Намын жагсаалт “бялуу” биш
Монгол Улс УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиа ирэх зургаадугаар сард хийх гэж байна. Тодруулбал, Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш хоёр дахь удаагаа л пропорцианаль мажоритарын холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах гэж байна. Дэлхий нийтэд сонгуулийн холимог пропорцианаль, эсвэл дан пропорцианаль тогтолцоог илүүд үзэх болсныг судлаачид хэлдэг.
АН-ынхан жагсаалтын эхний 5-даа намын дарга Н.Алтанхуягаас гадна намын лидер З.Энхболд, Х.Тэмүүжин болон эмэгтэйчүүдийн төлөөлөл Р.Бурмаа нарыг багтааснаараа сонгогчдоос оноо авсан байдаг. Харин МАН-ынхан намын дарга эхний таваа Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин зэрэг хуучцуулдаа хуваарилж, “шагнал” маягаар хандсан…
Манай улсын хувьд 1996 оноос хойш 2008 он хүртэл таван удаагийн сонгуулиа цэвэр мажоритар тогтолцоогоор явуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 76 жижиг тойрогт хувааж, 76 тойргоос 76 гишүүн сонгогддог байв. 2008 онд анх удаа энэ тогтолцоог бага зэрэг өөрчилж, томсгосон 26 тойргоос УИХ-ын 76 гишүүнийг сонгох болсон. Гэвч сонгуулийн үр дүнд урьд хожид үзэгдээгүй үймээн гарч, таван хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Намаараа талцаж, хуваагдахын горыг ард түмнийхээ амиар “төлсөн” хоёр нам 2008-2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулж, 28 гишүүнийг пропорцианаль буюу намын жагсаалт, 48 гишүүнийг томсгосон 26 тойргоос сонгосон юм.
Гэвч монголчууд сонгуулийн пропорцианаль тогтолцоог намын нэрний ард нуугдаж, суудал хуваарилах боломж хэмээн харсаар байна.
Уг нь пропорцианалийн жагсаалтыг зөв ашиглаж чадвал улс төрийн намуудыг илүү төлөвшилтэй, бодлогыг тодорхой болгох давуу талтай гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, пропорцианалийн жагсаалтад орсон хүмүүсээ “Манай нам ялвал засагт сайд болж ажиллах хүмүүс” хэмээн зарлаж болно. Улмаар салбар бүрийн сайдаар ажиллах хүмүүсээ намын жагсаалтаараа ил, тод зарлаж өгөөд “Хэрэв манай намыг сонговол энэ хүмүүс бодлого хэрэгжүүлнэ” гэж ажиллах юм. Ирэх сонгуульд АН-ынхан ийм тактикаар оролцно гэх мэдээлэл бий. Гэхдээ хоёр нам одоогоор жагсаалтын 28-ыг ямар байдлаар сонгож, ажиллах нь тодорхойгүй байгаа юм.
2012 онд АН-ынхан жагсаалтын эхний 5-даа намын дарга Н.Алтанхуягаас гадна намын лидер З.Энхболд, Х.Тэмүүжин болон эмэгтэйчүүдийн төлөөлөл Р.Бурмаа нарыг багтааснаараа сонгогчдоос оноо авсан байдаг. Харин МАН-ынхан намын дарга эхний таваа Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин зэрэг хуучцуулдаа хуваарилж, “шагнал” маягаар хандсан. Энэ нь магадгүй сонгуульд ялагдсан бас нэг шалтгаан болсон биз ээ. Ямартай ч хамгийн анхны холимог пропорцианаль тогтолцоогоор явуулсан сонгуулийг давуу тал болгож чадсан нь АН-ынхан байсан.
Харин пропорцианалийн сул талыг ашигласан нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гэлтэй. Тус намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар сонгогдсон юм. Тэднээс Ч.Улаан, Н.Батцэрэг нараас бусад нь тойргоос сонгогдож, парламентын гишүүн болж байгаагүй. Хатуухан хэлэхэд, Н.Энхбаярын том нэрний дор намын жагсаалтын ард нуугдаж гарч ирсэн хэмээн шүүмжлэх нь бий.
Тэгвэл 2016 оны сонгуульд пропорцианаль элементийг ашиглахдаа өмнөх алдааг аль болох давтахгүй байхыг хичээж, сонгуулийн хуулиа баталсан. Тухайлбал, хамгийн багадаа нэг тойргоос гишүүн сонгогдож байж, пропорцианалийн жагсаалтаас хувь тэнцүүлэх. 2012 оны сонгуульд тойрогт нэг ч суудал аваагүй хэр нь ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар жагсаалтаар сонгогдсон байдаг.
МУИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа “Пропорцианалийн 28-ын жагсаалт бол тойрогт очихоосоо татгалзсан, сонгогдох боломжгүй болсон хүмүүсийн сонгогдох орон зай биш. Харамсалтай нь манайд тийм болгож хувиргаад байна” гэсэн юм.
Хэрэв сонгогчид сонголт хийхдээ намын жагсаалтыг сайтар харж, дүгнэдэг болчихвол намууд хүссэн хүсээгүй жагсаалт руу шилдгүүдээ оруулах болно хэмээн тэрээр нэмж хэлсэн.
Намын жагсаалт ба олон улсын туршлага
Европын өндөр хөгжсөн Герман, Бельги, Дани, Швед зэрэг улсуудад сонгуулийн пропорцианаль тогтолцоог ашигладаг. Гэхдээ намын жагсаалтаар нэр дэвшигчийг хэрхэн тодруулах вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг аж. Тухайлбал, намын жагсаалтаар нэр дэвшигчийг тогтоохдоо аль болох намын бүх шатны байгууллагуудын саналыг авдаг байна. Ингэхдээ аль болох намын анхан шатны нэгж байгууллагын саналыг авч, дунд болон дээд шатанд шийдвэрлэдэг аж.
Харин манай улсын хувьд одоогоор намын жагсаалтыг тодорхойлоход ямар бодлого баримтлах вэ гэдгээ хуулинд тусгаагүй байна. Гагцхүү улс төрийн намууд дотоод дүрэм, журмаараа шийдээд явж байгаа. МУИС-ийн Улс төр судлалийн тэнхимийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од энэ талаар “Дэлхийн улс орнууд нэр дэвшигчийг тодруулдаг дүрэмтэй байя гэдэг дээр санал нэгдэж эхэлсэн. Жишээлбэл, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс гэхэд найман сарын турш улс төрийн намуудын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулдаг журамтай. Их Британийн хөдөлмөрийн нам нэг жил зургаан сарын хугацаанд нэр дэвшигчдээ шат дараатайгаар тодруулдаг дүрэмтэй” гэжээ.
Манай улсын хувьд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө намууд удирдах байгууллагынхаа хурлыг зарлаж, нэр дэвшигчдээ тодруулдаг. Энэ нь мөнгөтэй хүн жагсаалтад нэр дэвших, эсвэл хүчтэй фракцтай хүн намын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэх нөхцөл байдлыг бий болгодог гэж байна.
АН: Жагсаалт хариуцлага байх ёстой
АН болон МАН-ынхан жагсаалтын 28 гишүүнийг хэрхэн шалгаруулах тодорхой журмаа батлаагүй байна. Гэхдээ АН-ынхан урьдчилсан байдлаар ярихдаа “Намын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд өмнө нь тойргоос дор хаяж нэг удаа сонгогдсон байх ёстой” гэх босго тогтоож байгаа аж. Харин МАН-ын генсек Ж.Мөнхбат хувь улстөрчийн хувьд “Намын жагсаалтаар нэг удаа сонгогдсон бол дараагийн удаад жагсаалтад орохгүй” гэх байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байгаа юм. Олон улсад ч ийм жишиг бий. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад хоёр сонгууль дараалан бичигдэж, сонгогдохгүй. Улс төрийн хоёр гол нам ямар ч байсан жагсаалтын 28-аа тодорхой хэмжээгээр хариуцлагажуулах ёстой гэдгийг ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин бусад намуудын хувьд жагсаалтад хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч улс төр судлаачид намын жагсаалт бялуу хуваах байдлаар явагдаж болохгүй гэдгийг дахин дахин сануулсаар буй билээ.
eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БАЯНСЭЛЭНГЭ, БААСАНКҮҮ НАРЫН НӨКДҮҮД МАНАЙ ТОЙРОГТ НЭР ДЭВШЭЭД ИРЭЭСЭЙ. ЯАЖ НАВС УНАХЫГ КҮМҮҮСТ ЁСТОЙ НЭГ ХАРУУЛАХ ЮМСАН.