Э.Эрдэнэжамъян АТГ-ыг буруутгав
МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийлээ. Тэрбээр намын дарга Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа хууль эрх зүйн хувьд дуусгавар болсон атал АТГ-аас хууль бусаар ташаа албан бичиг үйлдэж Засгийн газарт хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм. Хурлын эхэнд тэрээр “АТГ-аас Н.Энхбаяр гэдэг хүний ялтай байх хугацаа одоо хүртэл үргэлжилж байгаа мэтээр илт хууль зөрчсөн, эсвэл хуулиа бүрэн ойлгоогүй маягийн хариу өгсөн байсан.
АТГ өөрсдийнхөө гаргасан бичгийн үндэслэлийг ёс зүйд нийцсэн гэж үзэж байгаа бол өнөөдөр зарласан хэвлэлийн хуралд төлөөлөгчөө ирүүлэх ёстой байсан. Гэвч ирсэнгүй. Бид дундаа нэг л хуультай, мөн Дээд шүүхийн тайлбар ч нэг л гардаг. Тэрийгээ дундаа тавьж сууж байгаад харилцан ярья гэж урьсан юм.Хуулиар бол АТГ-ыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад өг гэдэг ганцхан харилцааг л зохицуулж өгсөн. Хуульд тодорхой бичсэн. АТГ зарим хүний талаар албан бичгийг нэг сарын дараа, заримыг нь хоёр сарын дараа, зарим хүний бичгийг огт гаргадаггүй. АТГ-т нөлөөлсөн, тэр хавиар танил талтай хүнийх бол өдөртөө гарчихдаг. Ийм л харилцаа төрийн албанд үүссэн. Үүнийг ганц би биш, зөвхөн манай нам ч биш, бүх хүн мэдэж, мэдэрч байгаа. АТГ үүндээ зохих ёсоор дүгнэлт хийнэ биз.
Хамгийн гол нь хуулиар АТГ-ыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг л хяна гэж байгаа. Түүнээс ялтай, ялгүй байдлыг хяна, олон нийт тэр хүнд сайн байна уу, муу байна уу гэдгийг судлаад судалгааны байгууллага шиг дүгнэлт гарга гэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй байх. Гэтэл АТГ өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлсэн байдлаар ханддаг. Түүнийг нь бид цаанаа улс төрийн санаа зорилготой, төрийн тусгай байгууллага байж улстөрд гар хөл болж оролцож байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Н.Энхбаяр дарга УИХ-д нэр дэвшихэд ямар ч хаалт, хориг, хязгаарлалт байхгүй. Өмнөх сонгуульд ч гэсэн ямар ч хаалт, хориг, саад байхгүй байхад хууль зөрчиж тэр хүний эрхийг хаасан. Энэ жил тэр аргаа хэрэглэх, өмнөхөө давтах гэсэн санаархал цухалзаад байх шиг. Тиймээс бид тодорхой үндэслэл, тайлбаруудыг хийе, ард түмэндээ ойлгуулъя. Олон нийт мэдэж байг, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ялтай ялгүйн тухай, хүний эрхийн ойлголтуудыг нэг мөр аваасай гэж үзэж байна. Түүнээс биш АТГ хэвээрээ байгаа. Удирддаг, чиглүүлдэг, захиалга өгдөг хүмүүс нь ч бас хэвээрээ байгаа учраас бид ч бас болгоомжилж байгаа.
Өнөөдөр хууль мэддэг ямар ч хүн уншсан, судалсан Н.Энхбаяр дарга дээр хууль зүйн талаас ямар ч хориг, саад, хязгаарлалт байхгүй. Гэтэл өнөөдөр Н.Энхбаяр даргыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, ангиар ял авсан учраас ялтайд тооцох хугацаа таван жил үргэлжилнэ гээд байгаа нь, тэгээд дуусах хугацаа нь 2017 гэж байгааг бид үнэхээр гайхаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгууль, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл ялтай хугацаа үргэлжилж байна гээд байлгаад байх сонирхолтой бололтой” гэлээ.
Д.ЖАРГАЛ
URL: