Улсын дээд шүүхээс цэц тайлбар хүлээж байна
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай ” 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухайд дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсэн байна.
Иргэдийн хүргүүлсэн мэдээллийг Цэц хянах явцдаа Улсын дээд шүүхээс тайлбар авахаар албан бичиг явуулжээ.
Учир нь иргэд мэдээлэлдээ, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн УИХ-д хүргүүлсэн 2016.оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийг Улсын дээд шүүхийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Улсын дээд шүүх болон Улсын дээд шүүхийн шийдвэр гэх ойлголт нь хууль зүйн шинжлэх ухаанд ямар ч маргаангүй, туйлын тодорхой зохицуулалттай.
Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1-д “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ” гэж зааснаас үзэхэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч бол Улсын дээд шүүх биш байна.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолоор Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэр гэх ойлголтууд нэг мөр шийдвэрлэгдсэн ба Улсын дээд шүүхийн шийдвэр гэдэгт Улсын дээд шүүх нийт шүүгчдийнхээ хурлаар хэлэлцэж гаргасан тогтоолыг ойлгохоос Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дангаар гаргасан аливаа шийдвэр, албан бичиг хамаарахгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо … Улсын дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана” гэж заасан.
Хэдийгээр эгүүлэн татахыг хуулиар зохицуулаагүй ч гэсэн хууль зүйн үүднээс тайлбарлавал томилох, эгүүлэн татах асуудал яг ижил процедураар явагдана.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх, түүний хараат бус байдлыг хангахыг зорьсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмын хувьд авч үзвэл харин ч Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тохиолдолд Улсын дээд шүүхийн бүх шүүгчид шийдвэр гаргах нь Үндсэн хуульд нийцэх ёстой” гэж үзсэн байна.
Иймд иргэдийн мэдээлэлд дурдсан Улсын дээд шүүхийн шийдвэр гэдгийг юу гэж үзэх талаар Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар ирүүлэхийг Үндсэн хуулийн цэц хүлээж байгаа юм байна.
URL: