Сонгууль өгөх 2.4 сая иргэн бүртгэгдээд байна

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар гаргажээ. Тодруулбал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn  цахим   хуудаст санал өгөх насны 2 сая 4048 иргэний мэдээллийг байршуулсан байна. Сонгуулийн насны иргэдийн хувьд дээрх тоо нь  эцсийн тоо биш бөгөөд шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзан нэрийн жагсаалтыг эцэслэж гаргах юм.

Иргэний шилжилт хөдөлгөөний тухайд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Иймд иргэд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжин ирсэн, явсан тухайгаа зайлшгүй бүртгүүлэх ёстой. Түүнчлэн цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум,  хорооны  улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах шаардлагатай юм.

УБСЕГ-аас сонгуулийн насны 2 сая 4048 иргэний тоог нийслэл, аймаг, сумдад хүргүүлсэн бөгөөд уг тоог үндэслэн 21 аймаг, 9 дүүрэг, 332 сумын ИТХ-ын тэргүүлэгчид Монгол Улсын хэмжээнд 2091 сонгуулийн хэсгийг байгуулаад байгаа ажээ.

Нэмж мэдээлэхэд, иргэд https://burtgel.gov.mn цахим хуудаст  хандаж өөрийн регистрийн дугаар, цахим кодыг оруулснаар зөвхөн өөрт холбогдох мэдээллийн үнэн зөвийг шалгаж, тойрог, хэсгийн дугаар, санал өгөх байрны байршлыг мэдэж авах боломжтой юм. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал өөрийн оршин суугаа газрын УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих