“Арабын хавар”-ын таван жилийн ойд
Яг таван жилийн тэртээ “Арабын хавар” гараагаа эхэлсэн. Тэр үед би эх орноо төлөөлөн Каирт Элчин сайдаар ажиллаж байсансан. Тухайн өдөр тэнд болон тэр бүс нутагт ямар үйл явдал өрнөж байв гэдгийг эргэж нягтлав. Миний тэмдэглэлд үлдсэн түүхэн баримтуудаас уншигчдад сонирхуулах зорилгоор дор заримыг нь сийрүүлье.
Египетэд До яамыг золигт гаргах үйл явц шатлан өргөжиж, нэн ноцтой хэмжээнд хүрчээ. Британийн The Times сонины мэдээлснээр бол улсыг аюулаас хамгаалахын 47 чекист шоронгийн хаалга татжээ. Чухал нууц баримт бичгийг устгасан буюу устгахыг завдсан хэрэгт ял асуугдаж байгаа бололтой.
Хүмүүсийг баривчилж эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрчиж байсан баримтууд алга болсон гэнэ. Мөн хэвлэлийнхнийг дарамтлан худалдан авахыг зорьж байсан, утас чагнаж, захидал задалж, шуудан холбоог хянаж байсан баримт ч тэр дотор нь оржээ.
France-Presse агентлагийн мэдээ өөрийн эрхгүй анхаарал татлаа. Тахрирын талбай дээр эмх журам алдагдаж, дахин босч үймжээ. Nile ТВ-ээр ч үзүүлсэн гэж байна. Хоёр хуваагдан талцаж, хутга мэсээр зэвсэглээд үзэлцсэн бололтой. Хувьсгалчид руу хэдэн зуун хүн дайрч, ширүүн тулжээ. Мубаракийн талынхан ба эсрэг талынхан гэсэн хуваагдал оршсоор байгаа юм байна.
Ливиэс зөрчилтэй мэдээ ирсээр байна. Каддафийн хүчнийхэн Аль-Завия хотын төв талбайг эзлэн авчээ. Reuters- ийн мэдээлснээр хотод танк оруулж, мэргэн буудагчдыг далдаас ашигласан ширүүн тулалдаанд босогчид ухарчээ. Тэндхийн эмнэлгийн мэдээгээр бол 40-өөс доошгүй хүн алагджээ. Рас-Лануф хотын орчим байлдаан үргэлжилж байна. Газрын тос юүлдэг Эс- Сидер боомт ажлаа зогсоожээ. Боомтын дэд бүтцийн 80 хувь жагсаалаас гарчээ. Каддафийн агаарын хүчин зогсоо зайгүй бөмбөгдсөөр байна.
Оройны мэдээнүүдийг багцалж үзвэл дараах хоёр мэдээ анхаарал татахаар юм. Эхнийх нь, Египетээс дараах мэдээг Reuters цацсан байна. Нобелийн шагналт эль-Барадей ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх болжээ. Дэвшинэ, болино гэдэг түүний мэдэгдлүүдийн нэг юм болов уу, бүү мэд.
Хэрэв өрсөлдөөд ялбал гадаадад олж авсан хур туршлагаа Египетийн сайн сайхны төлөө зориулна, ядуурлыг арилгахад чиглүүлнэ, юуны өмнө ядуусын хорооллын иргэдтэй ажиллах болно. Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан сарын дотор багтаан явуулах тухай эрх баригч Цэргийн дээд зөвлөлийн шийдвэр бол алдаатай. Энэ зургаан сард ардчилсан сонгууль явуулахад цаг хугацааны талаас хангалтгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж байгаа нь буруу, түүнийг бүр тэгээс нь эхлэн шинээр бичих ёстой хэмээн Барадей ярьжээ.
Хоёр дахь мэдээ. Нэгэнтээ Х.Мубаракийг зайлуулснаас хойш Египет, Ираны хоорондын харилцаа хөгжих хөрс бэлээхэн бүрдлээ гэж Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи үзжээ. Тэрээр Ливаны Аl-Аxbar сонинд ярилцлага өгөхдөө өөдрөг энэ үзлээ илэрхийлжээ.
Иран, Египетийн харилцааг сэргээхэд цорын ганц саад тотгор нь Мубарак болж байсан. Одоо ногоон гэрэл аслаа. Хэрэв Египетийн Гадаад хэргийн яам урих аваас би хойшлуулалгүй Каирт айлчилна гэж ярьжээ.
Ардчилсан хувьсгал нь лалын хувьсгал болж төрөл арилжих магадлал хамгийн өндөр нь Бахрейн
Иран, Египетийн хоорондын дипломат харилцаа 1979 онд Иранд лалын хувьсгал ялж, Ираны шах Мухаммед Резе Пехлеви Египетэд улс төрийн орогнол авч, мөн Египет улс Израильтай (Кэмп- Дэвидийн хэлэлцээр) Энх тайвны гэрээ байгуулснаар тасарсан түүхтэй. Дипломат харилцаагүй даруй 32 дахь жилдээ орж байна.
Лалын шашинт энэ хоёр орны харилцаа бүс нутагт маш чухал нөлөөтэй нь мэдээж. Нөгөө талаасаа Иран нь бүс нутгийн нэг гол тоглогчоор гарч ирэхийн тулд Арабын ертөнцийн хамгийн том Египеттэй харилцаагаа сэргээхээс өөр гарц байхгүй. Шашны ялгаа зөрчил бий. Ираны мусульман хүн амын ихэнх нь шиитүүд, Египетэд бараг тэр чигтээ суннитүүд. Иранд шариат үйлчилдэг, Египетэд Иргэний хууль үйлчилдэг. Шиитүүдээр дамжаад бүс нутагт нөлөөллөө тогтоохоор оролдох вий гэсэн эмзэглэл Египет, Саудын Араб, мөн зарим улсад бий.
Египетийн Гадаад хэргийн шинэ сайд Наби аль-Араби нь Ирантай харилцаа хөгжүүлэх талын хүн гэж зарим эх сурвалж зааж байна. Тэрээр Хаага хотноо Олон улсын шүүхийн шүүгч байхдаа ХАМАС-ын эсрэг хориг тавихгүй байхыг шаардаж байсан, энэ талаар Мубаракийн Засгийн газрыг шүүмжилж байсан гэсэн баримт байна. ХАМАС бол Палестин дахь Ираны гол холбоотон. Тэр утгаар Ираны анхаарлын төвд Египетийн шинэ сайд орж ирсэн болов уу.
Мэдээнүүдийн дараагийн хэсэг нь мэдээж Ливи. Ливийн байдлыг огцом эргүүлж мэдэх зоригтой алхмыг Францын Ерөнхийлөгч Н.Саркози хийснээ зарлажээ. France-Presse агентлагийн мэдээлснээр бол Францын Засгийн газар Бенгази дахь Үндэсний шилжилтийн зөвлөл гэгчийг Ливийн ард түмний цорын ганц хууль ёсны Засгийн газар хэмээн зарлажээ.
Францын Ерөнхийлөгч ганцаараа ийм тоглолт хийгээгүй нь мэдээж. Хууль ёсны статусаа Каддафи алдаж байгааг өмнөхөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдэж байсан. Гэхдээ Үндэсний шилжилтийн зөвлөлийг АНУ хууль ёсных гэж одоогоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Ливийн сөрөг хүчний Засгийн газрыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрснөөрөө тэднээр тусламж хүссэн албан ёсны хүсэлт гаргуулж Ливи рүү олон үндэсний хүчнээр томхон интервенц хийх эхлэлийг арай Саркози тавиагүй байгаа? Каддафийг түргэхэн огцрохыг өчигдөр Саркози, Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон нар уриалан дуудаад байсан нь Францын энэ алхмын угтал байв уу? Ливийн ард түмнийг гай зовлонгоос нь гаргахын тулд Муаммар Каддафи болон түүний бүлгийнхэн зайлах ёстой хэмээн мөн Европын холбооны Ерөнхийлөгч Херман ван Ромпей мэдэгдэж байсан.
Одоо нэгэнтээ Бенгазийн Үндэсний шилжилтийн зөвлөлийг хууль ёсных гэж зарласных дараагийн алхам руугаа Парис, Лондон хоёр шилжинэ. Ливийн агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглох, агаарын орон зайг хаах шийдвэр гаргуулахаар зүтгэнэ. Тэр нь ч дэмжигдэнэ. Ингэснээр Ливийн босогчдод томхон дэмжлэг болно. Ерөөсөө Европын холбоо Бенгазийн дэглэмийг зөвшөөрч таарна.
Нөхцөл байдал өөрийнх нь эсрэг эргээд байхад Муаммар Каддафи өөрийнхөөрөө зүтгэсээр байна. Байлдааны талбарт ялж байгаа нь л түүнд чухал, түүндээ эрэмшээд Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Аблель Жалилын толгойг 500 мянган ливи динараар (410 мянган ам.доллар орчим) үнэлэн, огтолж авчруулах зар тараагаад байна.
Францыг тийнхүү санаачилга гаргасны маргааш буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс Ливитай холбоотой мэдээнүүд сайтуудыг дүүргэжээ. CNN, Al Jazeera net, BBC World, Оросын Lenta. ru өрсөлдөн мэдээлж байна. Хамгийн эхний мэдээ нь Брюссель хотноо Европын холбооны дээд хэмжээний ээлжит бус, яаралтай уулзалт болсон тухай байна. Түүн дээр тус холбооны Ерөнхийлөгч Херман ван Ромпей Бенгази дахь Үндэсний шилжилтийн зөвлөлийг яриа хэлэлцээн дэх хууль ёсны улс төрийн түнш хэмээн шууд зарлажээ. Энэ уулзалт дээр Францын Ерөнхийлөгч Н.Саркози өмнөх байр сууриа нотолж Европын холбоо нь хойшид Муаммар Каддафийг улс төрийн түнш хэмээн үзэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Al Jazeera-гийн мэдээлснээр, Европын холбоог ийнхүү өнөөдөр хуралдаж байх үеэр Эр-Рияд хотноо Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл Гадаад хэргийн сайдын түвшинд хуралдаж хамтарсан мэдэгдэл гаргажээ. Каддафийн дэглэмийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч байснаасаа татгалзаж байгаагаа тэд мэдэгдээд, улмаар Бенгази дахь Үндэсний шилжилтийн зөвлөлтэй харилцаа тогтооход бэлэн байна гэжээ.
Ингэснээрээ Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Оман, Саудын Араб нь Каддафийн дэглэмийг хууль бус гэж үзэх байгааг Al Jazeera.net-ийн мэдээнд тэмдэглэжээ. Ливид өрнөж байгаа байлдааны ажиллагааг зогсоох, үүний тулд тус улсын дотоод хэрэгт оролцож байдлыг хяналтдаа авахыг Арабын улсуудын холбоо, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Булангийн орнууд уриалжээ. Ингэснээр дотоод хэрэгт нь оролцоход араб түншүүд нь ногоон гэрэл асааж өглөө.
Одоо Ливид агаараас онилсон цохилт өгөх асуудал нээлттэй боллоо. Хэрэв Каддафи босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэх юм уу, байлдааны нисэх онгоц хөөргөвөл Франц, Британийн зүгээс агаараас цохилт өгөх асуудлыг авч үзнэ хэмээн Саркози хэлжээ.
Энэ бол Арабын хувьсгал-энэ бол арабчуудын хэрэг, гэсэн ч бид өөр арга хэмжээ авах асуудлыг судалж үзнэ хэмээн нэмж хэлжээ.
Улсынх нь нийслэлд суугаа Ливийн ЭСЯ нь хэнийг ч төлөөлөхгүй гэдэг мэдэгдлийг Европын улсууд хийсээр байна
НҮБ, Арабын улсуудын холбоо, мөн Ливийн босогчид хүсвэл онилсон цохилт хийхэд бэлэн байна хэмээн Д.Камерон, Н.Саркози нар хамтран мэдэгджээ. Улс орных нь нийслэлд суугаа Ливийн ЭСЯ нь хэнийг ч төлөөлөхгүй гэдэг мэдэгдлийг Европын улсууд хийсээр байна. Хамгийн сүүлд энэ жишээг Швед улс давтаж, Стокгольм дахь Ливийн ЭСЯ- ыг хэн ч биш хэмээн зарлажээ.
Al Jazeera.net-ийн бас нэг мэдээ ноцтой юм. Египетийн шинэ эрх баригчид Анвар Садатыг хөнөөхөд оролцсон хоёр жихадистыг (Авуд, Тарек аз-Зомор) шоронгоос суллажээ. А.Садат нь 1981 онд цэргийн парадын үеэр радикал исламистуудын “Жамаа Аль- Исламия” буюу “Ариун Жихад” гэгч нэгдсэн байгууллагынхны гарт хөнөөгдсөн. Түүнийг Израильтай сүжирлээ хэмээн Аллахын нэрийн өмнөөс цээрлүүлсэн. Тэгээд цэргийн төв эмнэлэгт Ерөнхийлөгч А.Садатыг аврах санаатай хагалгаанд оруулаад, цаадхи нь тэнд амьсгал хураасан юм билээ.
Каирт Арабын улсуудын холбооны Гадаад хэргийн сайд нар яаралтай хуралдаж Ливийн байдлыг хэлэлцжээ. Уулзалтын үеэр ярилцсан нэг сэдэв нь Бенгази дахь Үндэсний шилжилтийн зөвлөлтэй харилцаа тогтоох асуудал аж. “Харилцаа тогтоох суваг гарцыг нээх” шийдвэр Арабын улсуудын холбооны Гадаад хэргийн сайд нар гаргасныг холбооны ЕНБД Амр Муса сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний хэлснээс үзвэл Үндэсний шилжилтийн зөвлөлийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах эрх нь Арабын улс орон бүрт бий гэнэ. Ливийн агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглох, агаарын орон зайг хаах шийдвэр гаргуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, Арабын улсуудын холбооны хурлаас уриалжээ. Энэ тухай Al-Arabia сайтаас мэдээлснийг олж уншлаа.
Ливийн сөрөг хүчний Засгийн газрыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрснөөрөө тэднээр тусламж хүссэн албан ёсны хүсэлт гаргуулж Ливи рүү олон үндэсний хүчнээр томхон интервенц хийх бэлтгэл хийгдэж байна гэж дүгнэхээр мэдээ олон байна. Лав сэтгэл зүйн бэлтгэл ид хийгдэж байна. Европын холбооны шийдвэрийг нийтэд танилцуулдаг, зарладаг нэг хүн гарч ирсэн нь Н.Саркози болжээ.
Түүний хэлснээр бол Ливийн нутаг дэвсгэрт ”хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тусгай бүс” байгуулах, тэр бүсээ хамгаалах боломжийг Европын холбоо авч үзэж байна гэнэ. Ливийн хүн амыг зэвсэгт халдлагаас хамгаалах боломжийг судалж үзэхээр тэд шийдвэрлэжээ. Шууд цэргээр хамгаалах талаар Ангела Меркель эргэлзэж, харин Д.Кэмерон Ливид нефтийн хориг тавина гэсэн байна. Муаммар Каддафийг зайлж од гэдэг мэдэгдлийг Европын удирдагчид хоёргүй сэтгэлээр шууд илэрхийлсэн байна. Чанга тод дуугаар бид мэдэгдэж байна хэмээн Ромпей өөрөө хэлжээ.
Бахрейны байдалд дэлхийн улс орнууд, түүний дотор АНУ ихэд сэтгэл түгшиж байгаа юм байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Бахрейнд очиж Ван Халифатай уулзжээ. Бахрейнд АНУ-ын тэнгисийн цэргийн тавдугаар флотын штаб байрладаг, тэгээд ч батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн, Бахрейнтай холбоотны харилцаатай.
Энэ хамтын ажиллагаагаа АНУ хадгалах мөртлөө тус оронд реформ, шинэчлэл хийхийг уриалаад, улс төрийн намуудтай хэлэлцээний ширээнд суухыг эзэн хаанд нь тулгаад байдаг. Ард түмний хүсэл шаардлагыг сонс гээд байгаа бол цаадуул нь шиитийн шашны эрх чөлөөг л шаардаж байгаа, шиитийн шашны гол ивгээгч нь Иран байдаг, гэтэл үүнд Вашингтон тоймтой хариулт өгдөггүй. Ардчилсан хувьсгал нь лалын хувьсгал болж төрөл арилжих магадлал хамгийн өндөр байгаа нь Бахрейн болж таарах болов уу.
Д.Баярхүү /Олон улсын харилцааны түүхч/
URL: