“Женко” Баттулга, “Бидон” Ганбаа, “Мигма” Анхаа

3-10-1_700x700

Сонгуулийн гуравдугаар тойрог болох Баянхонгор аймагт өрсөлдөөн тун их. Тэндэхийн нэр дэвшигчдийг  “Женко” группын  эзэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүлдэг. Хоёр мандаттай тус тойрогт Х.Баттулга гишүүн энэ жилийн сонгуульд АН-аас нэр дэвших  нэг эрхэм бол нөгөөх нь сонгогчдодоо бидон тараадаг Д.Ганбат гишүүн байх болов уу. Баянхонгорчууд шинэ хүн сонгох магадлал өндөр байдгийн бодит жишээ бол өнгөрсөн 2012 оны сонгуулиар гарч ирсэн Д.Ганбат гишүүн юм.

Харин МАН-ын нэр дэвшигчээр УИХ-ын экс гишүүн, Гадаад харилцааны сайд асан, мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, сүүлд АНУ-д сурч, судалгаа хийсэн, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, эрдэмтэн судлаач Г.Занданшатарыг нэрлэж байгаа. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга, Д.Ганбат нарын араас жагссан, өндөр рейтингтэй нэгэн байсан. Сонгуулийн дүн гарахад Г.Занданшатар нийт сонгогчдын 39.72 хувийн санал авч байсан юм. Дээр дурдсан хүмүүс намынхаа нэрийн жагсаалтад орохгүй бол тойрогтоо нэр дэвших болов уу.

Мөн МАН-аас Баянхонгорт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн дунд “Мөнхийн үсэг” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батцэцэгийн нэр дуулдана. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Очирбат хуучин тойрог болох нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бус Баянхонгорт очих сураг байна. Тэрээр тус нутгийн нэртэй эмчийн хүү гэлцдэг. Уг нь Баянхонгорт өмнөх сонгуулиар М.Билэгт гэдэг МАН-ын нэр дэвшигч нэлээд өндөр хувийн  санал авч байсан ч энэ удаад нэр нь дуулдсангүй. Харин “Эм Си Эс”-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очирыг МАН-аас нэр дэвшүүлэхээр ярьж байгаа гэх. Өөрөө ч тус тойрогт нэлээд хүч хаяж эртнээс бэлдэж байгаа гэнэ. Тэгэхээр МАН-ын нэр дэвшигчид нарийн тодроогүй гэсэн үг.

Харин МАХН-аас “Мигма электроникс” компанийн ерөнхий захирал Б.Анхныбаяр нэр дэвших гэнэ. Тэрээр Баянхонгорынх бөгөөд өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байсан. Электроникийн инженер мэргэжилтэй тэрээр улсын шилдэг инженерээр шалгарч байсан удаатай.

ИЗНН-аас “Нар мон” компанийн ерөнхий захирал М.Хүрэлсүх дахин үзэх бололтой. Тэрээр нам нь Засагт хамтрах үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байгаад больсон юм. Бизнес хийдэг М.Хүрэлсүх ИЗНН-ын гол хөрөнгө оруулагч бөгөөд  Улаанбаатарын “Шөнийн зах”-ын эзэн юм билээ. Мөн шүлэг, яруу найраг сонирхдог, дуу зохиодог ч гэдэг.

Ийн Баянхонгор аймагт нэртэй, баян бизнесмэнүүд олонтой сонгууль болох нь. Мөн туршлагатай парламентч, гадаадын их сургуулийн эрдэмтэн судлаач, улс төрд ороод удаагүй залуус ч хүч үзэх бололтой.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих