонхийг нь буцааж байгаа харагдав. Хүүхэд нь халуурч, нус нь гойжин уйлж байхад “Хүлээж авахгүй” гэх хариуг сонссон эцэг эхчүүд их л бухимдаж, гомдоллохоос өөр аргагүй тул буцааж байлаа.

Үүнийг Хүлээн авахын эмч тайлбарлахдаа “Эцэг, эхчүүд хамгийн түрүүнд анхан шатны байгууллага буюу өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэх ёстой. Анхан шатны эмчилгээг өрхийн эмч хийдэг. Тухайн хүүхдийг төрөхөөс нь эхлээд хамгийн сайн мэддэг хүн бол тэд. Үнэхээр хоёрдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэхээс аргагүй бол манайх руу явуулах ёстой. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дөнгөж төгссөн шинэ, туршлагагүй эмч нар ихэнхдээ ажилладаг. Тэд өөртөө итгэлгүй байдгаас эсвэл туршлага дутмагаас хэвтэх шаардлагагүй хүүхдийг ч шууд манайх руу явуулчихдаг. Ингэснээр манай Хүлээн авахын ачаалал эрс нэмэгдэж байна. Өдөрт 200 орчим хүн ирдэг. Гэтэл Хүлээн авахад нэг л эмч ажилладаг” гэж байсан юм.

Энэ он гарсаар улаан бурханы тууралттай 53 хүүхдийг хүлээн авахаас, халдвар аваад эхэн үеийн шинж тэмдэг илрэх үед хэвтэн эмчлүүлж байсан 12 хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Ачаалалтай үед үүдний заал, хурлын танхимыг ч чөлөөлж хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг аж. Аль нэг тасгаас хүүхэд гарвал коридорт байгаа нь өрөө рүү ордог бичигдээгүй тогтолцоо өнөөгийн бидний амьдарч буй ардчилсан нийгэмд байсаар байх уу. Техник технологи хөгжсөн энэ зуунд манайхаас өөр хонгилд хэвтэж эмчилгээ хийлгэдэг улс хаа ч үгүй биз гэж бодохоор нэг л гунигтай санагдаж байлаа.

Ц.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих