Гамшиг дагуулсан цас улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учрууллаа
Цаг агаарын тааламжгүй байдлаас болж орон нутагт “гамшиг” тохиолдоод байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт энэ сарын 27-28-нд шилжих шөнө хүчтэй цасан шуурга болсоны улмаас өндөр хүчдэлийн шон унаж таван сум “харанхуй” орчинд амьдарч байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит компанийн 23 тулгуур багана хугарч унасан нь улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдлагууд хуралдаж нөхцөл байдлыг шуурхай мэдээлж Улсын Онцгой комиссыг хуралдууллаа. Хурлын үеэр эрчим хүчний шугамыг сэргээн засварлах ажилд 100 гаруй хүн дайчлагдан ажиллаж буйг хэлсэн юм. Түүнчлэн засварлах ажилд хөрөнгө, хүн хүчний хувьд дутагдаж гачигдсан зүйлгүй байгааг албаныхан онцлов.
Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд багануудыг сэргээн засварлаж, бэхлэх чиглэлээр салбар хариуцсан яам арга хэмжээ авах шаардлагатай болохыг үүрэгдлээ. Мөн гамшгийн улмаас учирсан хохирлын багахан хувь болох 870 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болжээ. Түүнчлэн онцгой комиссын даргын зүгээс цахилгаангүй байгаа сумдыг маргааш гэхэд гэрэлтэй болгохыг үүрэгдсэн байна.
Орон нутгийн иргэдийн өгч буй мэдээллээр хугарч унасан гэрлийн утсыг тойроод 10 см-ийн диаметртэй мөсөн бүрхүүл тогтсон аж. Үүнээс болж цахилгаан дамжуулагч утасны даац хэтрэн тасарч унахдаа багананууд нь хугарчээ. Эл гамшгийн улмаас Сэлэнгэ аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, Болд төмөр ерөө гол дэд станцын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байна.
Орон нутгаас томилогдсон ажлын хэсгийнхэн тухайн газар дээр нь шуурхай ажиллаж эхлээд байгаа юм. Тэд эхний ээлжинд Дархан-Уул аймгийн төв болон үйлдвэрийн район, Ерөөгийн чиглэлийн сумдын гэрэл цахилгааныг бүрэн өгч эхэлжээ. Унасан тулгуур багана босгож, л гэмтлийг засварлах ажлыг 10 гаруй хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх аж.
Иргэдийн ярьж буйгаар цахилгаагүй болсон нь ургац хураалтад хүндээр нөлөөлж буй гэнэ. Учир нь Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ургац хураалтын ажил ид өрнөж байжээ. Хөтөл тосгоны иргэд хоёр өдрийн турш цахилгаангүй амьдарч байгаа аж. Сүүлд авсан мэдээллээр тухайн газарт зам тавьж шороо асгах ажил хийгдэж байгаа юм байна.
Түүнчлэн нийслэлээс тулгуур багана болон хэрэгцээтэй материалуудыг нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Дашрамд дуулгахад хугарч унасан эрчим хүчний дамжуулах тулгуур багануудыг 1963, 1985 онд босгосон аж. Тиймээс бусад баганууд ч хугарч унахгүй гэсэн баталгаа үгүй юм. Тэгэхээр хуучин багануудыг засч сэлбэх ажил тулгарч буй гэнэ.
А.Лхагважав
URL: